"Интермед" эмнэлэг Энэтхэгийн “Марэнго CIMS” эмнэлэгтэй гурван жилийн хугацаатай, хамтран ажиллах санамж бичиг байгуулав.
“Интермед” эмнэлгийн Ерөнхийлөгч Т.Болормаа “Бид Марэнго группийн эмнэлэгтэй зүрх судасны тусламж үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах боллоо. Манай эмнэлгийн хүний нөөцийг чадавхжуулна. Бидний хамтран ажиллах эмнэлэг нь JCI олон улсын магадлан итгэмжлэлтэй.
Бид хамтран ажилласнаар манай тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал сайжирна. Яагаад Энэтхэгийн мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах болов гэхээр дэлхийд эмнэл зүйн оношилгоо эмчилгээний ур чадвар, туршлагаараа энэтхэг эмч нар хүлээн зөвшөөрөгдсөн. Монгол, энэтхэг улсууд хөгжиж буй улсууд гэдгээрээ адил. Хязгаарлагдмал нөхцөл байдалд энэтхэгүүд дэлхийн дээд түвшний эмнэлгүүдтэй нэг түвшинд очиж, маш үр дүнтэй ажиллаж байна. Дэлхийн түвшний тусламж үйлчилгээний үр дүнг хязгаарлагдмал нөөцийн орчинд яаж зохион байгуулж, хамгийн үр дүнтэйгээр тусламж үйлчилгээг иргэдэд хүргэж байгаагаас бид суралцана.
Монголд төдийгүй дэлхийд зүрх судасны өвчлөл нас баралтын тэргүүлэх чиглэлд байна. Иймд эрүүл мэндийн нийт зардлын томоохон хувийг эзэлдэг. Энэ өвчин иргэдийн, цаашлаад улс орны бүтээмжид сөргөөр нөлөөлдөг. Бид улсын эмнэлгүүдийн зүрх судасны өвчин эмгэгийн ачааллыг хуваалцах, шинэ технологи нэвтрүүлэх зорилготой. Үүний тулд мэргэжлийн багийнхаа чадавхыг бэхжүүлнэ” гэв.
Эрүүл мэндийн салбарын технологи байнга шинэчлэгдэж байдаг. Эдгээрийг цаг алдалгүй нэвтрүүлж, тусламж үйлчилгээний чанараа нэмэхэд "Интермед" эмнэлгийнхэн ихээхэн анхаардаг байна.
Тус эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн захирал А.Саранбаатар “Бидний хувьд томоохон үйл явдал тохиолоо. “Марэнго” групптэй хамтран Монголд дэлхийн жишигт нийцсэн, тусламж үйлчилгээний төв байгуулахаар зорьж байна. Мөн эмч мэргэжилтнүүдээ сургана. Энэтхэгийн эрүүл мэндийн боловсролын тогтолцоо сайн хөгжсөн. Хүн ам ихтэй, зүрх судасны өвчлөл ихтэй улс тул эмч нар ихээхэн туршлагатай” гэсэн юм.
"Интермед" эмнэлгийн Зүрх судасны тасагт найман эмч ажиллаж, ерөнхий мэргэжлийн үзлэг, титэм судасны дотуур эмчилгээ, зүрхний оношилгоо эмчилгээг цогц байдлаар үзүүлж байна.
“Марэнго CIMS” эмнэлгийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал, доктор Раажив Сингхал “Би Улаанбаатар хотод ирсэндээ баяртай байна. Бид таван хотод 1700 орноос бүрдсэн зургаан эмнэлэгтэй. Бидний зорилго бол "Интермед" эмнэлгийг энэ бүс нутагт зүрх судасны салбарт тэргүүлэгч болгох юм.
Надтай хамт энэ төсөлд гар бие оролцож байгаа, зүрх судасны, зүрхний мэс заслын манай шилдэг эмч нар ирсэн. Зүрх судасны нарийн эмгэгтэй хүмүүс Монголоос гадагшаа эмчилгээ, хагалгаанд явдаггүй байхын тулд эмч нарыг сургах ёстой. Энэ хамтын ажиллагааны хүрээнд тодорхой хугацааны дараа зүрх шилжүүлэн суулгах зэрэг маш том хагалгааг хийх түвшинд "Интермед" эмнэлэг хүрэх хүртэл хамтдаа хүчин чармайлт гаргана.
Зүрх судасны эмгэгт цар тахлын дараа залуу үеийнхэн өртөх нь ихсэв.Тиймээс бидний зорилго бол хүний амь насыг аврах, энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах” гэв.
Тус эмнэлгийнхэн анх Монголд ирэхдээ "Интермед"-ээс гадна олон эмнэлгийн төлөөлөлтэй уулзжээ. Шинэ зүйл хийхийг хүссэн, зүрх судасны эмгэг судлалын салбарт тэргүүлэгч болох төлөвлөгөө мөрөөдөл, үйлчлүүлэгчийн төлөө бүх зүйлийг хийнэ гэсэн эрхэм зорилго, алсын хараа зэргийг харгалзан тэд "Интермед" эмнэлэгтэй хамтран ажиллахаар шийджээ.
Мөн энэ төсөл дээр голлон ажиллаж буй Энэтхэгийн AHMEDABAD эмнэлэг гурван удаа JCI-ийн магадлан итгэмжлэл авсан бол "Интермед" мөн гурван удаа JCI-аас магадлан итгэмжлэгджээ. Аль аль тал чанар болон чанарын соёл нь эмнэлзүйн үр дүнд хэр чухал болохыг ойлгодог тул агаар нэг орчинд хамтран ажиллана гэж үзсэн байна.
"Global Care Consulting" компанийн Олон улсын төсөл хариуцсан дарга Жёоти Мехта “Бид эрүүл мэндийн үйлчилгээг олон улсын хэмжээнд өргөжүүлэх, эмнэлэг, эмнэлзүйн урсгал коридорууд байгуулах чиглэлээр мэргэшсэн.
Манай байгууллага “Марэнго CIMS”, "Интермед" эмнэлгийг холбож, Монголын эрүүл мэндийн салбарын хөгжилд эергээр нөлөөлсөн гэж найдаж байна. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний дэлхийн экосистемийг бий болгох зорилготой зөвлөх компанийн хувьд үлгэр жишээ эмнэлгүүдтэй хамтран ажиллаж байгаадаа бахархаж байна” гэв.