Зэвсэгт хүчний 326 дугаар ангид цэргийн алба хааж байсан 21 настай оюутан нас барсан харамсалтай хэрэг гарсан. Талийгаач төгсөх ангийн оюутан байсан бөгөөд цэргийн албанд татагдаад 20 гаруй л хонож байжээ. Тэгвэл уг хэрэгтэй холбогдуулан тус ангийн албан хаагчдыг эмнэлгийн үзлэгт хамруулж, шинжилгээ авч эхэлсэн байна.
Энэ талаар Зэвсэгт хүчний хуурай замын ерөнхий командлагч, бригадын генерал Ч.Цогтжаргал "Өнгөрсөн шөнө буюу арваннэгдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Зэвсэгт хүчний 326 дугаар ангид харамсалтай хэрэг явдал гарлаа. Цэргийн албаа хааж байсан нэг байлдагч маань амь насаа алдлаа. Байлдагчийнхаа ар гэр, төрөл төрөгсөд ойр дотны хүмүүст нь гүн эмгэнэл илэрхийлье. Гарсан хэрэг явдалтай холбоотойгоор дотоод хяналт шалгалтынхан ажиллаж, албаны хүрээнд энэ процессын талаар үнэн мөнийг тогтоохоор хичээж байгаа.
Өглөө 06:30 цаг орчим командлалын жижүүр над руу ярьж, ийм харамсалтай явдал болсныг надад мэдэгдсэн. Өглөө бослогын команд өгөхөд талийгаач босохгүй байсан тул очиж үзлэг хийн, эмч, жижүүрийн бүрэлдэхүүн очиход амь насаа алдсан байдалтай байна. Иймд дараагийн шатны арга хэмжээ буюу эмнэлэг, цагдаа, бусад холбогдох албан тушаалтанд дуудлага мэдээлэл өгснөө хэлсэн. Тухайн үед шуурхай бүлэг томилсон.
Одоогоор мэдэгдэж буйгаар байлдагч маань бусдынхаа адилаар амрах дохио өгөхөд амарсан байна. Өглөө 06:00 цагт бослого эхэлдэг. Харин бослогын дохиогоор босохгүй байсан тул байлдагчийг амь насаа алдсаныг манай үүрэг гүйцэтгэгч, алба хаагч нар мэдсэн байна. Зэвсэгт хүчний зүгээс талийгаачийн ар гэртэй холбогдсон. Үзлэг шалгалт тухайн анги дээр хийгдэж байгаа тул тийшээ оруулах боломжгүй байгаа. Цагдаагийн байгууллага ба Шүүх шинжилгээний газраас эцсийн дүгнэлтийг гаргана" гэх мэдээллийг өгсөн байна.