Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулж электрон тамхины зохицуулалтыг нарийвчлан тусгах тухай яриад багагүй хугацаа өнгөрч байна. Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Байнгын хорооны хуралдаанд оролцох үеэрээ энэ ажлын явцын талаар мэдээлэл өглөө.
Тэрээр "Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулахаар бусад яамтай хамтран ажиллаж байгаа. Хууль зүй, дотоод хэргийн яам төслөө Засгийн газраар хэлэлцүүлэх зөвшөөрөл олгосон. Одоо татварын асуудлаар Сангийн яамтай зөвшилцөж байгаа. Сангийн яамтай нэгдсэн ойлголтод хүрчихвэл Засгийн газрын хуралдаанд удахгүй оруулна. Би Эрүүл мэндийн сайдын хувьд электрон тамхийг хатуу хориглохоос илүү утаат тамхитай адилхан онцгой албан татвартай болгох нь чухал гэж үзэж байгаа.
Хоёрдугаарт, утаат тамхитай адилхан худалдан борлуулах тодорхой шалгууртай болгож хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна" гэв.