Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласны үр дүнд өнгөрсөн жил 650 гаруй мянган жуулчин хүлээн авсан. Энэ үзүүлэлт хэдийгээр 2019 оны жуулчдын тоог давсан ч Монгол орны газарзүйн байрлал, байгаль цаг уурын онцлогоос хамаараад жилийн тодорхой хугацаанд буюу өвлийн улиралд ирэх жуулчдын урсгал буурдаг.
БОАЖЯ-аас улирлын хамаарлыг бууруулах, өвлийн улирлыг уртасгах, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх чиглэлд тодорхой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхэлсний нэг нь “Мазаалай” олон улсын цас мөсний наадам. Энэ сарын 14-нд буюу өчигдөр нээлтээ хийсэн уг наадмын үеэр цас мөсөн хотхон байгуулж, дэлхийн хамгийн олон хүн гулгах мөсөн гулсуурыг бүтээсэн.
Тэгвэл 12 метр өргөнтэй, 18 метр урттай мөсөн гулгуураар 1 цагийн дотор 408 хүн гулгаснаар Гиннесийн дээд амжилтыг тогтоожээ. Ингэснээр Монгол орны өвлийн аялал жуулчлал дэлхийн газрын зурагт тэмдэглэгдэн үлдлээ. Уг арга хэмжээг Гиннесийн албан ёсны шүүгч Айрис Хоу, Соёлын яамны Лондон дахь Гиннес хариуцсан зөвлөх Элизабет Фокс шүүсэн байна.