Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2024 оны онцлох хүүхдүүдэд шагнал гардууллаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 14 мега төсөлд багтсан стратегийн ач холбогдолтой төслүүдээ УИХ-ын даргад өргөн барилаа Стратегийн ач холбогдолтой Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам, Монгол, Францын хамтарсан ураны төслөө УИХ-д өргөн барина Нийслэлийн төсөвт 2025 онд 3,856.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр баталлаа ЧД-ийн 17 дугаар хорооны 30 цэгт 125 ширхэг камер суурилууллаа Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Алслагдсан бүсийн 6 сумын ЕБС-д цахим тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийж болзошгүй байршлууд Ахмад настны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ Хүнсний бүтээгдэхүүний пестицидийн үлдэгдэл 12 төрлийг илрүүлдэг байсан бол 221-ийг илрүүлдэг болжээ
Нэр дэвшигч болон намд иргэн 10-30 сая хүртэл хандив өгч болно

Сонгуулийн Ерөнхий хороо энэ сарын 9-ний өдрийн хуралдаанаар УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааны цаг хугацааны хуваарийг батлан гаргасан байна.

Нэг. СОНГУУЛИЙН ТОЙРОГ, ХЭСЭГ

1. Сонгууль товлон зарлах, санал авах өдөр тогтоох нь.

УИХ ээлжит сонгуулийг сонгуулийн жилийн хоёрдугаар сарын нэгний өдрөөс өмнө товлон зарлаж, санал авах өдрийг тогтооно. /2024 оны хоёрдугаар сарын 1-нээс өмнө/

2. Сонгуулийн тойрог байгуулах, мандатын тоо, тойргийн төвийг тогтоох

УИХ ээлжит сонгуулийн жилийн хоёрдугаар сарын нэгний өдрөөс өмнө сонгуулийн тойргийг байгуулна. Сонгуулийн тойргийг байгуулахдаа аймаг, дүүргийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, газар нутгийн хэмжээ, байршил зэргийг харгалзан байгуулж, тойрогт ногдох мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтооно. Сонгуулийн нэг тойрогт хоёр ба хэд хэдэн аймаг, дүүрэг багтаж байвал аль олон сонгогчтой аймаг, дүүргийн сонгуулийн хороо нь тухайн тойрог дахь сонгуулийн зохион байгуулалтын ажлыг хариуцна. /2024 оны хоёрдугаар сарын 1-нээс өмнө/

3. Сонгуулийн хэсэг байгуулах

Сонгогчдын санал авч, тоолох зорилгоор сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал сонгуулийн хэсгийг ээлжит сонгуулийн жилийн 03 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө байгуулж, хэсгийн нутаг дэвсгэрийг зарлана. /2024 оны гуравдугаар сарын 1-нээс өмнө/

4. Сонгуулийн хэсгийн талаарх мэдээллийг хүргүүлэх

Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал сонгуулийн хэсгийг байгуулсан өдрөөс хойш гурав хоногийн дотор хуулийн 13.1-д заасан мэдээллийг улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь газар, хэлтэст хүргүүлнэ. /2024 оны гуравдугаар сарын 3-ны дотор/

Улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь газар, хэлтэс хуулийн 13.6-д заасан мэдээллийг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд нэгтгэн гурав хоногийн дотор улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ. /2024 оны гуравдугаар сарын 6-ны дотор/

ХОЁР.СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГА

5. Сонгуулийн байгууллагын удирдлага

Сонгуулийг улсын хэмжээнд Сонгуулийн ерөнхий хороо удирдан зохион байгуулж, аймаг, сум, нийслэл, дүүргийн сонгуулийн болон хэсгийн хороо, гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах төв болон салбар комиссыг нэгдсэн удирдлагаар хангаж ажиллана. /Сонгуулийн үйл ажилгааны туршид/

6. Аймаг, нийслэлийн сонгуулийн хороог байгуулах

Сонгуулийн Ерөнхий хороо санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө аймаг, нийслэлийн сонгуулийн хороог тухайн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ирүүлсэн саналыг харгалзан дарга, нарийн бичгийн дарга болон тав, эсхүл долоон гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, нийтэд мэдээлнэ. Сонгуулийн нэг тойрогт хоёр ба хэд хэдэн аймаг, дүүрэг багтаж байвал аль олон сонгогчтой аймаг, дүүргийн сонгуулийн хороо нь тухайн тойрог дахь сонгуулийн зохион байгуулалтын ажлыг хариуцна. /2024 оны дөрөвдүгээр сарын 19-нөөс өмнө/

7. Сум, дүүргийн сонгуулийн хороог байгуулах

Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо нь сум, дүүргийн сонгуулийн хороог санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө тухайн сум, дүүргийн ИТХ-аас ирүүлсэн саналыг харгалзан дарга, нарийн бичгийн дарга болон гурав эсхүл таван гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд нийтэд мэдээлнэ. /2024 оны дөрөвдүгээр сарын 29-нөөс өмнө/

8. Хэсгийн хороог байгуулах

Сум, дүүргийн сонгуулийн хороо хэсгийн хороог санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө дарга болон зургаа, эсхүл найман гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд нийтэд мэдээлнэ. /2024 оны тавдугаар сарын 14-нөөс өмнө/

9. Төв комисс байгуулах

Сонгуулийн ерөнхий хороо гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг харгалзан гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, хяналт тавих үүрэг бүхий төв комиссыг гадаадад санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө дарга, нарийн бичгийн дарга болон ес, эсхүл арван гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулна. /2024 оны дөрөвдүгээр сарын 21-нээс өмнө/

10. Салбар комисс байгуулах

Төв комисс нь салбар комиссыг гадаадад санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө дарга болон хоёр, эсхүл дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэйгээр Дипломат төлөөлөгчийн газрын дэргэд байгуулна. /2024 оны тавдугаар сарын 6-наас өмнө/

ГУРАВ.СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТ

11. Иргэний шилжилт, хөдөлгөөнийг зогсоох

Иргэний шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ. /2024 оны дөрөвдүгээр 29-нөөс эхлэн зогсоож, 2024 оны зургаадугаар сарын 29-нөөс сэргээнэ/

12. Сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим хуудаст байршуулах

Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа сонгуулийн эрх бүхий иргэний эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, нас, хүйс, иргэний бүртгэлийн дугаар, байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн мэдээллийг аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хороогоор болон хэсэг нэг бүрээр нэгтгэн гаргах бөгөөд уг жагсаалтыг ээлжит сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс эхэлж, сонгууль дуустал өөрийн цахим хуудсанд байршуулна. /2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс 2024 оны зургаадугаар сарын 28-ныг дуустал/

13. Эрх бүхий байгууллагууд сонгуулийн насны иргэдийн мэдээллийг цаасан болон цахим хэлбэрээр хүргүүлэх

Доор дурдсан байгууллага дараах иргэний эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, иргэний бүртгэлийн дугаар, төрсөн он, сар, өдөр, хүйс, бусад шаардлагатай мэдээллийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ээлжит сонгуулийн жилийн 05 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө цаасан болон цахим хэлбэрээр хүргүүлнэ:

-Эрх зүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон сонгуулийн насны иргэдийн мэдээллийг Улсын дээд шүүх;

-Хорих ял эдэлж байгаа болон эрүүгийн хэрэгт холбогдуулан баривчлагдсан сонгуулийн насны иргэдийн мэдээллийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага;

-Жар түүнээс дээш хоногийн хугацаагаар гадаад улсад зорчсон иргэдийн мэдээллийг Улсын хил хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага;

-Тухайн сум, дүүргийн нутаг дэвсгэрт байнга оршин суух газрын хаягийн бүртгэлгүй боловч санал авах өдөр харьяа тусгай анги, салбарт нь алба хааж байгаа алба хаагч болон ажилтны мэдээллийг Улсын хил хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага;

-Тухайн сум, дүүргийн нутаг дэвсгэрт байнга оршин суух газрын хаягийн бүртгэлгүй боловч санал авах өдөр зэвсэгт хүчний цэргийн анги, нэгтгэлд алба хааж байгаа алба хаагч болон ажилтны мэдээллийг батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;

-Тухайн сум, дүүргийн нутаг дэвсгэрт байнга оршин суух газрын хаягийн бүртгэлгүй боловч тухайн нутаг дэвсгэрт ажиллаж байгаа цагдаагийн алба хаагч, дотоодын цэргийн анги, нэгтгэлд алба хааж байгаа алба хаагч болон ажилтны мэдээллийг цагдаагийн төв байгууллага;

-Тухайн жилд Монгол Улсын харьяат болсон, иргэний харьяаллаа сэргээн тогтоолгосон, харьяатаас гарсан иргэдийн мэдээллийг гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага. /2024 оны тавдугаар сарын 1-нээс өмнө/

14. Сонгогчдын нэрийн жагсаалтыг хэсгийн хороонд хүргүүлэх

Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хуулийн 20.4-т заасны дагуу цахим хуудсанд байршуулсан сонгогчдын нэрийн жагсаалтад дараах өөрчлөлтийг тусган уг жагсаалтыг цаасан болон цахим хэлбэрээр үйлдэж, цаасан хэлбэрээр үйлдсэн сонгогчдын нэрийн жагсаалтыг санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь газар, хэлтсээр дамжуулан хэсгийн хороонд хүргүүлнэ.

-Сонгогчоос хуулийн 20.4-т заасан сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй, эсхүл буруу бүртгэгдсэн талаар гаргасан гомдлын дагуу оруулсан өөрчлөлт;

-Хуулийн 25 дугаар зүйлд заасан хугацаанаас өмнө хийгдсэн сонгогчийн байнга оршин суугаа газрын хаягийн өөрчлөлт;

сонгогчийн эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, хүйс, зэрэг иргэний бүртгэлтэй холбоотой өөрчлөлт;

-Нас барсан иргэний улсын бүртгэлтэй холбоотой өөрчлөлт;

-Хуулийн 20.6-д заасан иргэдийн мэдээлэлтэй холбоотой өөрчлөлт. /2024 оны зургаадугаар сарын 3-наас өмнө/

Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хуулийн 20.9-д заасан хугацаанд хүргүүлсэн сонгогчдын нэрийн жагсаалтад хуулийн 20.9.1, 20.9.3, 20.9.4, 20.9.5 дахь заалт, 23, 24 дүгээр зүйлд заасан үндэслэлээр оруулсан өөрчлөлт, гадаад улсад саналаа өгсөн сонгогчдын өөрчлөлтийг тусгаж сонгогчдын нэрийн жагсаалтыг санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь газар, хэлтсээр дамжуулан хэсгийн хороонд хүргүүлнэ. /2024 оны зургаадугаар сарын 25-наас өмнө/

15. Сонгогч нэрийн жагсаалтын мэдээлэлтэй танилцах

Хэсгийн хороо сонгогчдын нэрийн жагсаалтыг хүлээн авсан өдрөөс эхлэн өөрийн ажиллах байранд, өөрийн ажиллах байргүй бол сум, хорооны ЗДТГ-ын байранд итгэмжлэгдсэн ажилтныг ажиллуулж, сонгогчдод өөрийн болон өөрийн байнга оршин суугаа хаягийн бүртгэлд бүртгэгдсэн нийт сонгогчийн мэдээлэлтэй чөлөөтэй танилцах боломж олгоно. /Хүлээн авсан өдрөөс эхлэн/

16. Сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим хэлбэрээр олгох

Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийг төлөөлөх эрх бүхий этгээдийн хүсэлтийн дагуу хуулийн 20.9-т заасан сонгогчдын нэрийн жагсаалтын сонгогчдын эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, иргэний бүртгэлийн дугаар, байнга оршин суугаа газрын хаяг бүхий хэсгийг санал авах өдрөөс 20-иос доошгүй хоногийн өмнө болон санал авах өдрөөс 3 хоногийн өмнө тус тус цахим хэлбэрээр олгоно. /2024 оны зургаадугаар сарын 8, 2024 оны зургаадугаар сарын 25-ны өдөр/

17. Сонгогч нэрийн жагсаалтад бүртгэлтэй эсэхээ шалгах, сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой гомдол гаргах

Сонгогч сонгогчдын нэрийн жагсаалт дахь өөрийн болон гэр бүлийн гишүүний мэдээлэлтэй танилцах эрхтэй бөгөөд сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй, эсхүл буруу бүртгэгдсэн бол өөрийн болон гэр бүлийн гишүүний нэрийн өмнөөс гомдлоо итгэмжлэгдсэн ажилтан, эсхүл улсын бүртгэлийн байгууллагад санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө бичгээр болон цахимаар гаргана. /2024 оны зургаадугаар сарын 14-нөөс өмнө/

Сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө шалгасан байвал зохино. /2024 оны зургаадугаар сарын 14-нөөс өмнө/

18. Сонгогчийн шилжилт хийх, бүртгүүлэх

Дараах сонгогчийн шилжилтийг хийх, бүртгэхдээ тухайн байгууллагынх нь албан бичгийг үндэслэн санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө шийдвэрлэнэ.

-Сонгуулийн байгууллагын ажилтан;

-Иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан;

-Мэдээллийн технологийн багийн гишүүн;

-Мэдээллийн технологийн даамал;

-Санал авах байр болон сонгуулийн ажиллагааны аюулгүй байдлыг хангахаар ажиллаж байгаа цагдаагийн албан хаагч. /2024 оны зургаадугаар сарын 14-нөөс өмнө/

Дараах сонгогч сонгуулийн нэг хэсгээс нөгөө хэсэгт шилжих бол санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө сонгогчийн шилжилтийг хийлгэж болно.

-Нэр дэвшигч;

-Нэр дэвшигчийн менежер;

-Шадар туслагч. /2024 оны зургаадугаар сарын 14-нөөс өмнө/

19. Сонгогчийн мэдээлэлтэй холбоотой өөрчлөлтийг тусгах

Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санг үндэслэн хуулийн 23.1-д заасны дагуу гомдол гаргасан иргэний мэдээллийн талаар болон иргэний улсын бүртгэлтэй холбоотой өөрчлөлтийн талаар лавлагаа гаргах ба сонгогчийн мэдээлэлтэй холбогдсон өөрчлөлтийг санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө сонгогчдын нэрийн жагсаалтад оруулна. /2024 оны зургаадугаар сарын 25-наас өмнө/

20. Гадаад улсад байгаа иргэд сонгуульд оролцохоо илэрхийлж, бүртгүүлэх

Гадаад улсад байгаа иргэн гадаадад санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө сонгуульд оролцохоо мэдэгдэж, бүртгүүлнэ. Сонгогч өөрийн байгаа улсын Дипломат төлөөлөгчийн газарт утас, цахим шуудан, факсаар эсхүл биечлэн очиж сонгуульд оролцохоо мэдэгдэж, бүртгүүлнэ. /2024 оны зургаадугаар сарын 15-наас өмнө/

ДӨРӨВ. НАМ, ЭВСЭЛ, НЭР ДЭВШИГЧИЙН БҮРТГЭЛ

21. Нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх

Нам, эвсэл Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, сонгуульд оролцох тухай зөвхөн нэг хүсэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ. /2024 оны дөрөвдүгээр сарын 26, 27, 28-ны өдөр/

22. Нам эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах

Сонгуулийн ерөнхий хороо сонгуульд оролцох тухай нам, эвслийн баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргана. /Хүлээн авснаас хойш тав хоногийн дотор/

23. Нэр дэвшүүлэх ажиллагаа

Сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана. /2024 оны тавдугаар сарын 14-нөөс 2024 оны тавдугаар сарын 20-ныг дуустал/

Бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана. /2024 оны тавдугаар сарын 14-нөөс 2024 оны тавдугаар сарын 20-ныг дуустал/

24. Нэр дэвшигчид хөрөнгө орлогын мэдүүлгээ мэдүүлэх

Нэр дэвшигч хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа дууссанаас хойш гурав хоногт багтаан нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газарт мэдүүлнэ. Авлигын эсрэг хуульд заасны дагуу хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргасан этгээд хамаарахгүй. /2024 оны тавдугаар сарын 23-ны дотор/

25. Хөрөнгө орлогын мэдүүлгийн талаарх лавлагааг хүргүүлэх

Авлигатай тэмцэх газар нь нийт нэр дэвшигчид хөрөнгө орлогын мэдүүлгээ мэдүүлсэн эсэх талаарх лавлагааг хуулийн 32.4-т заасан хугацаа дууссанаас хойш нэг хоногийн дотор Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ. /2024 оны тавдугаар сарын 24-ний дотор/

26. Нэр дэвшигчдийн баримт бичгийг ирүүлэх

Нэр дэвшүүлсэн нам, эвсэл нь нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх хуульд заасан хугацаа дууссан өдрөөс хойш тав хоногт багтаан баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ. /2024 оны тавдугаар сарын 25-ны дотор/

Бие даан нэрээ дэвшүүлэгч нь бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагааны талаарх хуульд заасан хугацаа дууссан өдрөөс хойш тав хоногт багтаан баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ. /2024 оны тавдугаар сарын 25-ны дотор/

27. Нэр дэвшигчийг бүртгэх эсэхийг шийдвэрлэх

Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авах хугацаа дууссанаас долоо хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж, тогтоол гаргана. /2024 оны зургаадугаар сарын 1-ний дотор/

28. Дахин бүртгүүлэх, нөхөн нэр дэвшүүлэх

Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тохиолдолд санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө зөрчлийг арилгасны үндсэн дээр дахин бүртгүүлэхээр шаардагдах баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлж болно. Дараах тохиолдолд санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө өөр хүнийг нөхөн нэр дэвшүүлж болно. /2024 оны зургаадугаар сарын 3-наас өмнө/

-Нэр дэвшигч нас барсан;

-Нэр дэвшигч шүүхээр ял шийтгүүлсэн.

29. Нэр дэвшигчийг дахин, нөхөн бүртгэх эсэхийг шийдвэрлэх

Сонгуулийн ерөнхий хороо дахин бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийг хүлээн авч, хуулийн 32.12-т заасан хугацаанаас өмнө бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ. /2024 оны зургаадугаар сарын 10-наас өмнө/

30. Сонгуулийн ерөнхий хороо нөхөн нэр дэвшүүлэхээр ирүүлсэн баримт бичгийг хүлээн авч, хуулийн 32.12-т заасан хугацаанаас өмнө бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ. /2024 оны зургаадугаар сарын 10-наас өмнө/

31. Нэр дэвшигчийн үнэмлэх олгох, нийтэд мэдээлэх

Нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гарсан бол Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 18 хоногийн өмнө нэг өдөр олгож, нийтэд мэдээлнэ. /2024 оны зургаадугаар сарын 10-ны өдөр/

32. Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг нээлттэй байршуулах

Нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлэн Авлигатай тэмцэх газар нэр дэвшигчээр бүртгэгдсэн нийт нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг өөрийн байгууллагын цахим мэдээллийн сүлжээнд нээлттэйгээр байршуулна. /2024 оны зургаадугаар сарын 10-наас эхлэн/

ТАВ.СОНГУУЛИЙН МӨРИЙН ХӨТӨЛБӨР, СУРТАЛЧИЛГААТАВ.СОНГУУЛИЙН МӨРИЙН ХӨТӨЛБӨР, СУРТАЛЧИЛГАА

32. Мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргуулахаар хүргүүлэх

Сонгуулийн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын дээд байгууллагад дараах хугацаанд хүргүүлнэ.

-Нам, эвсэл нь ээлжит сонгуулийн жилийн гуравдугаар сарын 25-ны өдрөөс өмнө,

-Бие даан нэр дэвшигч нь ээлжит сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын 25-ны өдрөөс өмнө,

33. Хандивын тайландаа дүгнэлт гаргуулахаар хүргүүлэх

Нам, эвсэл болон бие даан нэр дэвшигч нь ээлжит сонгуулийн жилийн 4 дүгээр сарын эхний долоо хоногт багтаан хуулийн 38.13-т заасан хандивын тайландаа дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ. /2024 оны дөрөвдүгээр сарын 7-ны дотор/

34. Мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргуулахаар дахин хүргүүлэх

Нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөр нь хуульд заасан шаардлага хангаагүй гэсэн дүгнэлт гарсан тохиолдолд тав хоногийн дотор зөрчлийг арилгасны үндсэн дээр дахин гаргуулахаар хүргүүлнэ. /Дүгнэлт гарснаас хойш 5 хоногийн дотор/

35. Нам, эвслийн мөрийн хөтөлбөр болон хандивын тайланд хийсэн дүгнэлтийг хүргүүлэх

Төрийн аудитын дээд байгууллага нам, эвслийн мөрийн хөтөлбөр болон хандивын тайланд хийсэн дүгнэлтийг санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ. /2024 оны дөрөвдүгээр сарын 29-нөөс өмнө/

36. Зурагт самбар байрлуулах байршлыг тогтоож, нийтэд мэдээлэх

Зурагт самбарыг нийтийн эзэмшлийн гудамж, талбай, олон нийтийн газарт үнэ төлбөргүйгээр байрлуулах байршлыг тухайн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө тогтоож, нийтэд мэдээлнэ.

/2024 оны дөрөвдүгээр сарын 29-нөөс өмнө/

37. Бие даан нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийн дүгнэлтийг хүргүүлэх

Төрийн аудитын дээд байгууллага нь бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр энэ хуульд заасан шаардлагад нийцэж байгаа эсэх талаарх дүгнэлтийг санал авах өдрөөс 33-аас доошгүй хоногийн өмнө гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ. /2024 оны тавдугаар сарын 26-наас өмнө/

38. Радио, телевиз сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлэх

Олон нийтийн радио, телевизээс бусад радио, телевиз сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлэг нэвтрүүлэх бол сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг хуульд заасан холбогдох баримт бичиг, мэдээллийн хамт Харилцаа холбооны зохицуулах хороонд санал авах өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө хүргүүлж, бүртгүүлнэ. /2024 оны тавдугаар сарын 29-нөөс өмнө/

39. Сурталчилгааны төлбөргүй нэвтрүүлгийн хуваарь, цаг батлах

Харилцаа холбооны зохицуулах хороо радио, телевизээс олон нийтийн ирүүлсэн сурталчилгааны болон мэтгэлцээний төлбөргүй нэвтрүүлгийн хуваарь, цагийн талаарх саналыг хянан үзэж, сурталчилгааны болон мэтгэлцээний нэвтрүүлгийн хуваарь, цагийг тэнцүү байхаар тооцож сурталчилгаа эхлэхээс долоогоос доошгүй хоногийн өмнө батална. /2024 оны зургаадугаар сарын 3-наас өмнө/

40. Сонгуулийн мөрийн хөтөлбөр, хандивын тайлангийн талаарх дүгнэлтийг цахим хуудаст нээлттэй байршуулах

Төрийн аудитын дээд байгууллага нь хуулийн 38.13-т заасан тайлан, сонгуулийн мөрийн хөтөлбөр болон түүнд хийсэн дүгнэлтийг санал авах өдрөөс 18 хоногийн өмнөөс эхлэн хуульд заасны дагуу нам, эвсэл болон бие даан нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлангаа хүргүүлэх өдрийг дуустал өөрийн байгууллагын цахим хуудаст нээлттэйгээр байршуулна. /2024 оны зургаадугаар сарын 10-наас эхлэн 2024 оны наймдугаар сарын 12-ныг дуустал/

41. Сонгуулийн сурталчилгааг эхлүүлэх, зогсоох

Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсооно. /2024 оны зургаадугаар сарын 10-наас эхлэн 2024 оны зургаадугаар сарын 26-ныг дуустал/

42. Сонгуулийн сурталчилгаа явуулах цахим хуудсыг бүртгүүлэх

Нэр дэвшигч хуулийн 47.1.1, 47.1.2-т заасан цахим хуудсыг сонгуулийн сурталчилгаанд ашиглах тохиолдолд цахим хуудсыг нэр дэвшигчийн үнэмлэх авсан өдрөөс хойш гурав хоногийн дотор тухайн аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд бүртгүүлнэ. /2024 оны зургаадугаар сарын 13-ны дотор/

43. Сурталчилгаа явуулсан тайланг нийтэд мэдээлэх, эрх бүхий байгууллагад хүргүүлэх

Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио, телевизийн үйлчилгээ эрхлэгч байгууллага сурталчилгаа дууссанаас хойш 10 хоногийн дотор сурталчилгаа явуулсан талаарх тайланг нийтэд мэдээлнэ.  /2024 оны долоодугаар сарын 7-ны дотор/

Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио, телевиз нь хуулийн 39.5-д заасны дагуу нийтэд мэдээлсэн тайланг шударга өрсөлдөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад нийтэд мэдээлснээс хойш ажлын 5 өдрийн дотор хүргүүлнэ. /2024 оны долоодугаар сарын 17-ны дотор/

44. Сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан бүртгүүлэх

Нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтны үнэмлэх авах хүсэлтийг тухайн нам эвслийг бүртгэсэн тухай шийдвэр гарснаас хойш сонгуулийн сурталчилгаа дуусахаас 2 хоногийн өмнөх өдрийг хүртэлх хугацаанд дараах байдлаар хүргүүлнэ.

-Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтны үнэмлэх авах тухай хүсэлтийг Сонгуулийн ерөнхий хороонд;

-Аймаг, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтны үнэмлэх авах тухай хүсэлтийг аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд;

-Сум, дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтны үнэмлэх авах тухай хүсэлтийг сум, дүүргийн сонгуулийн хороонд /2024 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс 2024 оны зургаадугаар сарын 24-нийг дуустал/

45. Нэр дэвшигчийн менежер, шадар туслагч, ухуулагчаар бүртгүүлэх

Нэр дэвшигчийн менежер, шадар туслагч, ухуулагчийн үнэмлэх авах хүсэлтийг тухайн нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш сонгуулийн сурталчилгаа дуусахаас 2 хоногийн өмнөх өдрийг хүртэлх хугацаанд дараах байдлаар хүргүүлнэ.

-Нэр дэвшигчийн менежерийн үнэмлэх авах хүсэлтийг тойргийн төв-аймгийн сонгуулийн хороонд,

-Шадар  туслагчийн үнэмлэхийг аймаг, нийслэлийн сонгуулийн хороо,

-Ухуулагчийн үнэмлэхийг сум, дүүргийн сонгуулийн хороонд /2024 оны зургаадугаар сарын 2-ны өдрөөс 2024 оны зургаадугаар сарын 24-нийг дуустал/

46. Ажиглагч бүртгүүлэх, үнэмлэх олгох

Ажиглагч томилох эрх бүхий этгээд ажиглагч ажиллуулах, бүртгүүлэх хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан журмын дагуу бичгээр гаргаж, санал авах өдрөөс долоогоос доошгүй хоногийн өмнө хэсгийн хороонд

хүргүүлнэ. /2024 оны зургаадугаар сарын 21-нээс өмнө/

Хэсгийн хороо хүсэлтийг хүлээн авч нягтлан шалгаж, санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө ажиглагчийн үнэмлэх олгоно.  /2024 оны зургаадугаар сарын 23-наас өмнө/

Ажиглагч томилох эрх бүхий этгээд гадаад улсад байгаа сонгогчдоос санал авах ажиллагаанд ажиглагч томилох бол энэ тухай хүсэлтээ төв коммист гадаадад санал авах өдрөөс долоогоос доошгүй хоногийн өмнө хүргүүлнэ. /2024 оны зургаадугаар сарын 13-наас өмнө/

Төв комисс нь гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажиллагааг ажиглахаар томилогдсон ажиглагчийн мэдээллийг холбогдох салбар комисст хүргүүлэх бөгөөд ажиглагч нь гадаадад санал авах өдрөөс өмнө салбар комисст бүртгүүлж, ажиглагчийн үнэмлэх авна. /2024 оны зургаадугаар сарын 20-ноос өмнө/

