Монгол Улсад 1.2 сая автомашин бүртгэлтэй ч дийлэнх нь тээврийн хэрэгслийн даатгалд хамрагдаагүйгээс гамшиг осолд өртөхөд нөхөн олговор авах боломжгүй байна.
Жишээ татвал, өнгөрсөн нэгдүгээр сард Баянзүрх дүүрэгт газ тээвэрлэж явсан “Норд бенз” дэлбэрэх үеэр нийт 34 автомашин галд өртөж, шатсан. Гэвч эдгээр автомашинуудаас ердөө гурав нь тээврийн хэрэгслийн даатгалд хамрагдсан байсан тул нөхөн олговор авсан бол бусад тээврийн хэрэгсэл нь зөвхөн жолоочийн хариуцлагын даатгалтай тул хохирлоо даатгалын компаниар гаргуулах боломжгүй, хуулийнхныг хүлээх болж буй.
Учир нь, дээрх ослыг гаргасан буруутай этгээдээс хохирлоо нэхэмжлэх ганц гарц бий. Гэвч 30 гаруй автомашины хохирлыг барагдуулна гэдэг амаргүй. Шатсан автомашины хамгийн бага үнэлгээтэй нь 15 сая төрөг бол дундаж нь 50 сая төгрөгөөр яригдаж буй.
Дээр нь буруутай этгээд төлбөрийн чадваргүй бол эдгээр хохирогчдын хувьд хандах газаргүй болж хувирч байгаа юм.
Бас нэг асуудал байгаа нь монголчууд дийлэнхдээ автомашиныг зээлээр авдаг. Зээлээ төлж дуусаагүй байтал дээрх осолд өртөж, автомашин нь шатсан. Иймээс яаралтай буруутай этгээдээс нөхөн төлбөр гаргуулж авах нь хамгаас чухал байна гэдгээ хохирогчид мэдэгдэж буй ч хохирол барагдана гэх найдвар хомс байгаа юм.
Уг нь тэд автомашинаа тээврийн хэрэгслийн даатгалд хамруулж ирсэн бол нөхөн төлбөр авах бололцоо бүрэн байв.
Харамсалтай нь, монголчуудын олонх нь даатгалын утга учрыг төдий л сайн мэддэггүй, Монголд даатгалын салбар сул хөгжсөн, автомашин нь осолд өртлөө гэхэд хохирлыг нь барагдуулахдаа даатгалын компаниуд хойрго ханддаг зэрэг нь ч бас тээврийн хэрэгслийн даатгалд даатгуулах сонирхлыг төрүүлдэггүй аж.
Уг нь Монголд өнөөдөр 14 даатгалын компани үйл ажиллагаа явуулж буй бөгөөд дийлэнх нь тээврийн хэрэгслийн даатгалын үйлчилгээг санал болгож байгаа юм. Тээврийн хэрэгслийн даатгалд автомашинаа хамруулснаар таны буруутай үйлдэл болон эзэн холбогдогч тогтоогдох боломжгүй нөхцөлд тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг барагдуулна.
Үүнд дараах эрсдлүүд хамаарч байна.
- Хөдөлгөөний үеийн осол
- Бусад тээврийн хэрэгслийг мөргөх, шүргэх
- Бусад тээврийн хэрэгсэлд мөргүүлэх, шүргүүлэх
- Аливаа зүйлийг мөргөх, шүргэх
- Элдэв биетэд цохиулах
- Онхолдох
- Байгалийн хүчний үйлчлэл
- Хөдөлгөөний бус үеийн осол буюу зогсоол дээрх осол
- Мөргүүлэх, шүргүүлэх
- Элдэв биетэд цохиулах
- Сантехникийн гэмтлээс болж усанд автах
- Гал, дэлбэрэлт
- Хулгай, дээрэм
- Эд ангийн хулгай болон танхай сэдэлтэй үйлдэл
- Бүтнээр хулгайд алдах
- Жолоо шилжүүлэх эрсдэл
- Жолоочийн гэнэтийн осол багтжээ.
“Дүнжингарав” худалдааны төвийн уулзварт гарсан дээрх осолтой холбоотойгоор даатгалын салбартай холбогдох эрх зүйн орчныг тодорхой болгож, шинэчлэх зайлшгүй шаардлага үүссэнийг Засгийн газар хүлээн зөвшөөрч, УИХ-ын хаврын чуулганаар хуулийн төслүүдийг хэлэлцүүлэхээр төсөл боловсруулж эхлээд байна. Энэ ажилд Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яамнаас хамтарсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж буй.
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан “Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо хамтран Даатгалын багц хуулийн төслийг боловсруулсан. Уг төслийг хаврын чуулганаар батлуулна. Даатгалын багц төсөл батлагдсанаар нэгдүгээрт, төр хариуцах санхүүгийн ачаалал буурна, хоёрт хариуцлага хяналтын тогтолцоо сайжирна.Даатгалын санхүүгийн хүртээмж бааз суурь нэмэгдэнэ. Эрсдэлээс урьдчилан сэргийлэх тогтолцоо илүү боловсронгуй болно. Нэгдсэн санхүүгийн мэдээллийн сан бүрдэнэ” гэдэг мэдээллийг өгөөд байгаа.
Үндэсний статистикийн хорооны 2023 оны эхний хагас жилийн тайлангаар даатгалын хураамжийн орлого 2023 оны эхний хагас жилд 169.2 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 45.0 (36.2%) тэрбум төгрөгөөр, даатгалын нөхөн төлбөрт 53.4 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 5.0 (10.3%) тэрбум төгрөгөөр тус тус өсчээ.
Даатгалын хураамжийн орлогын 83.4 хувийг сайн дурын даатгал, 15.4 хувийг албан журмын даатгал, 1.2 хувийг урт хугацааны буюу амьдралын даатгал эзэлж байгаа бол нөхөн төлбөрийн 65.4 хувийг сайн дурын даатгал, 32.7 хувийг албан журмын даатгал, 1.9 хувийг урт хугацааны буюу амьдралын даатгал тус тус эзэлсэн байна.
Мөн даатгалын нийт нөхөн төлбөрийн 32.7 хувийг жолоочийн хариуцлагын даатгал, 32.6 хувийг авто тээврийн хэрэгслийн даатгал, 20.5 хувийг гэнэтийн осол, эмчилгээний даатгал тус тус эзэлжээ.
Г.ХОРОЛ