Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эмч зөвлөж байна: Ханиад, томуугийн үед хэрэгжүүлэх зургаан бүлэг эмчилгээ ба зохистой хэрэглээ

Эмч зөвлөж байна: Ханиад, томуугийн үед хэрэгжүүлэх зургаан бүлэг эмчилгээ ба зохистой хэрэглээ

Сүүлийн үед томуу, томуут төст өвчний дэгдэлт нэмэгдэж, ялангуяа бага насныхны дунд хүндрэл их байгааг ЭМЯ-наас мэдээлж буй. Иймд ханиад, томуугийн вирусийн үед хэрэглэх зургаан бүлэг эмчилгээг зөв зохистой хэрэгжүүлэх талаар Хүүхдийн зөвлөх эмч, АУ-ы доктор Ш.Энхтөрийн зөвлөмжийг тоймлон хүргэж байна.

1. Антибиотикийн хэрэглээ. Вирусийн халдвар нь тодорхой хугацааны дараа нянгийн халдвараар хүндэрсэн тохиолдолд антибиотик хэрэглэх заалт байдаг. Тиймээс вирусийн халдварын эхний 3-5 хоногт антибиотик хэрэглэх нь буруу. Мөн эрүүл мэндийн байгууллагад хэвтэн эмчлүүлэхээр ирж байгаа бага насны хүүхдүүд аль хэдийнэ урьдчилан хүчтэй антибиотик хэрэглэсэн байдаг нь эмчилгээнд хүндрэл учруулдаг байна.

2. Вирусийн эсрэг бэлдмэлийн зохистой хэрэглээ гэдэг нь эмч, эмнэлгийн байгууллагын хяналтан дор хэрэглэвэл зохистой бүлэг эм бэлдмэлийг хэлнэ. Томуугийн улиралд дэлхий нийтээр хэдэн сая хүн вирусийн халдвараар өвчилдөг ба үүнийг эмчлэх боломжтой цөөхөн эм бэлдмэл байдаг. Тиймээс бид вирусийн эсрэг эм бэлдмэлийг хэрэглэхдээ ДЭМБ-ын зөвлөмжид тулгуурлан хэрэглэх шаардлагатай. Иргэд өөрсдөө дур мэдэн эм бэлдмэл хэрэглэх нь дунд болон урт хугацаандаа гаж нөлөө үзүүлж өөр өвчин үүсгэх нөхцөлийг бүрдүүлэх аюултай юм.

3. Гормоны хэрэглээ. Үүнийг мөн адил эмчийн хяналтан дор эрүүл мэндийн байгууллагад очин хэрэглэх нь зүйтэй. Зарим хувийн хэвшлийн эмнэлэг болон эмч ажилчид хүчтэй гормоны эмчилгээг амьсгалын цочмог хүнд халдварын үед гэрийн эмчилгээд санал болгодог нь буруу бөгөөд ялангуяа бага насны хүүхдэд буруу хэрэглэвэл хүүхдийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлдэг байна.

4. Утлага эмчилгээ. Энэ нь гуурсан хоолойг тэлэх үйлчилгээтэй ба амьсгалын цочмог хүнд халдварын үед гэрээр амьсгалын эрхтэн тогтолцоог сайжруулах зорилгоор хэрэглэдэг. Үүнийг дагаад эм худалдаалан борлуулах цэгээр маш олон төрлийн брэнд, орц найрлага бүхий бэлдмэл худалдаалж байгаа нь иргэд өөрсдөө дур мэдэн хэрэглэх шалтгаан болж байна. Түүнчлэн 1-3 сар хүртэлх хүүхдэд утлага эмчилгээг хэрэглэх нь зохисгүй болохыг анхааруулжээ.

5. Халуун бууруулах, өвдөлт намдаах эм бэлдмэл хэрэглэх. Иргэд амьсгалын цочмог хүнд халдварын үед болон халуун бууруулах зорилгоор олон төрлийн найрлага бүхий, жоргүй худалдаалдаг эм бэлдмэлийг хэрэглэж байгаа нь эргээд бидний биед гаж нөлөө үзүүлэх эрсдэлийг бий болгож байна. Ялангуяа хамгийн өргөн хэрэглэдэг парацетамолыг тохирсон тунгаас хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг зөвлөж байгаа бол аспириныг огт хэрэглэхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

6.  Цэр ховхлох, шингэлэх эм бэлдмэлийн зохистой хэрэглээ. Ханиад томууны үед амьсгал дамжуулах замыг цэвэрлэх, сайжруулахын тулд цэр ховхлох, шингэлэх эм бэлдмэлийг 1-3 сартай хүүхдэд зарим тохиолдолд хэрэглүүлэхийг хориглоно. Эмч, эмнэлгийн байгууллагын зөвлөснөөр хэрэглэх тохиолдолд хүүхдийг сэрүүн, хөдөлгөөнтэй үед нь хэрэглүүлбэл зохино. Мөн жоргүй худалдаалж буй эм бэлдмэлийг хэрэглэхдээ зориулалтыг нь үл харгалзан өөрийн дураар хэрэглэхгүй байхыг анхаарууллаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан