Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Голомт банк “OneSky” хүүхэд хөгжлийн байгууллагад дэмжлэг үзүүлж хамтран ажиллана


Голомт банк “OneSky” хүүхэд хөгжлийн байгууллагад дэмжлэг үзүүлж хамтран ажиллана

Голомт банк “OneSky” хүүхдийн төлөөх олон улсын байгууллагатай хамтран Улаанбаатар хотын алслагдсан дүүрэгт амьдардаг бага насны хүүхдүүдийн хөгжлийг дэмжих хамтын ажиллагаагаа эхлүүллээ.

“Хүүхэд бүрийн төлөө” уриатай OneSky байгууллага Вьетнам, Хятад, Хонконг зэрэг орнуудад үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд 2018 онд Монгол дахь төлөөллийн газраа байгуулснаар “Гэр бүлийн төв”-ийн үүд хаалгаа нээжээ. Тус төв нь 0-4 насны хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчдад зориулан бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих, хүүхдээ ойлгон хүмүүжүүлэх, суралцах боломжуудыг нь нээхэд туслах зорилгоор олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, шинжлэх ухаанд суурилан боловсруулсан хүүхдийн бие бялдар, танин мэдэхүй, хэл яриа, сэтгэл хөдлөл, хоол тэжээл, орчны аюулгүй байдлын талаарх “Гэр бүлийг чадавхжуулах” цогц сургалт хөтөлбөрүүдийг нэн ялангуяа алслагдсан дүүргийн хүүхдүүд, гэр бүл, эцэг эхчүүдэд үнэ төлбөргүй зохион байгуулдаг олон улсын байгууллага юм. Ийнхүү Монголд үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш өнөөдрийг хүртэл нийт 3000 гаруй бяцхан хүүхэд, 1551 эцэг эх, асран хамгаалагч, сувилал болон цэцэрлэгийн багш нарт сургалт орж, цар хүрээгээ тэлээд буй.

Хүүхэд бүр аюулгүй орчинд өсөж торних, сурч боловсрох, хөгжих тэгш эрхтэй. Голомт банкны хувьд нийгмийн хариуцлагын хүрээнд эх орны ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа эрүүл мэнд, боловсролд анхаарал хандуулж, хувь нэмрээ оруулахыг эрмэлздэг бөгөөд “Зүрх мартахгүй” төслийн албан ёсны түнш байгууллагаар, мөн Лантуун дохио ТББ-ын “Ид шидийн орон”-д хамт олноороо нэгдэн хандив өгөх зэргээр олон төсөл хөтөлбөрүүдтэй хамтарч, дэмжин ажилладаг. Харин энэ удаад Голомт банк хүүхдийн төлөөх сайн үйлсийн ажлуудаа илүү өргөжүүлэн олон улсын байгууллагуудтай хамтран дэмжлэг туслалцаа үзүүлж байгааг дуулгахад таатай байна. Бизнесийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүд хүүхэд бүрийн төлөө дуу хоолойгоо нэгтгэж, тус байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх боломжтой.

OneSky ТББ-ын тухай:

OneSky байгууллага нь анх 1998 онд үүсгэн байгуулагдсан. Хүүхэд бүрийн нуугдмал авьяас, ур чадварыг нь нээн хөгжүүлэх, чанартай асаргаа халамж үзүүлэх, боловсрол олгох сургалтуудыг эцэг эх, асран хамгаалагч, олон нийтэд нээлттэй явуулдаг 25 жилийн туршлагатай ашгийн бус байгууллага юм. Байгууллагын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.onesky.org/ холбоосоор зочлоорой.

Хүүхэд бүр аз жаргалтай байг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан