Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Самандын Жавхлан энэ сарын 30-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд “Дулаахан намар” тоглолтоо хийхээр товлосон. Тэрээр тоглолтынхоо талаар мэдээлэл өглөө.
Гавьяат жүжигчин С.Жавхлан "Би уран бүтээл хийгээд 23 жилийн нүүрийг үзэж байна. Урлагт арын хаалга байдаггүй. Тиймээс би хүссэн хүсээгүй мартагдана. Бид байр суурин дээрээ зууралдах биш залуу үеэ дэмждэг байх хэрэгтэй. Идэр насны минь сүүлийн тоглолт болох гэж байна.
Монголчууд намар даарах сайн гэдэг. Гэхдээ дээлтэй монголчууд үеийн үедээ даарч үзээгүй ард түмэн. Тиймээс тоглолт үзэхдээ бүх ахан дүүсээ дээлтэй ирэхийг уриалж байна. Хамаг монголчууд маань манай тоглолтод цугларна. Тэгэхээр тоглолт үзэх хүн бүрийг үндэсний дээлээрээ гоёхыг дахин дахин уриалж байна.
21 аймгийнхан үндэсний хувцастай зургаараа давалгаалж, хамгийн их хандалт авсан аймагт очиж, дараагийн тоглолтоо зохион байгуулна.
Увсынхан ирж болохгүй гэсэн юм байхгүй. Тухайн үеийн асуудал тэр үедээ л үлсэн. Халуун дулаан сэтгэлтэй Монгол хүн бүрд нээлттэй. Хүмүүс "Жавхлангийн тоглолтыг үзэхээр л юм үзсэн юм шиг болдог" гэж ярьдаг. Энэ нь хийж байгаа зүйлээ сэтгэл гаргаж хийдэгтэй минь, мөн тоглолтынхоо хөтөлбөрийг зөв боловсруулдагт байгаа юм. Бид маш их хичээж, сайхан тоглолт зохион байгуулна.
Тоглолтод бүх үеийн нийтийн дуучдын төлөөллүүдээс гадна гавьяат жүжигчин Т.Баясгалан оролцоно. Тоглолтод оролцох дуучид эцэслэн шийдэгдээгүй байгаа. Албан ёсны үйл ажиллагаа 15.00 цагаас эхэлнэ" гэлээ.
Тоглолт зохион байгуулах комиссоос өгч байгаа мэдээллээр, ахмадууддаа зориулж 2000 халаагууртай тусгай суудал болон тусгай хэрэгцээт үзэгчдэдээ зориулсан хэсгийг гаргаж байгаа аж. Түүнчлэн наадмын хэмжээнд тоглолтын зохион байгуулалтыг хийж байгаа учир энгийн болон вип тасалбар ялгаагүй үзэгчдээ сэтгэл ханамжтай байлгахад анхаарна гэв. Тоглолтыг ирж үзэж чадахгүй хүмүүст зориулж хаалттай фэйсбүүк групп дээр төлбөртэй шууд дамжуулалт хийхээр болжээ.