Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"Орчны бохирдолтой холбоотой нэг ч ажил хийдэггүй газарт хамгийн их төсөв тусгасан"

"Агаар, орчны чанарын өнөөгийн байдал" хэлэлцүүлгийн үеэр Монголын байгаль орчны иргэний зөвлөл ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Б.Цогзолмаа манай улсын агаарын бохирдлын түвшин 2017 онд гамшгийн хэмжээнд хүрсэн гэх зөвлөмжүүд гарсныг дурдсан. Асуудлыг шийдэхийн тулд эхний ээлжид төсөв мөнгөний асуудлыг шийдэх шаардлагатайг хэлэв. 

"Тухайлбал ирэх оны төсвийг хэлэлцэхдээ ХНХЯ-д хамгийн их дүнг тусгасан. Гэтэл тус яам орчны бохирдолтой холбоотой нэг ч ажил хийдэггүй. Мөн энэ асуудлыг хариуцдаг эзэнтэй байх ёстой. Сүүлийн арав гаруй жилд зөндөө ажил хийгдсэн ч ямар ч үр ашиггүй байна.

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороонд мэргэжлийн байгууллагаас маш цөөн хүн байдаг. Иймд бид гишүүдийн гуравны нэг хүртэлх хувьд мэргэжлийн байгууллагаас төлөөлөл оруулах санал тавьдаг" гэсэн юм. 

НЭМҮТ-ийн Орчны эрүүл мэндийн албаны эрдэм шинжилгээний ажилтан О.Оюун-Эрдэнэ дотоод орчны агаарын чанарын судалгааны үр дүнг танилцуулсан.

10 орчим жилийн өмнөх судалгаанд хамрагдсан нийт хүүхдийн 77.8 хувьд нь агаарын замын өвчлөлийн ямар нэг эмгэг шинж тэмдэг илэрсэн. Өвчний шинж тэмдэг гэр буюу ердийн галлагаатай сууцанд амьдардаг хүүхдүүдэд тохилог орон сууцанд амьдардаг хүүхдээс илүү илэрч байсан аж.

2019 оны аравдугаар сараас 2020 оны гуравдугаар сар хүртэлх хугацаанд 837 өрхийн 2576 иргэн угаарын хийн хордлогод ямар нэг байдлаар өртөж, 15 хүн амиа алдсан. Үүнээс нүүрс түлж байгаа тохиолдолд өдрийн турш дотоод орчинд нүүрсхүчлийн хий ялгарч, хуримтлал үүсгэдэг нь харагдаж байна.

Монгол Улсын стандартад РМ2.5 тоосонцор 50 байх ёстой байтал сургуулийн дотоод орчинд үүнээс хэд дахин их байжээ. Тухайлбал төвийн шугамд холбогдсон сургуульд 272, хэсгийн халаалттай сургуульд 636 байсан. Энэ нь сурагчдын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх түвшин юм.

Үүнийг шийдвэрлэхийн тулд сургуулиудад агаар цэвэршүүлэгч байршуулсан бөгөөд бохирдуулагчийн хэмжээг 29 хувиар бууруулсан үр дүн гарчээ. Мөн 2007 онд хийсэн судалгаагаар түлшний төрлүүд дотоод орчинд шууд нөлөөтэй гэж гарсан байна.

Агаарын бохирдлын эсрэг иргэдийн оролцоог хэрхэн нэмэгдүүлэх асуултад тэрбээр “Нэгдүгээрт иргэд энэ талаар сайтар мэдлэгтэй байх хэрэгтэй. Хоёрдугаарт хэрэглээ болон өдөр тутмын дадалдаа анхаарах, гуравдугаарт гадаад орчинд амны хаалт зүүж хэвших”-ийг санал болгож байсан юм. Мөн агаарын чанарын индексийн үзүүлэлтийг ашиглаж, урьдчилан сэргийлдэг байхыг уриалав.

Харин бодлогын түвшинд НЭМҮТ-ээс цэвэр түлш рүү шилжихийг дэмждэг гэдгээ дурдсан. “Манай улс сэргээгдэх эрчим хүч ашиглах бүрэн боломжтой. Агаарын бохирдлын улмаас дэлхий даяар жилд 7.2 сая хүн амиа алдаж байна. Харин сэргээгдэх эрчим хүч ашигласнаар жилд 7.5 сая хүний амийг аврах боломжтой гэсэн олон улсын судалгаа байдаг” гэлээ.

Цаг уур орчны шинжилгээний газрын орчны шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батбаяр агаарын чанарын мониторингийн талаар танилцуулж, агааржуулалтын системтэй орон сууцны стандартыг тогтоох хэрэгтэйг онцолсон. Тэрбээр "Барилгын компаниуд "хүн амьдрах л байр" бариад байна. Гэтэл байрны дотоод орчны чанарыг хангах, агааржуулалтыг шийдэх зэрэг маш чухал ажлууд хийгдэхгүй байна" гэв. 

Мөн агаарын чанарыг хэмжих 18 автомат харуул тасралтгүй 24 цагийн турш ажиллаж байгаа бөгөөд дгээр нь олон улсын стандартаар батламжлагдсан тул агаарын чанарын бодит хэмжилт хийдгийг онцолсон.

Агаарын бохирдол үүсгэх эх үүсвэрийг дулааны станцууд, авто тээврийн хэрэгсэл, гэрийн болон усан халалтын зуух тэргүүлж байна. Үүнээс дулааны станцууд гэхэд л жилд дунджаар зургаан сая тонн нүүрс шатааж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан