Гадаад валютын албан нөөц хоёрдугаар сард өмнөх сараас 2.5 хувиар өсөв
Зургийг: С.Батсайхан
Гадаад валютын албан нөөц хоёрдугаар сарын байдлаар 4.97 тэрбум ам.доллар хүрч, жилийн өмнөхөөс 46.4 хувиар, өмнөх сараас 2.5 хувиар өссөнийг Монголбанк мэдээлэв. Ерөнхийдөө 2019 оноос хойш гадаад валютын нөөц дээд түвшиндээ хүрээд байна.
Хоёрдугаар сард Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ өмнөх сараас 26.4 хувиар өсжээ. Мөн гадаад худалдааны тэнцэл ашигтай хэвээр байгаа юм. Экспортод нийлүүлсэн бараа, бүтээгдэхүүний 98.6 хувийг валютын төлбөртэй худалдаа эзэлж байгаа аж. Импортын хувьд мөн дийлэнх хэсгийг буюу 97.2 хувийг валютаар хийснийг Гаалийн ерөнхий газрын мэдээллээс харж болохоор байна.
Гадаад валютын нөөц, төлбөрийн тэнцэл зэрэг нэмэгдэхэд нүүрсний экспортын биет хэмжээ өсөж байгаа, хэрэглээний бүтээгдэхүүний импортын өсөлт саарсан зэрэг нөлөөлж байгааг Монголбанк мэдээлж байв.
Түүнчлэн БНХАУ-ын дефляцын эрсдэл, үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт зэрэг эрсдэлүүд хэвээр байгаа юм. Энэ нь Монгол Улсын экспортын гол нэрийн бараа болох эрдэс бүтээгдэхүүний үнэ буурах эрсдэлийг дагуулж буй нь төлбөрийн тэнцлийн алдагдал тэлэх, гадаад валютын нөөц буурах, төсвийн орлого төлөвлөгөөнөөс дутах зэрэг эдийн засгийн хүндрэлүүдийг үүсгэж болзошгүй байна.
Эх сурвалж:https://www.bloombergtv.mn/news/h1x183