Хотын дарга, нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъябазар огцорсноор МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амабаясгалангийн Хотын МАН-ын хороог авах хүсэл биелсэнгүй. Д.Сумъябазарын хувьд Хотын намын хороогоо өгөх эсвэл Хотын даргаа өгөх сонголтын өмнө байсаар багагүй хугацааг үдсэн. Тиймдээ ч өнөөдрийн ногоон автобусны хэрэг “захиалагчтай” байсан гээд хэлэхэд үнэнээс хол зөрөхгүй болов уу. Сонгууль ойртсон энэ цаг үед нийслэлийн намын хорооны даргын суудал нь Д.Сумъяабазарт ашигтай бөгөөд хэрэгтэй.
Хотын дарга Д.Сумъяабазар өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэрээ ч үүнийгээ тодорхой хэлэв. 2020 оны сонгуульд нийслэлийн намын хороогоо би өөрөө, ганцаараа удирдаж, ялсан. Сонгуулиар намын удирдлагын түвшинд, Д.Амарбаясгалан даргаас нэг ч тусламж авахгүйгээр намаа авч гарсан, ялсан гэдэг үгийг шидэв.
Өөрөөр хэлбэл, энэ нийслэлийн намын хороог чинь өдий зэрэгтэй болгох гэж, сонгуульд ялалт байгуулах гэж би ганцаараа хичээсэн, одоо хэн нэгэнд зүгээр өгч чадахгүй гэдгээ хатуухан сануулчих шиг. Сонгууль хаяанд ирсэн энэ үед асуудал ихтэй нийслэлийг цааш удирдаж, улс төрийн өрнөлөө даахгүй байх ч эрсдэл байсан уу гэвэл байсан. Харин намын дарга Л.Оюун-Эрдэнэтэйгээ ямар “тохироо” хийж, Хотын даргын ажлаа өгөөд нийслэлийн Намын даргаа өгсөн бэ гэдэг анхаарал татах сэдэв. Мөн тэрбээр Д.Сумъяабазар “Хотын иргэдийг бухимдуулсан зүйл бол ногоон автобусны тендер худалда авалт. Хотын даргын зүгээс зохион байгуулах чиг үүргийн хүрээнд эрх шилжиж орж ирсэн төсөв, мөнгөний асуудлыг хот өөрийнхөө бүтэц дээр зохион байгуулах чиглэлийн дагуу байгуулсан. Тэнүүн-Огоо, Эрдэмтранс компаниудын удирдлагуудтай нэг ч уулзаж үзээгүй. Энэ компанийн үйл ажиллагааг хувийн хэвшилтэй холбоотой, корпорацийн зохион байгуулалттай ажиллах нь зөв гэдгийг хэлж, уулзуулж байсан хүн нь Д.Амарбаясгалан дарга санаачилж, хэлж, уулзуулж байсан түүхтэй юм шүү” гэв.
Энэ мэтчилэн түүний энэ илэрхийлсэн, хоёр ч удаа Д.Амарбаясгалан даргад “хаягласан” үг нь нийслэлийн МАН-ын хорооны даргын зодооныг илэрхийлж буй мэт уншигдаж буй юм.
Нийслэлийн намын хорооны даргын 2024 оны сонгуулиар хэн хэн нийслэлд нэр дэвших вэ гэдгийг Д.Сумъяабазар шийдэх эрхтэй. Дэвшүүлэхгүй байх ч эрхтэй. Тиймээс ч үргэлжид асуудал, шүүмжлэлд өртдөг Хотын дарга байснаас нийслэлийн квотоо хувиарлаад сууж байх нь түүнд ашигтай.
Д.Сумъябазарын хувьд нийслэлийн намын хорооны асуудал намын дүрэм, журмаараа явна гэдгийг хэлсэн. Тиймээс тэр 2024 онд нийслэлийн намаа би өөрөө удирдаж, сонгуульдаа орно гэдгээ илэрхийлэв бололтой.
Хотын даргаар ажиллаж байсан С.Батболдоос 2018 оны есдүгээр сард Д.Сумъяабазар нийслэлийн намын хорооны даргын суудлыг авч байв. Үүний дараа 2020 онд нийслэлийн намаа удирдаж, сонгуульд ялалт байгуулсан бөгөөд МАН бараг анх удаа хотод ялалт байгуулсан нь энэ юм. Ингээд УИХ-д сонгогдсоныхоо дараа гишүүнээсээ өөрийн хүсэлтээр түдгэлзэж, Хотын дарга болсон юм.
Харин өнгөрсөн 2022 оны нэгдүгээр сард Д.Сумъяабазар нийслэлийн МАН-ын хорооны даргаар улиран сонгогдож, одоог хүртэл ажлаа хийж буй.
Хотын даргыг огцруулах асуудлыг Ерөнхий сайд бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэж, томилох эрхтэй. Тиймээс ойрын өдрүүдэд намын Удирдах зөвлөл хуралдаж, дараагийн Хотын даргыг сонгоно.
Ш.ЧИМЭГ