Яармагийн 300 ортой эмнэлэг буюу Эх, нярай хүүхдийн үндэсний хоёрдугаар төвд хэвтэн эмчлүүлж байсан 17 хүүхдэд өнгөрсөн долоо хоногт /2023.11.23/ оройн 22.00 цагт тариа хийлгэсний дараагаас бөөлжиж, таталт өгч, улмаар ухаан алдан унасан. Тэгвэл өнөөдрийн байдлаар нэг хүүхдийг ЭХЭМҮТ-рүү шилжүүлж, 10 хүүхэд эмнэлгээс гарсан байна. Харин зургаан хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Эрүүл мэндийн яамнаас ажлын хэсэг гарч ажиллажээ.
Эцэг эхчүүдийн зүгээс сувилагч нар цагийн тариа сольж тарьсан байж болзошгүй гэдэг мэдээллийг өгсөн юм. Тус эмнэлгийн дэд дарга "Ямар нэгэн байдлаар тарианы процедурын алдаа гарсан байх магадлалтай. Тариаг хийх стандарт байгаа. Энэ стандарт зөрчигдсөнөөс 17 хүүхдэд реакц үзүүлсэн байж болзошгүй. Хоёр тасагт нийт 21 хүүхэд байснаас сүүлийн хүүхдэд тариа хийх болоход эхний тариа хийлгэсэн хүүхдэд шинж тэмдэг илрээд эхэлсэн тул сүүлийн 21 дэх хүүхдэд тариаг хийгээгүй, зогсоосон. Эмнэлгийн хувьд нийт 400 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлж байсан. Тухайн цаг мөчид өөр платын хүүхдүүдэд дээрх тарианаас хийхэд реакц үзүүлээгүй. Тариаг 0.9 процентын натри хлоридоор найруулж, үйлчлүүлэгчид тариа болон хугацааг харуулах ёстой. Энэ процедур дунд алдаа гарсан байх магадлалтай гэж үзээд байна. Хүүхдэд уян зүү ашиглаж, тариа хийдэг гэдгийг хэлж байв.