БНХАУ-ын эрүүл мэндийн төв байгууллага арваннэгдүгээр сарын 13-нд Бээжин, Манжуур зэрэг хойд хэсгийн бүс нутагт хүүхдүүдийн дунд уушгины хатгаа нэмэгдэж байгаа талаар мэдээлсэн. Үүний дараагаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас арваннэгдүгээр сарын 22-нд нэмэлт тодруулгыг өгсөн. Ингэхдээ хатгаа хүүхдүүдийн дунд нэмэгдсэн. Мөн түүнчлэн улирлын чанартай үүсдэг бусад амьсгалын замын өвчлөлүүд, Covid-19 зэрэг уушгины хатгаа үүсгэдэг бусад халдварууд зэрэгцэж байгаа талаар мэдээлсэн юм.
Улмаар БНХАУ-д микоплазмын хатгааны тохиолдол нэмэгдсэнтэй холбоотой тус улсад зорчих болон тус улсаас ирсэн иргэдэд зориулан Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв(ХӨСҮТ)-өөс зөвлөмж гаргажээ.
Үүнд
- КОВИД-19, томуугийн вакциныг хийлгэх
- Амьсгалын замын халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн бол тус улсад зорчихоос зайлсхийх эсвэл түр хойшлуулах
- Тус улсад зорчсон бол ирснээс хойших 7-28 хоногт амьсгалын замын халдварын шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандах
- Амны хаалт тогтмол зүүх
- Гараа сайтар савандаж угаах
- Шаардлагатай бол шинжилгээ өгөх, эмнэлгийн тусламж авахыг зөвлөжээ.
Амьсгалын замын халдварын шинж тэмдэг
- Ханиалгах
- 380C дээш халуурах
- Толгой өвдөх
- Хоолой өвдөх
- Булчин үе мөчөөр өвдөх
- Цээжээр хөндүүрлэх зэрэг байна.
Микоплазмын шалтгаант хатгааг PCR шинжилгээгээр оношилдог
ХӨСҮТ-ийн ерөнхий захирлын албан үүргийг хавсран гүйцэтгэгч Ж.Байгалмаа "Уг өвчлөлийн шинж тэмдэг нь ханиадаар илэрдэг ч хурдан хатгаа болж хүндэрдэг. Насанд хүрэгчдэд хөнгөн хэлбэрээр, 5 хүртэлх насны хүүхдүүд хүндрэх эрсдэлтэй. Зарим тохиолдолд хүүхдэд чихний үрэвсэл болдог.
Зарим улс оронд микоплазмын шалтгаант хатгаа нь нутагшсан байдаг. Жилийн дөрвөн улиралд байнгын бүртгэгддэг. Зарим улсад дэгдэлт хэлбэрээр бүртгэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор ХӨСҮТ-өөс хоёр удаагийн эрсдэлийн үнэлгээг хийсэн. Түргэвчилсэн үнэлгээгээр дунд эрсдэлтэй гэж гарсан. Цаашид нөхцөл байдал хэрхэхийг тогтмол хянаж байна. Нянгийн гаралтай халдвар учраас антиобиотикийг эмчилгээнд хэрэглэдэг. Эмийн хангамж Монгол Улсад хангалттай бий. Одоогоор уг халдвар бүртгэгдээгүй. 21 аймагтай хамтран ажиллаж байна.
Микоплазмын шалтгаант хатгааг PCR шинжилгээгээр оношилдог. Нэршил нь явдаг хатгаа гэх нэртэй. Насанд хүрсэн хүмүүс хатгаа авснаа мэдэхгүй, шинж тэмдэг нь хөнгөн илэрдэг. Улмаар аяаандаа эдгэрдэг" талаар мэдээлсэн юм.