Харин Д.Эрдэсувд, Д.Үүрийнтуяа нар бол АН-д ухуулагч байхаас нь ажилласан, намын “гал тогоонд” зүтгэсэн эмэгтэйчүүд. Тэд фракцуудын төлөөллийг хангахаар орж ирсэн нь нууц биш. Жишээ нь, Д.Эрдэнэсувд АН-ын дарга асан С.Эрдэнийн хүн бол Д.Үүрийнтуяа Ерөнхийлөгч асан Х.Баттулгын сонгуулийн штабыг хариуцаж явсан. Иймээс л тэд даргынхаа санаа зорилгыг өвөртлөсөн нь олон нийтэд илэрхий уншигдаж байлаа. Өглөө 11.00 цагт эхэлсэн хурал тооллогын комисс, шинэчилсэн дүрмээ батлах гэж “хөөрхөн” хугацаа зарцуулав. Гадна талаас нь харахад зохион байгуулалт дутмаг талдаа. Ерөөсөө тэдний гол өрсөлдөөн нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр байв. Тэд мөрийн хөтөлбөрөө “гэрэлд цохиулахгүй” гэсэндээ товчхон дурдаж байсан юм. Мөрийн хөтөлбөрөөс тэдний цаашилбал АН-ын хувь заяа шийдэгдэнэ. Нэр дэвшигчдийн байр суурийг товчхон хүргэе. Явцын дунд нэр дэвшигчдийн зүгээс уг сунгааг "бүрэн хайрцагласан, боогдсон" гэх мэтээр шударга явагдахгүй байгаад бухимдаж байлаа.
НЭР ДЭВШИГЧИД ЮУ АМЛАВ?
Нэр дэвшигч А.Адъяасүрэн “Би үндсэн таван зүйлийг тулгуурлаж ярьж байгаа. АЭХ бол хүчирхэг холбоо байх ёстой. Эмэгтэйчүүд хэчнээн боловсролтой ч улс төрд ороход ганцхан зүйл дээр гацдаг. Тэр бол санхүү. Иймээс АЭХ-г санхүүгийн хувьд хүчирхэгжүүлэх бодлого тавьж байгаа. Хоёрдугаарт, дотоод асуудал руугаа анхаарал хандуулсан мөрийн хөтөлбөрийг дэвшүүлж байна”.
Нэр дэвшигч Ц.Уянга “Процессын хувьд шударга явахад итгэл төрөхгүй байна. Орж ирэхэд хүмүүсийнх нь уур амьсгал бие биеэсээ жийрхсэн байдаг юм байна. Үнэхээр нам, хүсэл санаан дээрээ эвлэрсэн үү эсвэл хуучин бугшсан аргаа шийдэлгүйгээр “сонгууль” гэдэг машин ажиллуулаад явах уу гэдэг том сорилтод ирж байна” гэсэн юм.
Нэр дэвшигч Б.Жаргалан “Нам дотроо дотоод ардчиллын хүрээнд бүх шатанд эмэгтэйчүүдээ бодлогоор дэмжиж ажиллана гэдэг асуудлыг мөрийн хөтөлбөртөө багтаасан. Аль болох олон эмэгтэй нэр дэвшигчийг оруулж ирж, намынхаа удирдах албан тушаалд эмэгтэйчүүдээ тавьж чадах юм бол ирэх жилийн сонгуульд Ардчилсан намын мөрийн хөтөлбөр болоод Засгийн газрын мөрийн хөтөлбөр болох зүйлүүдэд нийгмийн хамгаалал зэрэг эмэгтэйчүүдийн маш сайн ойлгодог чимхлүүр асуудлууд дээр Ардчилсан нам өөр өнгө төрх үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Нэр дэвшигч Д.Эрдэнэсувд “Гурван үндсэн зарчим барьж ажиллана. Би биш бид төвтэйгээр ажиллах ёстой. Ардчилсан нам 2016 оны УИХ-ын сонгуулиас хойш эв нэгдэлтэй нам байж чадаагүйгээсээ өнөөдөр бодлого боловсруулах төвшинд цөөнх байгаа. Эвлэрлийг эмэгтэйчүүд манлайлах ёстой учраас эв нэгдэлтэйгээр энэ чуулганаа хийгээд, ялсан ялагдсан нь хамтраад ажиллах ёстой гэдэг зарчим барьж байгаа. Ардчилсан нам ирэх сонгуульд өрсөлдөх нэр дэвшигч эмэгтэйчүүдээ одооноос бэлтгэх ёстой”.
Нэр дэвшигч Д.Үүрийнтуяа “Миний хувьд 30-аад жил Ардчилсан намын гал тогоонд нь ажиллаж ирсэн. Эмэгтэйчүүдийн байгууллагад ямар ажлууд хийх вэ гэдгийг түлхүү мөрийн хөтөлбөртөө тусгаж өгсөн. Ардчилсан намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага гэдэг бол баруун төвийн үзэл баримтлалын төлөө ардчилсан үнэт зүйлтэй эмэгтэйчүүдийг төлөвшүүлж, улс төрийн намдаа дэмждэг үзүүлэх ёстой байгууллага. Тэр утгаараа яавал эмэгтэйчүүдийн байгууллагыг чадавхижуулах вэ, дараа дараагийн сонгуульд нь шийдвэр гаргах төвшинд нь олноор оруулж дэмжих вэ гэдэг бодлого хэрэгжүүлнэ”.
Нэр дэвшигч Б.Пунсалмаа “Хүн амын 51 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Гэтэл хууль тогтоох дээд байгууллагад 17.5 хувь нь эмэгтэйчүүд ажиллаж байгаа. Үүнээс болоод 30 жилийн гажуудал буюу хүүхэд эмэгтэйчүүдийн асуудал хурцаар тавигдаж ирсэн. Тиймээс 51 хувьд хүрэхүйц эмэгтэйчүүдийн оролцоо шийдвэр гаргах түвшинд байснаар манай нийгэм иргэндээ энэрэлтэй нийгэм болно. Илүү олон эмэгтэйчүүдийг улс төрд гаргаж, ялалт байгуулахын тулд бид илүү системтэй, тэнцвэртэй ажиллах хэрэгтэй гэсэн үүднээс мөрийн хөтөлбөртөө оруулж ирсэн.
Нэр дэвшигч Н.Одонгуа “Би эмэгтэйчүүд та бүхнийхээ саналыг булаахгүй. Та бүхнийг саналаа надад өгөөч гэж дарамтлахгүй. Хэн нэгэнд хайрцаглууллаа гэж буруутгахгүй. Шударга байгаач гэж хүсч байна. Манай нам мөрийн хөтөлбөрөө тусгахаар ярьж буй зүйл нь “Зээлгүй Монгол” байя гэж байгаа юм. Баруун төвийн намын үзэл баримтлалтайн хувьд энийг хэрхэн шийдэх үү гэдэг том даалгавар ирээд байна” гэлээ.
А.АДЪЯАСҮРЭНД ЗОРИУЛСАН ТАВИЛТТАЙ ЖҮЖИГ
Явцын дунд нэр дэвшигчдийн өрсөлдөөн ширүүсэхээс илүүтэй хэн нэгэнд зориулсан тавилттай жүжиг шиг уур амьсгал танхимыг бүрхэв. Тухайлбал, нэр дэвшигч Ц.Уянга, Н.Одонгуа нар сонгуулийг шударга явсан эсэхэд эхнээсээ эргэлзэж байснаа нуусангүй. “Бүрэн хайрцаглаад, савлуулаад боогчдчихсон юм байна дөө” гэхчлэн байр сууриа илэрхийлжээ.
Энэ яриаг бататгах мэт сонгууль эхлэхтэй зэрэгцэн гол өрсөлдөөн “Б.Жаргалан, А.Адъяасүрэн нарын дунд яригдаж байгаа” гэх шуум тараажээ. Үүнийг ч А.Адъяасүрэн үгүйсгээгүй. Түүнээс сэтгүүлчид дээрх асуултыг тодруулахад “Тийм байж магадгүй. Түүнийг санал хураалтын дүн харуулна” гэж итгэлтэйгээр хариулсан. Ингээд удаачгүй нэр дэвшигч Н.Одонгуа, Ц.Уянга, Д.Эрдэнэсувд нэрээ татсан нь олныг алмайруулав.
Ийнхүү санал хураалтын дүнг зааланд цугларсан эмэгтэйчүүд шөнөжин хүлээв. Үүрийн 04.00 цагт санал хураалтын дүнг танилцуулжээ.
Санал хураалтын дүнгээр дөрвөн нэр дэвшигч өрсөлдөж 569 хүчинтэй саналаас 285 санал буюу нийт саналын 50,8 хувиар Батбаярын Жаргалан ялалт байгуулсан юм.
Эцэст нь АН-хан лоббиг “давж” сонголтоо хийснээр АН-д шинэ салхи сэвэлзэх нь гарцаагүй.