ОХУ-д шинэ татвар ногдуулах хууль хүчин төгөлдөр болсноор ОХУ-ын төрийн эрчим хүчний ИнтерРАО холдинг зарим орны хэрэглэгчдийн цахилгааны үнийг долоон хувиар нэмэхээр болсон. Хэрэв энэ өсөлтийг хүлээн зөвшөөрөхгүй бол эрчим хүчний нийлүүлэлтээ хязгаарлах эсвэл зогсоох арга хэмжээ авна гэж мэдээлсэн юм.
Энэ талаар болон эрчим хүчний үнэ тарифын талаар ЭХЗХ-ны Ажлын албаны дарга Б.Болор-Эрдэнээс тодрууллаа.
-Эрчим хүчний салбар жил бүр алдагдалтай ажиллаж байна. Алдагдлыг багасгахад тариф нэмэх шаардлагатай гэж ярьдаг ч нэмэхгүй байгаа. Ирэх онд тариф нэмэх үү?
-Өмнө нь 2022 оны арваннэгдүгээр сараас ААН-үүдийн эрчим хүчний тарифыг нэмсэн. ААН-үүдийн хэрэглээнээс нь хамааран 5000 кВт.цаг байх юм бол 14 хувиар, 5000 кВт.цагаас дээш байвал 28 хувиар тарифыг нэмэгдүүлсэн. Мөн нүүрс, газрын тос, шатдаг хий, төмрийн хүдэр, түгээмэл тархацтай болон бусад ашигт малтмал, банк, интернэт, үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчид, согтууруулах ундаа үйлдвэрлэгч, криптовалют олборлох, үйлдвэрлэх үйл ажиллагаа эрхлэгчийн сарын хэрэглээний 200 мянган кВт.цаг хүртэлх хэрэглээний тарифыг 28 хувь, үүнээс дээш хэрэглээний тарифыг 38 хувиар нэмэгдүүлсэн.
Харин 2019 оны хагас жилээс хойш хугацаанд айл өрхийн тарифыг огт нэмээгүй. Тарифт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага бий. Бидний үйлдвэрлэж буй цахилгааны өртөг энэ оны байдлаар нэг кВт.цаг нь 243 төгрөг байна. Харин борлуулж буй үнэ нь 215 төгрөг байгаа юм. Иймд тариф нэмэх шаардлагатай байгаа юм. Энэ асуудлыг нийтээрээ мэднэ.
-Эрчим хүчний салбарын алдагдал хэд байгаа вэ?
-Эрчим хүчний салбар 2021 онд 77.8 тэрбум төгрөг, 2022 онд 187.3 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. Энэ оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр алдагдал 121.2 тэрбум төгрөгт хүрнэ гэсэн урьдчилсан тооцоо байна. Эрчим хүчний салбар нь өөрсдийн бололцоог ашиглан эрчим хүч үйлдвэрлэгч компаниудын зардлыг аль болох өсгөхгүй, хөрөнгө оруулалтыг, засвар шинэчлэлийн асуудлыг хойшлуулах, үйл ажиллагааны зардлыг хэмнэх, дотоод хэрэгцээний цахилгаан эрчим хүчний хэрэглээ болон дамжуулалт, түгээлтийн алдагдал, импортын цахилгааныг бууруулах зэргээр арга хэмжээ авч байна. Гэсэн хэдий ч алдагдалтай байсаар байна.
-Алдагдлыг хэрхэн нөхөж байгаа вэ?
-Алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэр байхгүй. Алдагдал нэмэгдэхийн хэрээр өр төлбөр нэмэгдсээр байна.
-Танайхаас эрчим хүчний үнийг нэмэх тал дээр ямар судалгаа хийж байна вэ?
-Хэрэглэгчдийн хэрэглээнээс хамаарсан шаталсан тарифын тогтолцооны талаар судалж байна. Нэг сард 250 кВт.цаг хүртэлх хэрэглээтэй хэрэглэгчийн тарифт бага хэмжээгээр, түүнээс дээших хэрэглээнд бол бодит өртөгт ойртуулах байдлаар тариф тогтоох тооцоо, судалгааг хийсэн. Мөн оргил ачааллын үед цахилгаан эрчим хүчний хэмнэлтийг дэмжих зорилгоор оргил ачааллын үеийн тарифыг нэвтрүүлэх судалгаа, тооцоог мөн хийж байна. Ер нь бол цахилгааны 1 кВт.ц цахилгааны үнийг дор хаяж 243 төгрөг болгох шаардлагатай. Ингэж байж эрчим хүчний салбар хэвийн үйл ажиллагаатай болно.
-Тарифаа нэммээр байна гээд яриад байдаг мөртлөө нэмэхгүй байгаа шалтгаан нь юу юм бэ?
-Цар тахлын улмаас нийгэм, эдийн засагт хүндрэл учирсан. Ийм үед тариф нэмэх нь иргэдийн амьжиргаанд нөлөөлөх магадлалтай байсан. Тариф нэмэх тухай асуудал бол зөвхөн манай улсад байгаа асуудал биш юм. Олон улсын хэмжээнд эрчим хүчний үнэ нэмэгдэж байна.
-ОХУ-аас эрчим хүчний тарифаа нэмнэ, зөвшөөрөхгүй бол нийлүүлэлтээ зогсооно гэх мэдээлэл гарсан. ЭХЗХ энэ талаар мэдээлэлтэй байна уу?
-ОХУ-тай хийдэг Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ гэж бий. Үүнийг улирал тутам шинэчилдэг. Манай улс цахилгаан эрчим хүчийг гурван төрлийн тарифаар тооцож авдаг. Нэгд, энергийн. Хоёрт, чадлын. Гуравт, эрчим хүчний төлөвлөгөө, гүйцэтгэлийн зөрүү буюу хазайлтын тариф байдаг. ОХУ-тай энэ оны дөрөвдүгээр улирлын гэрээг саяхан шинэчилсэн. Ингэхэд энергийн тарифыг 5.1 хувиар, чадлын тарифыг 6.8 хувиар нэмэгдүүлсэн байна. Оргил ачааллын үеэр ОХУ-аас чадал авдаг. Энергийн гэдэг нь ОХУ-аас 24 цагийн хугацаанд авч буй цахилгаан юм. Харин хазайлтын тариф нь манайх авна гэж төлөвлөсөн хэмжээнээсээ зөрүүлж авбал төлбөр төлдөг. Эдгээр тариф нь гэрээний дагуу явдаг гэлээ.
Н.Саруулдал (itoim)