Нэрт найруулагч Доржсамбуугийн хүү Цогтын ээлжит нэгэн бүтээл өнөөдөр нээлтээ хийхээр товоо зарлалаа.
Үзэгчдэдээ хүргэх түүний шинэхэн бүтээл нь “Ар хөвч” хэмээх уран сайхны кино бөгөөд Д.Цогт өөрөө зохиолыг бичиж, ерөнхий найруулагч, ерөнхий продюсероор нь ажиллажээ.
Тэрээр энэхүү киногоороо дэлхийд ховорхон монгол нүүдэлчдийн соёл, ахуй амьдрал, сайхан сэтгэл, хүн чанар, суурин иргэншил, монгол ухаан, өв соёлыг дэлхийд сурталчлах зорилгоор бүтээсэн байна. Киноны зураг авалтыг энэ зун Булган аймгийн Хутаг-Өндөр сумын байгалийн үзэсгэлэнт газар хийсэн бөгөөд харилцан яриагүйгээр хийгдсэнээрээ онцлогтой хэмээж буй.
Уг киноны гол дүрд гавьяат жүжигчин Д.Сүхбаатар, жүжигчин Ч.Булган, Ш.Мөнхбаяр, Б.Эрдэнэхүү нар тогложээ. Мөн ерөнхий оператороор Н.Баттуяа, гүйцэтгэх продюсероор Н.Отгонтогос, Д.Амар, дууны найруулагчаар Б.Хатанзориг, хөгжмийн зохиолчоор Ж.Буянтогтох, менежерээр Х.Эрдэнэцэцэг нар ажиллаж хөгжмийн найруулгыг Д.Ганзориг, нүүр хувиргалтыг Л.Энхтуяа нар гүйцэтгэжээ.