ЗУРГАА. САНАЛ АВАХ, ДҮН ГАРГАХ

47. Санал авах өдөр, цаг, байрыг нийтэд мэдээлэх

Хэсгийн хороо нь санал авах байрын дугаар, нэр, хаяг, байршил, орчин тойрны зураглалыг 14 хоногийн турш нийтэд зарлан мэдээлнэ. /2024 оны зургаадугаар сарын 15-наас эхлэн санал авах өдрийг дуустал/

Салбар комисс нь санал авах өдөр, цаг, байрыг санал авах өдөр хүртэлх хугацаанд гадаад улсад байгаа сонгогчдод зарлан мэдээлнэ. /2024 оны зургаадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн/

28. Санал авах байрыг бэлтгэх

Тухайн хэсгийн харьяалагдах сум, дүүргийн Засаг дарга Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан зааврын дагуу санал авахад шаардлагатай зүйлийг санал авах өдрөөс долоогоос доошгүй хоногийн өмнө бэлэн болгох үүрэгтэй. /2024 оны зургаадугаар сарын 21-нээс өмнө/

Сонгогчоос саналаа нууцаар өгөхөд шаардагдах санал бэлтгэх бүхээг бүхий байр, саналын хайрцгийг гадаадад санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө хуульд заасны дагуу тухайн улсад байгаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн хариуцаж, бэлтгэнэ. /2024 оны зургаадугаар сарын 17-ноос өмнө/

49. Гадаад улсад байгаа иргэдээс санал авах өдөр, цаг

Гадаад улсад байгаа иргэдээс санал авах өдрийг Сонгуулийн ерөнхий хорооны саналыг үндэслэн УИХ тогтоох бөгөөд гадаадад санал авах өдөр нь дөрөв хүртэл өдөр байна. Гадаад улсад байгаа сонгогчийн саналыг хуульд заасны дагуу тогтоосон санал авах өдөр, тухайн улсын орон нутгийн цагаар 7-22 цаг хүртэлх хугацаанд салбар комиссын тогтоосон санал авах байранд авна. /2024 оны зургаадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд тухайн улсын орон нутгийн цагаар 7-22 цаг/

50. Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтээ байгууллагын удирдлагад болон хэсгийн хороонд хүргүүлэх

Хуулийн 63.1.1, 63.1.2, 63.1.3, 63.1.4-т заасан сонгогч зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтээ тухайн байгууллагын удирдлагад өгөх бөгөөд байгууллагын удирдлага уг хүсэлтийг тодорхойлолтын хамт санал авах өдрөөс долоогоос доошгүй хоногийн өмнө өөрийн байгууллагын нутаг дэвсгэрийн хувьд харьяалагдах сум, дүүргийн сонгуулийн хороонд хүргүүлнэ. /2024 оны зургаадугаар сарын 21-нээс өмнө/

Сум, дүүргийн сонгуулийн хороо хуулийн 63.4-т заасны дагуу ирүүлсэн хүсэлт, тодорхойлолтыг санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө тухайн сонгогчийн харьяалагдах хэсгийн хороонд хүргүүлнэ. /2024 оны зургаадугаар сарын 23-наас өмнө/

51. Саналын хуудсыг санал авах байранд хүргүүлэх

Сонгуулийн ерөнхий хороо саналын хуудсыг санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө санал авах байранд хүргүүлэх ажлыг удирдан зохион байгуулна. /2024 оны зургаадугаар сарын 25-наас өмнө/

52. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх хүсэлт хүргүүлэх

Эрүүл мэндийн байдлын улмаас зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогч өөрийн эрүүл мэндийн талаарх эмчийн магадалгааг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтийн хамт санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө хүргүүлнэ. /2024 оны зургаадугаар сарын 25-наас өмнө/

53. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах

Сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар түүний хүсэлт, эмнэлгийн магадлагаа эсвэл холбогдох байгууллагын тодорхойлолтыг үндэслэн санал авах өдрийн өмнөх өдрийн 9-20 цагийн хооронд авна. /2024 оны зургаадугаар сарын 27-ны өдрийн 9-20 цаг/

54. Санал авах өдөр, цаг

Ээлжит сонгуулийн санал авах өдөр нь ээлжит сонгуулийн жилийн зургаадугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр байна. Сонгогчийн саналыг Улаанбаатарын цагаар санал авах өдрийн 7-22 цаг хүртэл хугацаанд санал авах байранд авна. /2024 оны зургаадугаар сарын 28-ны өдрийн 7-22 цаг/

55. УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг өргөн мэдүүлэх

Сонгуулийн ерөнхий хороо нь сонгуулийн дүн, УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг сонгууль дууссанаас хойш 15 хоногийн дотор УИХ болон Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ. /2024 оны долоодугаар 13-ны дотор/

