УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн хоёр гишүүнийг томилуулах асуудлыг хэлэлцсэн бол Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар нэг гишүүнийг томилуулах саналыг хэлэлцсэн юм.
Тодруулбал, Үндсэн хуулийн цэцийн хугацаа нь дууссан хоёр, орон гарсан нэг гишүүний орон тоо бий. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Э.Энхтуяаг, Дээд шүүхээс О,Мөнхсайханыг, УИХ-аас Л.Өлзийсайханыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар танилцуулж, гишүүдийн олонх дэмжсэн юм.
Цэцийн есөн гишүүний гурвыг Ерөнхийлөгч, гурвыг УИХ, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор томилдог бөгөөд зургаан жилийн бүрэн эрхийн хугацаатай ажилладаг. Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Н.Чинбат, Д.Одбаяр нарын бүрэн эрхийн хугацаа дууссан бол Ц.Нанзаддоржийг өнгөрсөн зургадугаар сард өөрийнх нь хүсэлтээр чөлөөлсөн билээ. Тиймээс Ерөнхийлөгч Ц.Нанзаддоржийн оронд Э.Энхтуяаг, УИХ Д.Одбаярын оронд Л.Өлзийсайханыг, Улсын дээд шүүх Н.Чинбатын оронд О.Мөнхсайханыг томилуулахаар санал болгов. Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар эцэслэн томилно.
-Нэр дэвшигч Э.Энхтуяа нь 1977 онд Улаанбаатар хотод төрсөн. 46 настай, нөхөр хүүхдийн хамт амьдардаг байна. 1995 онд Ховд аймгийн 10 жилийн I дунд сургуулийг, 1999 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг тус тус төгссөн. 2005 онд Япон Улсын Кюүшү их сургуульд хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан, англи, орос хэлтэй. Тэрбээр 1999-2000 онд Ховд аймгийн прокурорын газрын нарийн бичиг, 2000-2001 онд ХЗДХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газарт бичиг хэргийн эрхлэгч, 2001-2002 онд ХЗДХ-ийн дэд сайдын туслах, 2002-2012 онд ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, 2012-2016 онд ХЗЯ-ны Эрх зүйн шинэчлэлийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн, 2016 оноос ХЗДХЯ-ны Бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар тус тус ажиллаж байжээ. Хуульч мэргэжлээр 24 жил ажилласан.
-Нэр дэвшигч Л.Өлзийсайхан нь 1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 2002 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг хууль зүйн магистрын зэрэгтэй төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй, Хууль зүйн ухааны доктор, дэд профессор цолтой. Тэрбээр, 1998-2002 онд Улсын багшийн их сургуульд багш, 2002-2016 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш, ахлах багш, 2007-2012 онд УИХ-ын Тамгын газарт зөвлөх, ахлах зөвлөх, 2012 онд Улсын Их Хурлын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх, 2013-2015 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн хүний нөөцийн газрын дарга, 2015-2017 онд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, 2017-2018 онд Улсын Их Хурлын Тамгын газарт Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх, 2018-2019 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Стратегийн удирдлага, зохицуулалтын газрын дарга, 2019 оны 05 дугаар сараас Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж буй юм.
-Нэр дэвшигч О.Мөнхсайхан нь 1983 онд Ховд аймгийн Жаргалант сумд төрсөн. 40 настай, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. 2005 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн байна. Нэр дэвшигч нь Үндсэн хуулийн эрх зүйн судалгаа хийж, 2008 онд Япон Улсын Нагояагийн их сургуулийн Хуулийн сургуульд хууль зүйн магистрын зэрэг, 2011 онд хууль зүйн докторын зэргээ тус тус хамгаалжээ. Түүнд МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн 2019 оны 2 дугаар тогтоолоор дэд профессор цол олгосон байна. Англи хэлтэй. 2005 оноос МУИС-ийн Хууль зүйн сургуульд тэнхимийн туслах ажилтан, багш, дэд профессор, профессороор нийтдээ 18 жил ажилласан бөгөөд 2022 оны нэгдүгээр сараас МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн захирлын албан тушаалыг хавсран гүйцэтгэж байгаа юм байна. О.Мөнхсайхан нь МУИС-ийн Хууль зүйн сургууль болон хуульч, шүүгчийн үргэлжилсэн сургалтад Үндсэн хуулийн эрх зүй, хүний эрх, шүүх, хуульчийн ёс зүй, эрх зүйн болон улс төрийн философийн хичээлийг заадаг байна. Сүүлийн 10 жилд мэргэшсэн чиглэлээрээ 30 орчим судалгааны төслийг дангаараа болон багаар хэрэгжүүлж, 9 ном, сурах бичиг, 60 гаруй эрдэм шинжилгээний өгүүллийг англи, монгол хэлээр хэвлүүлсэн байна.