Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ч.Уртнасан: Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт дэгдэлтийн буюу улаан түвшинд хүрсэн Ц.Наранзул: Нийт хүн амын 69.2 хувьд нь томуу, томуу төст вирусийн тархалт байна ЭНЭҮТ: Хоногт 700-800 хүүхдэд тусламж үзүүлж байна Төрийн албан хаагчдын цалин зургаан хувиар нэмэгдэнэ Тээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлт илгээх “Carplate” цахим системийг арванхоёрдугаар сарын 30-ны өдөр нээнэ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын зорилтыг хэрэгжүүлж, шинэ эдийн засгийн бүтцийг бий болгох гурван шилжилтийг зайлшгүй хийх шаардлагатай ГОЛОМТ БАНК 1-Р САРЫН 2-НД АЖИЛТНУУДДАА ЦАЛИНТАЙ АМРАЛТ ОЛГОНО E-Mongolia-гийн зарим үйлчилгээг 2024 он дуустал түр хязгаарлажээ Толгойт, МҮОНРТ, Баруун 4 зам, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол хамгийн их байна Утааны асуудлаарх Ерөнхий хяналтын сонсголд оролцох иргэдийг бүртгэж эхэллээ
Чингис хаан одонг хэн хүртэх вэ?

Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдөр арваннэгдүгээр сарын 14-ний Мягмар гаригт тохионо. Жил бүр уламжлалын дагуу Төрийн дээд, тэргүүн зэргийн “Чингис” хаан одонг гардуулдаг. Өнгөрсөн 2005 оноос "Чингис хаан” одонг олгож эхэлсэн бөгөөд 2007, 2008, 2018 онд олгоогүй, алгасч байжээ. Энэ жилийн тухайд "Чингис хаан” одонг хэнд олгох эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Сонирхуулахад, Монголын орчин үеийн калиграфийн урлагийн их мастер, уран зураач Д.Баттөмөр агсан Монгол төрийн эрхэм дээд шагнал, тэргүүн зэргийн "Чингис хаан" одонгийн эх загварыг бүтээсэн билээ.  Ингээд үе үеийн “Чингис хаан” одонг хэн гэдэг эрхмүүд хүртэж байсныг эргэн саная.


МОНГОЛ УЛСЫН АНХНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ П.ОЧИРБАТ /2005 он/

“Чингис хаан” одонг хүртсэн анхны эрхэм бол Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат юм. Ерөнхийлөгч асан Н.Багабандийн сүүлчийн зарлиг нь “Чингис хаан” одонг хүртээх тухай зарлиг байсан бөгөөд энэхүү зарлиг нь 2005 оны зургадугаар сарын 24-ний өдрийн 188 дугаартай зарлиг байв. Энэ одонг хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди зарлиг гаргаж, гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, анхны Ерөнхийлөгч П.Очирбатад гардуулж байсан.

Зарлигт “П.Очирбат таны Монгол Улсын анхны Ерөнхий­лөгчөөр сонгогдон ажиллаж, улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, шинэ Үндсэн хууль боловсруулж батлуулах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг нэр төртэй удирдан гүйцэтгэж, эдийн засаг, нийгмийн шинэчлэлийг өрнүүлж, эх орондоо хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлоон байгуулах, үндэсний соёл уламжлалыг сэргээн хөгжүүлэх, гадаад харилцааг өртгөтгөхөд оруулсан жинтэй хувь нэмрийг vнэлж” хэмээн өгүүлжээ.


 УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН, ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Б.ШАРАВ /2006 он/

Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр зарлиг гарган Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравыг “Чингис хаан” одонгоор шагнаж байсан.

Мэргэжлийн урлагийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж, олон симфони, удиртгал, магтуу, бүжгийн жүжгийн болон киноны хөгжим нийтийн дууны ая зохиож, Монголын орчин үеийн хөгжмийн урлагийг хөгжүүлж, дэлхийд улсаа сурталчлахад оруулж байгаа хувь нэмэр болон Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойд “Чингис хаан” дуурь бүтээснийг ийнхүү өндрөөр үнэлж “Чингис хаан” одонг хүртээжээ.


ЕРӨНХИЙ САЙД АСАН Д.БЯМБАСҮРЭН /2009 он/

Өнгөрсөн 2007, 2008 онд завсарласны эцэст Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж зарлиг гарган 2009 онд Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнг “Чингис хаан” одонгоор шагнасан. “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг, ардчилсан, иргэний нийгэм байгуулахад оруулсан жинтэй хувь нэмэр, түүхэн гавьяаг нь үнэлж Дашийн Бямбасүрэнг “Чингис хаан” одонгоор шагнасугай” гэжээ.

Түүний түүхэн гавьяаг хүндэтгэж, Монгол Улсын Ерөнхийлөгч “Бямбасүрэн гуай улс орноо улс төр, эдийн засаг, санхүү нийгмийн цоо шинэ тогтолцоонд шилжүүлж, төр улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг жинхэнэ утгаар нь сэргээн бэхжүүлэх, Монгол Улсын хүн төрөлхтний нийтлэг хөгжлийн замд оруулахад түүхэн гавьяа байгуулж, онцгой хувь нэмэртэй ажилласан” гэж онцолсон байв.


ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН Р.ГОНЧИГДОРЖ /2010 он/

Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын ололт амжилтыг бататгах, анхны ардчилсан парламентыг байгуулж төлөвшүүлэхэд болон улс орондоо ардчилсан, эрх зүйт нийгмийг цогцлоон хөгжүүлэхэд оруулсан онцгой гавьяа зүтгэлийг нь үнэлж Р.Гончигдоржид төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонг хүртээсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Р.Гончигдорж бол Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын чимэг болсон удирдагчдын нэг юм. Тэрбээр улс орныхоо түүхэн шилжилтийн босгон дээр Улсын Бага Хурлын дарга, дэд Ерөнхийлөгчийн ажил албыг нэр төртэй гүйцэтгэснийг Монголын ард түмэн, төр өндрөөр үнэлдэг юм. Р.Гончигдорж бол Монгол дахь ардчилал, эрх чөлөөний төлөөх тэмцэл зүтгэлийн 20 жилийн үлгэр жишээ юм. Таны улс орон, хүн ардынхаа эрх чөлөөт амьдрал, хөгжил дэвшлийн төлөөх онцгой гавьяа зүтгэлийг ашид үнэлж, Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонгоор шагнаж байна” гэв.


МОНГОЛ УЛСЫН 2 ДАХЬ ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАГАБАНДИ /2011 он/

Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч асан Ц. Элбэгдорж зарлиг гарган Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандийг “Чингис хаан” одонгоор шагнасан. Ерөнхийлөгчийн зарлигт “Монгол түмний түүхэн сонголтыг бэхжүүлж, эрх зүйт нийгмийг бүрдүүлж, Монголын төрт ёсны түүхэн уламжлалыг сэргээн баталгаажуулахад оруулж ирсэн онцгой гавьяа зүтгэлийг нь үнэлж Нацагийн Багабандид төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонг хүртээсүгэй” гэсэн байв. Түүний хувьд одонгийн эзэн нь өөрөө шагналыг санаачлагч гэдгээрээ онцлог байжээ.


 ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ, ДОКТОР Д.ДЭМБЭРЭЛ /2012 он/

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Үндэсний баяр наадам, Ардын хувьсгалын 91 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэлд төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонг хүртээсэн.

Ерөнхийлөгч “Монгол Улсад парламентат ёсыг бэхжүүлэх эрхэм үйлсэд олон жилийн нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлээ зориулж, онцгой хувь нэмэр оруулсныг нь үнэлж, жилд нэг удаа олгодог Монгол төрийн хамгийн дээд шагнал болох Чингис хааны одонг танд хүртээж байгаадаа баяртай байна” гэсэн байна.


ЕРӨНХИЙ САЙД, САНГИЙН САЙД АСАН  Д.СОДНОМ /2013 он/

Өнгөрсөн 2013 оноос өмнө “Чингис хаан” одонг Үндэсний их баяр наадмаар гардуулдаг байсан бол энэ оноос эхлэн “Чингис хаан” одонг Монгол бахархлын өдрөөр гардуулах Ерөнхийлөгчийн зарлиг гарсан. Энэхүү одонг Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд, эдийн засагч, санхүүч, Сангийн сайд, Төлөвлөгөөний хорооны дарга, Сайд нарын зөвлөлийн дарга гээд Монголын төр түмний төлөө нэгэн жарны турш зүтгэсэн Д.Содном гуай хүртсэн юм.

Түүнд шагнал гардуулах үеэр “Д.Содном нь төрийн тулхтай, Монгол Улсынхаа тусгаар тогтнол, эдийн засгийн ашиг сонирхлыг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэснээс гадна гуравдагч хөрш, хөрш орнуудтай найрамдалт харилцааг хөгжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн” хэмээн онцолжээ.


АКАДЕМИЧ Х.НАМСРАЙ /2014 он/

Тулгар төр байгуулагдсаны 2223 жил, Их эзэн Чингис хааны мэндэлсний 852 жил, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан алдар нэрээ дэлхийд дуурсгасан Монголын ХХ зууны гарамгай эрдэмтэн Хавтгайн Намсрайг “Чингис хаан” одонгоор шагнасан.

Шагнал гардуулах ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Х.Намсрай та бол манай улсын дэлхийд данстай эрдэмтдийн нэг. Монголын ард түмэн танаар бахархдаг. Танд төрийн дээд “Чингис хаан” одонг гардуулж байгаа нь Монголын төр үеийн үед шинжлэх ухааныг эрхэмлэн, эрдэмтэн мэргэдээ үнэлж ирсний илрэл юм” хэмээн хэлж байв.


 ЗОХИОЛЧ, ЯРУУ НАЙРАГЧ Г.МЭНД-ООЁО /2015 он/

Их эзэн Чингис хааны мэн­дэлсний 853 жил, Монгол бахар­хлын өдрийг тохиолдуулан “Чингис хаан” одонг яруу найрагч, соёлын гавьяат зүтгэлтэн Гомбожавын Мэнд-Ооёод хүртээсэн. Г.Мэнд-Ооёогийн Монголын түүх, соёлын өвийг хамгаалах, сэргээх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Монголын болон дэлхийн утга зохиолын ертөнцөд гарамгай зохиолч, яруу найрагч гэдгээрээ хүлээн зөвшөөрөгдсөн учир түүнд энэхүү шагналыг хүртээсэн юм.

Г.Мэнд-Ооёо шагнал гардахдаа “Их эзэн хааныхаа мэндэлсэн өдөр, “Монгол үндэсний бахархлын өдөр” Монгол төрийн эрхэм дээд шагнал “Чингис хаан” одонг Ерөнхийлөгчөөсөө хүлээн авах хувь ерөөл тохиосонд ихэд баярлан догдолж байна. Суут Богд их эзэн Чингис хааныхаа алдраар овоглосон эрхэм дээд шагналыг би Монголын үндэсний оюуны баялгийг бүтээгчдэд, өнөө цаг үед хүлээлгэж байгаа итгэл найдвар, манай төрийн бодлого эрдэм соёлын салбар руу чиглэж буйн илрэл гэж ойлгож байна” хэмээсэн.


ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН, ДУУЧИН Г.АРИУНБААТАР /2016 он/

Өнгөрсөн 2016 оны Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонг Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Г.Ариунбаатарт хүртээсэн. Төрийн эрхэм дээд энэхүү шагналыг гардуулахдаа Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Улс үндэстнийхээ өмнө онцгой гавьяа байгуулсан, ухаант аав ээжийн авьяаслаг хүү, эрдэмт багш нарын хөдөлмөрч сайн шавь, дуурийн урлагийн шинэ нэгэн түүчээ, дуучин Ганбаатарын Ариунбаатар танд монголчуудын бахархлыг бадрааж, золбоо хийморийг өргөн, улам их амжилт гаргана гэдэгт итгэж байна” хэмээсэн юм. Г.Ариунбаатар нь уг эрхэм шагналыг хүртсэн 10 дахь эрхмээр тодорч байв.


ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, ЖҮДОЧ Н.ТҮВШИНБАЯР /2017 он/

Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Түвшинбаярт хүртээв. Төрийн эрхэм дээд энэхүү шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга Төрийн ордны Есөн хөлт их цагаан тугт танхимд гардуулан өгсөн юм.

Найдангийн Түвшинбаяр 2008 оны наймдугаар сарын 14-ний өдөр Монгол Улсын түүхэнд олимпын анхны алтан медалийг хүртсэн нь монголчуудын эв нэгдлийг хангах, улс төрийн хурцадмал үйл явцыг намжаахад онцгой чухал үүрэг гүйцэтгэсэн. Мөн Н.Түвшинбаяр 2013 онд Улсын их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд зургаа давж, Монгол Улсын харцага цол, 2017 онд долоо давж, Монгол Улсын заан цол хүртсэн юм. Тэрбээр уг эрхэм шагналыг хүртсэн 11 дэх эрхмээр тодорсон билээ.


 “THE HU” ХАМТЛАГ /2019 он/

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга "Чингис хаан" одонг “The Hu” хамтлагт хүртээж ерөнхий продюсер Б.Дашдондогт гардаж авсан. Анх удаа хамтлагт “Чингис хаан” одон гардуулж, жаазанд тусгайлан суулгасан “Чингис хаан” одонг хамтлагийн төлөөлөл болгон продюсер Б.Дашдондогт гардуулсан юм.

Энэ үеэр аялан тоглолттой байсан “The Hu” хамтлагийн залуусыг сүүлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хүлээн авч уулзаад, “Чингис хаан” одонгийн энгэрийн тэмдгийг зүүн өгч, эх хэлээрээ туурвисан уран бүтээлээ дэлхий дахинаа сурталчлан түгээж байгаад нь баяр хүргэсэн.

ЖҮГДЭРДЭМИДИЙН ГҮРРАГЧАА /2021 он/

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жилд нэг удаа "Чингис хаан" одон гардуулдаг. Гэвч 2020 онд "Чингис хаан" одон гардуулалгүй өнжсөн билээ. Тэгвэл 2021 онд монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга "Чингис хаан" одонг сансрын нисгэгч Ж.Гүррагчаад гардуулсан.

Ж.Гүррагчаа нь ЗХУ-ын сансрын нисгэгч В.А.Жанибековын хамтаар 1981 оны гуравдугаар сарын 22-ны 14:58 цагт тухайн үеийн ЗХУ-ын Байконуур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас “Союз-39” хөлгөөр хөөрсөн байдаг. Тэрбээр, Монголоос сансарт ниссэн анхны нисэгч, Ази тивийн хоёр дахь, дэлхийн 101 дэх хүн хэмээн сансар судлалын түүхэнд бичигдсэн.

Д.ДОРЖГОТОВ, МОНГОЛЧ ЭРДЭМТЭН ЖЭК УЭТЕРФОРД НАР /2022 он/

Тулгар төрийн 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 816 жил, Эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жил, Ардын хувьсгалын 101 жил, Их Эзэн Чингис хааны мэндэлсний түүхт 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан академич Д.Доржготов болон монголч эрдэмтэн Жэк Уэтерфорд нарт Монгол Улсын төрийн тэргүүн дээд шагнал "Чингис хаан" одон хүртээсэн.

Д.Доржготов академич сэтгэгдлээ хуваалцаж хэлсэн үгэндээ “Монгол бахархлын өдөр олгодог Чингис хаан одонг шинжлэх ухааны салбарын олон зуун хүмүүсийн төлөөлөл болгон надад олгосонд баяртай байна. Шинжлэх ухаанд үзүүлж буй асар том үнэлгээ, их том итгэл хэмээн үзэж байна.

Би 1962 онд Москвагийн их сургуулийг төгсөж ирснээс хойш 60 жил судалгаа явуулж байна. Монголын сайхан эрдэмтэд, гадаадын эрдэмтэдтэй хамтран Монгол орныхоо бараг бүх нутгаар явж судалгаа хийсэн. Нийт 330 сумаас 250 орчим суманд очсон. Хөрс байхгүй бол хуурай газрын амьдрал байхгүй. Тиймээс үүнийг судалж, хайрлаж, хэлхэж явах хэрэгтэй юм" гэв.

Харин монголч эрдэмтэн Жэк Уэтерфорд "Чингис хаан" тэргүүн дээд одон хүртсэн анхны гадаад иргэн болов. Тэрбээр “Дэлхийн түүхнээ агуу баатрууд нь хууль ёс тогтоогчид байдаг. Чингис хаан шинэ шашин зохиогоогүй. Харин мөнх тэнгэрийн зарлигаар бүх шашинд эрх чөлөө олгосон. Шашин тус бүрдээ бурхны мутрын хуруу төдий байсныг Чингис хаан нэгтгэж, нэгэн цул болгож, хүн төрөлхтний нэгдмэл хүсэл мөрөөдөл болох даян дэлхийн энх тайвныг тогтоосон. Дэлхий өнөөдөр ч гэсэн тэр хүсэл зорилгодоо хүрэхээр тэмцсээр байна.

Чингис хааны хуулийг үргэлжлүүлэхийн төлөөх үйлс тэмцлийнхээ, Монголын их амар амгаландаа мөрөөдөлдөө тэмүүлсэн ес дэх зуунаа хүн төрөлхтөн элээж явна. Ес нь үлэмж бэлэгдлийг шингээсэн тоо. Чухам энэ зуунд монголчууд Чингис хааны мөрөөдлийг биелүүлэх замыг дөтлөн, эх дэлхийдээ тусалж чадна гэж би итгэдэг.

Сая Монгол руу ирж явахдаа Хэнтийн тал дээгүүр нисэн өнгөрөхдөө тэртээ өвлийн өглөө Өүлэн эх хонгор хүүгээ эх дэлхийд төрүүлж байхад энэ нутаг эх орон нь ингэж л сайхан харагдаж байсан байх даа хэмээн сэтгэл зүрхэндээ бодож огшиж байлаа. Чингис хааны ариун үндэстэн, үр хүүхдүүдийг Монголын мөнх хөх тэнгэрийн алтан гэрэл цацраг үүрд гийгүүлж байхыг ерөөж залбирч байна. Энэ бол Чингис хааны төрсөн нутаг. Монголын сайхан орон” гэж хэлсэн байдаг.

1 Сэтгэгдэл
Сайн эмч юмуу инженерт өгөх хэрэгтэй Попордог хүмүүст өгсөөр байгаад шагналын нэр хүнд унасан шүү
Хамгийн их уншсан