ДОЛОО.СОНГУУЛИЙН ЗАРДАЛ, ТАЙЛАН

56. Нам, эвсэл, нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээ тогтоох

Төрийн аудитын дээд байгууллага нам, эвсэл болон тойрогт нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг ээлжит сонгуулийн жилийн 03 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө хуулийн 50.2-т заасан аргачлалын дагуу тогтоож, нийтэд мэдээлнэ. /2024 оны гуравдугаар сарын 1-нээс өмнө/

57. Сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг бүртгүүлэх

Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй. /2024 оны зургаадугаар сарын 13-наас өмнө/

58. Мөнгөн болон мөнгөн бус хандив

Иргэн, хуулийн этгээдээс нам эвсэлд эсвэл сонгуулийн тойрогт нэр дэвшигчид зардлын данс нээсэн өдрөөс хойш сонгуулийн үйл ажиллагаанд нь зориулан хуулийн 54.1-т заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр сонгуулийн зардлын дансанд хандив өгч болно. Мөнгөн хандив нь иргэний хувьд 10 сая төгрөг хүртэл, хуулийн этгээдийн хувьд 30 сая төгрөг хүртэл байна. /Зардлын данс нээсэн өдрөөс эхлэн/

Мөнгөн бус хандивыг сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс дуусах хүртэл хугацаанд зөвхөн нэр дэвшигчид өгнө. Мөнгөн бус хандивын үнэлгээг зах зээлийн дундаж ханшийг үндэслэн хандивын гэрээгээр тогтоох бөгөөд уг үнэлгээ нь иргэн болон хуулийн этгээдээс өгөх хандивын дээд хэмжээнээс хэтрэхгүй байна. /2024 оны зургаадугаар сарын 10-наас /2024 оны зургаадугаар сарын 26-ныг дуустал/

59. Сонгуулийн зардлын данснаас зарлага гаргах

Нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэсэн өдрөөс эхэлж, сонгуулийн зардлын тайлан гаргах өдрийг дуусталх хугацаанд хуулийн 39.2-т заасан арга хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулах зориулалтаар сонгуулийн зардлын данснаас дансанд шилжүүлэх хэлбэрээр зарлага гаргаж болно. /2024 оны зургаадугаар сарын 2-ноос 2024 оны долоодугаар 28-ныг дуустал/

Нам, эвслийг сонгуульд оролцуулахаар бүртгэсэн өдрөөс эхэлж, сонгуулийн зардлын тайлан гаргах өдрийг дуусталх хугацаанд хуулийн 39.2-т заасан арга хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулах зориулалтаар сонгуулийн зардлын данснаас дансанд шилжүүлэх хэлбэрээр зарлага гаргаж болно. /2024 оны зургаадугаар сарын 2-ноос 2024 оны наймдугаар сарын 12-ныг дуустал/

60. Хандив болон зардлын зарцуулалтын явцын тайланг нийтэд мэдээлэх, хүргүүлэх

Нэр дэвшигч, нам, эвсэл авсан хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс гурав хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ./2024 оны зургаадугаар сарын 25-ны өдөр/

61. Сонгуулийн зардлын тайланг хүргүүлэх

Нам, эвсэл санал авах өдрөөс хойш 45 хоногт, нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ. /Нам, эвсэл 2024 оны наймдугаар сарын 12-ны дотор, Нэр дэвшигч 2024 оны долоодугаар сарын 28-ны дотор/

62. Гүйлгээний хуулга гаргаж, аудитын байгууллагад хүргүүлэх

Сонгуулийн зардлын данс байршуулсан банкны захирал, эсхүл салбарын эрхлэгч уг дансны бүх гүйлгээний хуулгыг гаргаж, санал авах өдрөөс хойш 30 хоногийн дотор төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ.2024 оны долоодугаар сарын 28-ны дотор/

62. Сонгуулийн зардлын тайланг хянах, нийтэд мэдээлэх

Төрийн аудитын дээд байгууллага зардлын тайланг хүлээн авсан өдрөөс хойш 60 хоногийн дотор хянаж, дүнг нийтэд мэдээлэх бөгөөд нэг сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн иргэн, хоёр сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн хуулийн этгээдийг нийтэд мэдээлнэ. /Нам эвсэл 2024 оны аравдугаар сарын 11-ний дотор, Нэр дэвшигч 2024 оны есдүгээр сарын 26-ны дотор/

63. Сонгууль зохион байгуулах улсын төсвийн зардлын тайлан гаргах

Хуулийн 10.1, 10.2, 10.3, 10.4-т заасан зардлын зарцуулалт, гүйцэтгэлийн тайланг ээлжит сонгуулийн жилийн аравдугаар сарын 15-ны дотор гаргаж, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан