Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СЭЛЭНГЭЧҮҮД АЖИЛГҮЙ, ЯДУУ МОНГОЛ ГЭДЭГТЭЙ ЭВЛЭРДЭГГҮЙ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг орон нутаг дахь томилолтоо Сэлэнгэ аймгаас эхэлсэн. Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд ч ялгаагүй ажлаа авсан даруйдаа газар тариалангийн өлгий нутгийг зорьсонсон. Манай сонины сурвалжлах хэсгийнхэн ч мөн л намрын улиралд ажил буцалдаг Монгол Улсын хойморь нутгийг зорилоо.


Тариаланчид болон гурил үйлдвэрлэгчдийн маргаан тасарсангүй

Энэ жил хур бороо элбэгтэй тул тариа хураалт жаахан оройтжээ. Харин чийг 14 хувьтай гэдэг мэдээ тариаланчдыг баярлуулж байгаа гэнэ. Одоогоор ургац хураалт Сэлэнгэ аймгийн хэмжээгээр 40 хувьтай яваа тухай хүмүүс бие биедээ дуулгаж байлаа. Жилийн жилд л тариаланч, гурил үйлдвэрлэгчдийн дунд үүсдэг маргаан энэ удаа ч бас уламжлалаа эвдсэнгүй. Тариаланчид тонн буудайгаа 300 мянгаас дээш төгрөгөөр зарахаас нааш ашиг олохгүй гэсэн бол гурил үйлдвэрлэгчид ийм өртгөөр авах боломжгүй хэмээн хэлжээ. Ингээд тонн тутамд тариаланчдад 50 мянган төгрөгийн урамшуулал олгохоор шийдэж, төсвийн тодотголд 15 тэрбум төгрөг суулгажээ.

Намрын саруудад Сэлэнгэд ажиллах хүч үнэхээр хомсоддог. Монголчууд ядуу, ажилгүй гэдэгтэй энэ л үеэр сэлэнгэчүүд эвлэрэхээ больдог гэнэ. Ногоо хураахад туслаач, өдөрт 20 мянгаар цалинжуулъя гээд Дархан, Улаанбаатараас хүн хайхад олддоггүй тухай төмсний аж ахуй эрхэлдэг нэгэн эрхэм хуучилсан юм. Харин сонирхолтой нь, Сэлэнгэд ургац хураалтын үеэр Монголын баячуудын дессант буудаг бололтой Ч.Пэрэнлэй |Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн тэргүүн асан| , Ц.Мянганбаяр \Монгол газар компанийн захирал\ тэргүүтэй томчууд ургацаа хураагаад тариан талбайд яваа сураг дуулдана билээ. Тэд Сэлэнгийн хэд хэдэн суманд нэлээд том хэмжээний талбайтай гэнэ. Сумын хамгийн баян захирал нь Ч.Пэрэнлэйн компанид ажилладаг гэж нутгийн иргэд хэлж байсан юм.

Сэлэнгэчүүд нэгэн зүйлийг ихэд гайхаж байлаа. Агуулахад өнгөрсөн жилийн, магадгүй бүр түүнээс ч өмнөх жилийн буудай өнөөг хүртэл хадгалагджээ. 140 мянган тонн улаан буудай агуулахад нь бий. Гэтэл энэ жил дахиад 468 мянган тонныг нэмж хураана гээд байгаа. Тэгэхээр Атрын гуравдугаар аян үнэн хэрэгтээ үр дүн өгөөгүй байжээ гэдгийг тэд одоо л ухаарсан гэмээр гайхан ярьцгаана. Магадгүй, сумынхан заримдаа мэдээлэл дутмаг байдаг ч байж болох. Энэ жил хурааж буй буудайг яах бол хэмээн эргэлзэж буйгаа ч нуугаагүй.

Сэлэнгэчүүд ногооны захтай болохыг
хүлээх л үлдлээ

Сэлэнгэ аймгийн Хушаат суманд саяхан Монгол Улсын Ерөнхий сайд очиж тариаланчид, ногоочидтой уулзсан юм. Засгийн газрын тэргүүнийг очсоны дараа энэ газарт юу өөрчлөгдсөн бэ гэдэг сонирхол татав. Харин нутгийн иргэд төсөөлснөөс огт өөр зүйл ярьсан билээ. Тэдний дунд ердөө л “Ерөнхий сайд дөрвөн хүнээр хамгаалуулаад сүртэй нь аргагүй явдаг юм байна. Бирваазаар 17 машин гаргасан” гэх мэтээр товчхондоо шар маягийн мэдээ шиг явган ярианууд хөвөрнө. Хамгийн гол нь Ерөнхий сайд очсоноор газар тариаланд ямар ахиц, дэвшил гарав аа гэсэн асуултад шуудхан хариулчих иргэн лав олдсонгүй. Тэгэхээр иргэд яагаад Ерөнхий сайдын айлчлалын үр дүнг тэгтлээ сонирхоогүй юм бол. Магадгүй, холбогдох дарга нар арай өөр юм ярих биз. 

Тарьсан ногоогоо үерт алдчихаад сандарч явсан ногоочид Ерөнхий сайдад зовлонгоо тоочиж, сэтгэлээ онгойлгосон гэнэ. Банкнаас зээл авч ногоо тарьсан боловч ургац хураахгүй нь. Тиймээс цаашид жижиг, дунд бизнес эрхлэгчдээ харж үзээч ээ гэсэн хүсэлт гаргасан ажээ. Мөн тариаланчдын үеийн үед ярьдаг бага хүүтэй, урт хугацааны лизингийн зээл олгооч гэдэг хүсэлтээ дахин гаргахаа ч мартсангүй. Н.Алтанхуяг сайд ч мөн адил Засгийн газрын бодлогод тусгахаа амласан гэнэ.

Н.Алтанхуяг сайд харин энэ үеэр “Сэлэнгэчүүд нутагтаа хүнсний том захтай болох хэрэгтэй. Эх орныхоо өнцөг булан бүрт бүтээгдэхүүнээ энэ захаасаа түгээдэг болчихвол сайн байна. Хэдхэн өдөр нийслэлийн гудамжинд “Намрын ногоон өдрүүд” хэмээн зогссоноор ажил өндөрлүүлдгээ болих цаг иржээ” гэж хэлсэн гэнэ. Тэгэхээр ямартай ч сэлэнгэчүүд, нутагтаа эх орныхоо хэрэгцээг хангадаг том захтай болох нь гэсээр үлджээ.

С.Баярцогт, Ж.Эрдэнэбат нар орон нутгийн сонгуульд бэлдэж явна

Чуулган завсарлах үеэр бидний томилолт таарсан тул С.Баярцогт, Ж.Эрдэнэбат нартай Хушаат сумын төвд таарлаа. Урьд өдөр нь С.Баярцогт гишүүн урлагийнхантай хамт очсон бол маргааш нь Ж.Эрдэнэбат гишүүн ганцаараа иржээ. Тэд ургац хураалттай танилцах гэж биш орон нутгийн сонгуульд бэлтгэж, гишүүддээ чиглэл өгөх зорилготой ийнхүү ирсэн аж.

Ж.Эрдэнэбат гишүүн намын гишүүдийн төлөөлөл болгож 30 хүнтэй уулзчихаад анд мордсон байна. Тэрээр анд хорхойтой нэгэн болохоор ийнхүү ганцаараа ирсэн ч байж болох. Өмнө нь аймгийн Засаг дарга байсан болохоор юун түрүүнд аймгийн ИТХ-д нэр дэвшин өрсөлдөх хүнийхээ мөрийн хөтөлбөртэй танилцаж. Нэлээд заавар зөвлөгөө өгч, мөрийн хөтөлбөрт нь багагүй засвар хийсэн гэнэ. Ингээд аймгийн ИТХ-д нэр дэвшигчээ санал болгож, сумын Засаг даргад горилох хүнээ ч оноож амжсан гэх юм. Үүний дараа “Хэрвээ, та орон нутгийн сонгуульд өрсөлдөх гэж буй төрийн албан хаагч бол ажлаасаа татгалзана. Хэрвээ ялагдвал дахин сонгон шалгаруулалтад орж, төрийн албан хаагчийн шалгалт өгчихөөд ажилдаа буцаж орж болно” гэдгийг тайлбарлав. Үүнийг сонссон төрийн албан хаагчид мөрөөрөө ажлаа хийхээр шийдсэн бол АН-ынхан харин зоригтойгоор ажлаа өгч байна гэсэн сураг дуулдлаа. 

Харин С.Баярцогт гишүүнд голцуу иргэд хүслээ дайж байлаа. Сумаас Дархан хүртэл засмал замтай болмоор байна. Тариагаа үерт алдсан хүмүүс нөхөн төлбөр авмаар байна гэх мэтээр. Мэдээж, УИХ-ын дэд дарга шуудхан “үгүй” гэж хэлэхгүй учраас болох талаас нь хөөцөлдөнө хэмээсээр явсан. Харин дэд дарга С.Баярцогт Ж.Эрдэнэбат гишүүнийг бодвол орон нутгийн сонгуулийн талаар харьцангуй бага ярьсан юм байна.

Мөрөөдөл болсон гүүр ашиглалтад орох нь

Сэлэнгэ аймгийн Хушаат сум Орхон голоо гэтлэх том бэрхшээл бий.  Олон жилийн өмнөөс бирваазаар, завиар гаталсаар хэдэн арван хүнийхээ алтан амийг алдсан. Хэдэн ч удаагийн нэр дэвшигч Орхон голыг гүүрээр гаталдаг болгоно гэж амласан юм бүү мэд. Саяхан Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас огцорсон Р.Содхүүг УИХ-д нэр дэвшиж байх үеэс л ингэж амласан гэхээр нэлээд эртнээс гүүрний тухай яриа эхэлж өнөөдөртэй золгож байгаа бололтой. Тэгвэл домог мэт сонсогддог байсан гүүр тун удахгүй ашиглалтад орох нь. Удаан хүлээсэн болохоор жилийн дараа гэдэг нь тун удахгүй мэт санагдсаныг дурдах нь зөв болов уу. 

235 метр урттай, 7,2 метр өргөнтэй, 80 тоннын даацтай энэ гүүрийг 3.5 тэрбум төгрөгийн улсын төсвийн санхүүжилтээр барьж байгаа ажээ. Гүйцэтгэгчээр нь “Эрин интернэшнл”, “Дархан АЗЗА” компани ажиллаж байна. Гэвч тэд тулгарч буй өөр өөрийн зовлонгоо ийнхүү ярина.

Уг нь, улсын төсвөөр баригдана гэсэн боловч эргэн төлөгдөх нөхцөлтэй юм шиг л болж хувирлаа. Санхүүжилт их удаан, хоёр сарын турш хөөцөлдөж байж мөнгөө олж авдаг. Энэ нь магадгүй, төрийн албаныхны хүнд суртал “Дархан АЗЗА”-гийнхныг тойроогүй бололтой. Энэ маягаар ажил хүндэрсээр Орхон голын хөвөөнд удаан ч амьдарсан байна. Сүүлдээ барилгын компанийн залуучууд нь нутгийн бүсгүйчүүдтэй гэр бүл болж байна гэсэн түүх ч хуучлаад амжсан билээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан