Говь Гурвансайхан уулын "Их тахилгат" хайрхны тэнгэрийг тайх ёслолын арга хэмжээ өнөөдөр буюу билгийн тооллын шинийн 27-ны бэлэгт сайн хөх луу өдөр зохион байгуулагдаж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх тус арга хэмжээнд өөрийн биеэр хүрэлцэн ирж оролцлоо. Мөн МБШТөв Гандантэгчэнлэн хийдийн Тэргүүн Их Хамба Д.Чойжамц болон Говь нутгаас тодорсон Брагри Ёнзин Халх Дамцигдоржийн 4-р дүрийн хувилгаан Данзанжамъянлодой гэгээнтэн нар хүрэлцэн ирж ном айлдвараа айлдлаа.
Алтайн нурууны төгсөх ноён оргил Говь гурван сайхан уулын "Их тахилгат" хайрхныг анх 1721 онд тахиж байсан гэдэг. Далайн түвшнээс дээш 2816 метр өндөр, "Их тахилгат" хайрхныг анх тахихдаа монгол зан заншлыг дээдлэн төр шашны ариун үйлийг үйлдэж, 512 бөхийг барилдуулж байсан түүхтэй. Зуун зууны буурал түүхтэй "Их тахилгат" хайрхныг нутгийн зон олон эртнээс уламжлан тахиж ирснийг 2006 онд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр аймгийн тахилгат овоо болгож улмаар 2012 онд МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн тахилгат хайрхан болгосноор 2013 онд Говь гурван сайхан уулын "Их тахилгат" хайрхны тэнгэрийг тайсан байдаг. Түүнээс хойш төрийн тахилгат хайрхны тэнгэрийг тайх ёслолыг таван жилд нэг удаа үйлдэх ёслолын дагуу 2018 оны 06 -р сарын 22-ны бэлэгт сайн өдөр төр, шашны ариун үйлийг хослуулан 2 дахь удаагаа тус хайрхны тэнгэрийг тайх ёслолыг үйлдсэн билээ.
Тэгвэл ийнхүү 3 дахь удаагаа Говь Гурвансайхан уулын "Их тахилгат" хайрхны тэнгэрийг тайх төрийн ёслолын арга хэмжээ өргөн дэлгэр боллоо.
Говийн ард түмний сэтгэлийн их шүншигтэй Говь Гурвансайхан уулын лус савдаг та биднийг өнө мөнхөд ивээх болтугай.