Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хуурамч диплом ашиглан багшаар томилогдсоныг гэмт хэрэгт тооцов

Эрүүгийн хуульд хуурамч диплом болохыг мэдсээр байж ашигласан бол гэмт хэрэгт тооцохоор заасан ба Сүхбаатар аймгийн Прокурорын газраас иргэн “А”-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “ Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах”  гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж гэм буруутай эсэхийг шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Иргэн “А” нь  Монгол Улсын Боловсролын Их сургуулийг хууль, журмын дагуу, зохих ёсоор суралцаж төгсөөгүй боловч уг сургуулийг төгссөн гэх дээд боловсролын бакалаврын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж  ашиглан “С” аймгийн “Б” сумын бүрэн дунд сургуулийн багшийн ажилд томилогдон 2009-2023 онд ажиллаж, “Хуурамч баримт, бичиг ашиглах” гэмт хэргийг удаан хугацаагаар үйлдэн,хууль бус санаагаа хэрэгжүүлсэн хийгээд хохирол, хор уршиг үргэлжилсээр тухайн гэмт хэрэг төгсөөгүй тул хөөн хэлэлцэх хугацаа нь өнгөрөөгүй гэж дүгнэж, шүүхээс түүнийг гэм буруутайд тооцсон.

Эрүүгийн хуульд уг гэмт хэргийг үйлдсэн хүнийг 450,000-5,400,000 төгрөгөөр торгох эсхүл 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1 сараас 1 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэхээр заасан байдаг.

Шүүхээс тухайн иргэний үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал, эд хөрөнгө болон хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан үзэж 2 сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтанд өөрийн оршин суух газар болох Сүхбаатар аймгийн Баруун- Урт сумаас явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх үүргийг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, түүнд ажиллаж байсан үед олгогдсон цалин хөлс 81.391.642  төгрөгийн төгрөгийг гэмт хэргийн улмаас олсон ашиг орлогод тооцож, улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Тодруулахад, энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Сүхбаатар аймгийн Ерөнхий боловсролын лаборатори 1 дүгээр сургууль “Тус сургуулийн багш А нь хөдөлмөрийн гэрээний дагуу үүрэгт ажлаа хангалттай сайн гүйцэтгэж,  байгууллагын зүгээс ажлын цалин хөлсийг нь тухай бүр олгож байсан.

Манай байгууллагад хохирол учраагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 10-т заасны дагуу иргэний нэхэмжлэлээс татгалзаж байна” гэж  эрх бүхий этгээд шүүхэд нэхэмжлэл гаргахаас татгалзсан байна.

Прокурорын тухай болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд прокурор иргэний хэрэгт санаачилгаараа оролцож болохоор заасан байдаг.  Үндсэн хууль болон бусад хуулиар тодорхойлсон эрх, үүргээ хэрэгжүүлэх, иргэний эрх зүйн харилцаанд оролцох төрийн байгууллага, албан тушаалтан эс үйлдэл гаргаж, нэхэмжлэл гаргахаас татгалзсан тохиолдолд төрд учирсан хохирлыг гаргуулахаар прокурор санаачилгаараа нэхэмжлэх нь хууль зөрчихгүй юм.

Бүрэн дунд сургуулийн багш нь дээд боловсролтой байхыг хуулиар шаардсан бөгөөд А нь зохих журмаар суралцаж, төгсөөгүй, бакалаврын багц цагийг хангаагүй атлаа гэмт хэрэг үйлдэх замаар бий болсон дээд боловсролын дипломыг хуурамч гэдгийг мэдсээр байж, санаатайгаар ашиглаж төрийн албанд томилогдсон байна. Иймээс эрхлэх ёсгүй албан тушаалд ажиллаж, авах ёсгүй цалин хөлс авсан гэж үзэж, түүний ажиллах хугацаандаа авсан цалинг байгууллагад учирсан хохиролд тооцно.

Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай болон Хөдөлмөрийн тухай хуулиар иргэн хүн ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, гүйцэтгэсэн ажилдаа тохирсон шударга цалин хөлс авах зарчимтай. Гэвч А нь санаатайгаар хууль бус үйлдэл хийж, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсгэж, хуулийн дагуу эрхлэх үндэслэлгүй байсан албан тушаалд ажилласан байна. Иймд А-г гүйцэтгэсэн ажилдаа тохирсон цалин авсан гэж үзэхгүй, өөрөөр хэлбэл, түүний эрх ашиг дээр дурдсан хуулиар хамгаалагдах үндэслэлгүй юм. 

Харин А нь 2009 оноос эхлэн тасралтгүй ажил эрхэлж байсан, түүний өөрийгөө болон гэр бүлээ тэжээх амьжиргааны зайлшгүй хэрэгцээ, шаардлагатай нөхцөлийг харгалзан түүнд олгогдсон цалин хөлс буюу 122.506.588 төгрөгийн хохирлоос тухайн цаг хугацаанд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 41.320.939 төгрөгийг хасаж, үлдэх 81.391.642 төгрөгийн хохирлыг А-аас гаргуулж улсын төсөвт оруулсан болохыг дурдья.

                                                                                                        Тоймыг бэлтгэсэн: Сүхбаатар аймаг дахь сум дундын

                                                                            Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Насанбуян

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан