Манай улс Дархлаажуулалтын тухай хуульдаа энэ намрын чуулганаар өөрчлөлт оруулсан. Хуулиар хүн амын дархлаажуулалт нь төрийн ивээлд байх бөгөөд халдварт өвчнөөс сэргийлэх, тэдгээрийн тархалтыг хязгаарлах, өвчнийг устгахад төрөөс хэрэгжүүлэх бодлого юм.
Дархлаажуулалтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр заавал хийх дархлаажуулалтад сүрьеэ, халдварт саа /полиомиелит/, В вируст гепатит, сахуу, хөхүүл ханиад, татран, улаанбурхан, В хэв шинжийн хемофилюс инфлюенза нянгийн халдвар, А вируст гепатит, пневмококк, хүний папиллома вирусийн халдвар, гахай хавдар, улаануудын эсрэг сэргийлэх тарилга орно гэдгийг тусгаад байгаа юм. Монгол Улсын иргэдийг дархлаажуулах талаар төрөөс авч хэрэгжүүлэх бодлого, түүнээс онцлох заалтыг хүргэж байна.
Сэргийлэх тарилгын дараа хүндрэл гарсан тохиолдолд иргэдэд ердийн өвчний адил тэтгэмж олгоно.
Халдварт өвчний эрсдэл ихтэй орон нутаг, улс оронд зорчих иргэн, ажил үйлчилгээний онцлогоос шалтгаалан дархлаажуулах бэлдмэлийг сайн дурын үндсэн дээр хийлгэж болно. Энэ тохиолдолд төлбөрийг тухайн иргэн хариуцна.
Аж ахуйн нэгж, байгууллага нь өөрийн ажиллагчдыг сэргийлэх тарилгад бүрэн хамруулах үүрэг хүлээнэ.
Эмнэлгийн мэргэжилтнийг бэлтгэх боловсролын стандартад дархлаажуулалтын асуудлыг тусгана.
Тарилгын дараахь хүндрэлийн үед төв, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад төлбөргүй эмчлүүлж болно.
Халдварт өвчин гарч болзошгүй нөхцөлд тархвар судлалын заалтаар иргэдэд нэмэлт дархлаажуулалт хийнэ.
Эмчийн заалтаар сэргийлэх тарилгаас татгалзах эрхтэй.
Сэргийлэх тарилгын үндэсний товлолд орсон болон тархвар судлалын заалтаар хийх сэргийлэх тарилгыг төлбөргүй хийлгэх эрхтэй.
Олон улсын эрүүл мэндийн дүрэм болон Монгол Улсын олон улсын гэрээний дагуу тодорхой нэрийн сэргийлэх тарилга хийгдэх ёстой улс оронд зорчих тохиолдолд шаардагдах тарилгыг хийлгэсэн байна.
Аж ахуйн нэгж, байгууллага нь сэргийлэх тарилгад хамрагдах шаардлагатай ажил, үйлчилгээний жагсаалтад дурдсан албан тушаалд уг тарилгад хамрагдаагүй иргэнийг ажилд авах асуудлыг тодорхой хугацаагаар хойшлуулах эрх эдэлнэ.
Нутаг дэвсгэрийнхээ хүн амыг дархлаажуулах тусгай хөтөлбөр батална.
Дархлаажуулах бэлдмэлийг эмчийн захиалга буюу жороор эмийн сан, эрүүл мэндийн байгууллагаас сайн дурын дархлаажуулалтанд хамрагдах иргэнд олгоно.
Тарилгын дараахь хүндрэлийг эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага, эмчилгээний чанарын хяналтын байцаагч магадлан тогтооно.
Заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу 0-15 насны хүүхдэд хийх дархлаажуулах бэлдмэлийг ДЭМБ-ын гэрчилгээтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үйлдвэрээс худалдаж авна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин