Нийслэл Улаанбаатар хотод энэ оны долоо, наймдугаар сард болсон үерийн гамшигт нийт 120 хороо, 11,956 өрхийн 34,473 хүн, 542 барилга, байгууламж, 584 гэр, байшин, 146 аж ахуйн нэгж, байгууллага, 230 тээврийн хэрэгсэл өртсөн. Түүнчлэн 21 байршлын гудамж, зам талбай усанд автан, 74,023 хэрэглэгч цахилгаангүй болж, дөрвөн хүн харамсалтайгаар амь эрсэдсэн билээ. Иймд Дэлхийн банкны санхүүжилтээр НЗДТГ, УБЗАА хамтран “Үерийн сургамж, шийдэл” хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулж байна.
Хэлэлцүүлгээр үерийн нөхцөл байдал, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах боломж, олон улсын сайн туршлагыг хэлэлцэн, цаашид баримтлах нэгдсэн бодлого, арга хэмжээг цогцоор нь тодорхойлохоор санал солилцож буй. Тус хэлэлцүүлэгт Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг, Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Л.Ариунтуяа, УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж болон байгаль орчны салбарын мэргэжилтэн, олон улсын эрдэмтэн, судлаач нар оролцож байна.