Чойжин ламын сүм музейн Ядамын сүмийн сэргээн засварлалтын төслийг барилгын ур хийц, дүр дүрслэлийн анхны хэлбэр төрхийг алдагдуулахгүй сэргээн засварлаж, түүх соёлын өвийг хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор хэрэгжүүлж дуусжээ.
Монголын Урлагийн Зөвлөл /МУЗ/ нь АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын нэрэмжит соёлын өвийг хамгаалах сангийн дэмжлэгээр Дэлхийн хөшөө дурсгалын сантай хамтран 2021 оноос хоёр жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн уг төслийн хаалтын ёслол Чойжин ламын сүм музейд өнөөдөр болов.
Энэ үеэр АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган, “Чойжин ламын сүм нь Монголын Буддын шашны түүхэнд чухал ач холбогдолтой бөгөөд 2020 оны Дэлхийн хөшөө дурсгалын хамгаалалтад багтсан байдаг. Энэ бол Монгол Улсын тэсвэр хатуужлын бэлгэдэл, ардчилал, шашин шүтэх эрх чөлөө, тусгаар тогтнолын ач холбогдлын илэрхийлэл юм. Бид чухал төслүүдийг дэмжих зорилгоор Сангийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх үүрэгтэй. Хойч үе маань үүх түүх, үнэт зүйлээсээ суралцаж, тэдгээрээр холбогдсон байхын тулд Монголын өв соёлыг хамгаалахад манай хоёр улсын хамтын ажиллагаа чухал юм” гэдгийг онцлов.
2001 оноос хойш Монголын соёлын өвийг хадгалан хамгаалахад зориулан АНУ-аас Элчин сайдын соёлын өвийг хамгаалах сангаараа дамжуулан 2.5 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Ядам сүмээс гадна Амарбаясгалант хийд, Богд хааны ордон музейд хадгалагдаж буй ирвэсийн арьсан гэр, Хануйн хөндий орчим дахь хүрэл зэвсгийн үеийн буган чулуун хөшөө зэрэг Монголын түүх, соёлын чухал бүтээлүүдийг сэргээн засварлах ажилд тус сангаас дэмжлэг үзүүлж иржээ.
XIX зууны сүүлч, ХХ зууны эхэн үеийн Монголын түүх, шашин, соёл, уран барилга, урлахуй ухааны дахин давтагдашгүй цогцолбор чуулга бүтээлийн нэг Чойжин ламын сүмийг 1904-1908 онд бүтээн цогцлоосон түүхтэй. Сүм нь Махаранз, Гол, Занхан, Зуу, Ядам, Хотол чуулган тус Энх-Амгалангийн тив сүм гэх нийт таван сүм, хүндэтгэлийн таван хаалга бүхий цогцолбор юм.
Чойжин ламын сүм цогцолборт 1956-1961 онд иж бүрэн, цогц сэргээн засварлалт хийсэн удаатай. Үүнээс хойш хэсэгчилсэн сэргээн засварлах ажлууд хийж байсан ч олон жилийн турш иж бүрэн сэргээн засварлалт, бэхжүүлэлт хийгээгүйн улмаас барилга бүтээц, хийц, дүр дүрслэл, өнгө будаг болон модон хийцлэлүүд, дээврийн ваарууд хооронд засвар үүсэж, музейн үнэт өвүүд устах, гэмтэх эрсдэл үүсээд байжээ.
Түүх соёлын үнэт өвийг хойч үедээ үлдээх зорилготой уг төслийг төр, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд гадаад, дотоодын сэргээн засварлалтын мэргэжилтнүүдийн оролцоотой, олон улсын жишгийн дагуу хэрэгжүүлснийг төслийн багийнхан онцолж байна. Төслийн хүрээнд сүмийн дээврийн хөх тоосгон ваарыг хэсэгчлэн сольж, хаалга, цонх зэрэг модон хийцлэлийн өнгө, будгийг сэргээн, бэхжүүлж, дээврийн дэлний чимэглэл болох шувуу, бар тэргүүт чимэглэл, багана, даацын хөндлөвч зэрэг сүмийн үндсэн хийцлэлүүдийг сэргээжээ.
БНХАУ-ын Шинжлэх ухаан, техонлогийн их сургуулийн соёлын өвийн хадгалалт, эртний Хятадын ханын зургийн сэргээн засварлалтын профессор Гуо Хонг, түүх соёлын дурсгалт уран барилгын хийц, соёлын олдворын хадгалалт хамгаалалтын мэргэжилтэн Шиао Жинлианг нар өнгө, будгийн төрөл болон модон эдлэлийн сэргээн засварлалтын чиглэлээр зөвлөж ажилласан бол АНУ-аас түүх, соёлын дурсгалт уран барилгын сэргээн засварлалтын мэргэжилтэн Стефен Ж.Келли төслийн нийт менежментийн төлөвлөгөөг боловсруулж, төслийн явцад ерөнхий зөвлөхөөр ажиллажээ. Түүнчлэн Монгол Улсын зөвлөх архитектор З.Оюунбилэг, Г.Нямцогт, Б.Адьяа, Ж.Баясгалан нар захиалагчийн хяналтыг хийж, “Энержин” ХХК ажлыг гүйцэтгэжээ.
Ташрамд дурдахад, Чойжин ламын сүм музей Монголын түүх, шашин, соёлын холбогдолтой 6000 гаруй эд өлгийн зүйлийг дэлгэн үзүүлдэг бөгөөд жилд дунджаар 30 мянга гаруй үйлчлүүлэгч хүлээн авдаг байна.