Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газраасаа хумслуулсан музейн зовлон

Соёл, спорт аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл соёл урлагийн газруудын үйл ажиллагаатай танилцаж буй. Тэрээр эхний ээлжинд музейн сан хөмрөгтэй танилцаж, музейнүүдэд тулгамдаад буй асуудлыг удирдлагуудаас нь сонссон юм. Өнгөрсөн баасан гарагт Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музей, Дүрслэх урлагийн музейгээр зочлов.

Хамгаалалтаа чангатгаж байгаа ч...
Хамгийн түрүүнд Богд хааны ордон музейгээр орж, захирал О.Мэндсайхан нь музейн өнөөгийн байдлаа танилцууллаа. Өмнө нь, Богд хааны ордон музейд хэд хэдэн удаа хулгай орж үзмэр нь алдагдаж байжээ. Тэгвэл энэ жилээс музейн харуул хамгаалалтын ажилд шинэчлэл хийж буй талаар таатай мэдээг тэрээр дуулгав. Харуул хамгаалалтын газартай хамтран ажиллаж, камерын системээ шинэчлэх ажлаа гадаадад үзэсгэлэн гаргасан мөнгөөрөө шат дараатайгаар хийж байгаа гэв. Мөн салбарын сайддаа яаралтай шийдвэл зохих  асуудлаа эхнээс нь дуустал бүгдийг нь танилцуулаад амжлаа.
Тус музейн үүдээр ороход л ил хуль... Учир нь, зочдыг хамгийн эхэнд угтдаг Богд хааны зуны ордон хүйтний улиралд халаалт авдаггүй учраас үзмэрүүдээ хураажээ. Дулааны асуудлаа өөрсдөө дураараа шийдвэл ордны хэв загвар алдагдахаас авахуулаад асуудал их гарна. Тиймээс өөрсдийнхөөрөө шийдэж чадахгүй байгааг дуулгасан. Богд хааны ордон музейн топ гурван үзмэр бол Өндөр гэгээн Занабазарын урласан Ногоон дарь эх, түүний сэнтий, Бурхан багшийн шүд юм билээ. Эдгээр гурван үзмэрийн хоёр нь л нийтийн хүртээл болж чаджээ. Манай улсад байгаа бурхан багшийн биеийн хэсэгт гадаадын олон орон ач холбогдол өгдөг гэнэ. Тиймээс Бурхан багшийн шүдийг жирийн нэг шилэн хоргонд тавиад нийтэд үзүүлж болохгүй учир хамгаалалтын асуудлыг нь төгс шийдсэн тусгай байр барихаар төлөвлөжээ.
Түүнчлэн Богд хааны ордон музейд тулгараад буй хамгийн том асуудал нь газар.  Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 96 дугаар тогтоолоор Богд хааны ногоон ордны хамгаалалтын бүс 5.7 га байхаар тогтоосон ч Нийслэлийн Засаг даргын 2002 оны 485 тоот захирамжаар “Номун гэрэл” төвд 5500 м.кв газрыг шашны зориулалтаар эзэмшүүлжээ. Мөн Хан-Уул дүүргийн Шүүхийн шүүгчийн 2008 оны 513 дугаар захирамж, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 279 тоот захирамжаар хамгаалалтын бүсээс 16 мянган м.кв газрыг “Ван трейд” ХХК-д үйлчилгээний зориулалтаар таван жилийн хугацаатай тус тус эзэмшүүлсэн байна. “Ван трейд” нь “АПУ” компанийн харьяа аж. Богд хааны ногоон ордны хойт талын 16 мянган м.кв газарт “Нийслэл” нэртэй фитнесийн зориулалттай хоёр барилга барьж үйл ажиллагаа явуулж байгаагаас гадна өнгөрсөн зун “Нийслэл” асарыг нээж залууст хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тоглолтыг хүргэжээ. Цугласан залуус ногоон ордны хашаа руу морь харах, хашааны банзыг нь хугачих гээд ёстой л нэг дураараа дургисан гэнэ. Таван жилийн хугацаа нь ирэх онд дуусах бөгөөд хэний зөвшөөрлөөр ногоон ордны газраас ийн эзэмшүүлсэн нь тодорхойгүй. Тиймээс энэхүү асуудлыг шийдэж өгөхийг салбарын сайдад аминчлан захиад авна билээ.
Ц.Оюунгэрэл сайд газрын маргаантай асуудлаар музейн захиргаа, нийслэлийн Засаг даргын тамгын газрынхан болон одоогоор газрыг эзэмшээд буй тал, иргэд олон нийтийн дунд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулахыг ССАЖ-ын дэд сайд М.Түмэнжаргалд даалгав.

Өндөр барилгын дунд хавчуулагдсан Чойжин ламын сүм музей

Чойжин ламын сүм музей бүх үзмэрийнхээ 90 хувийг нийтэд дэлгэн үзүүлдгээрээ бусад музейгээс онцлогтой. Хэд хэдэн топ үзмэр байх ч сүмийн зохион байгуулалт алдагдах учраас тэднийгээ тусгайлан дэглэх боломжгүй байдаг аж. Харин Чойжин ламын сүмийг музей болохоос өмнө зарим бурхан тахилыг нь бусад музейд тараачихжээ. Тэдгээр үзмэр дунд топ болох зүйлүүд байсан учраас эхнээс нь татаж авах ажлыг хийх саналыг сайдад танилцуулав. Өмнө нь эндээс огт үзмэр алдагдаж байгаагүйг музейн ажилтнууд хүчтэй бурхад маань хамгаалсных хэмээн тайлбарлаж байна билээ. Гэхдээ хамгаалалтаа чангатгах ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.
Чойжин ламын сүм музейнхэн газрын зарга хийх туршлагатай гэнэ. Тус музейн хамгаалалтын бүсийг хоёр га гэж заажээ. Нийслэлийн Засаг даргын 2000 оны А-12 тоот захирамжаар иргэн Д.Эрдэнэбилэг, Ш.Төмөрбаатар, Д.Авирмэд, Д.Баасансүрэн нарт амины орон сууцны зориулалтаар музейн газраас олгосныг тэр дор нь буюу Нийслэлийн Засаг даргын 2000 оны 311 тоот захирамжаар хүчингүй болгочихож. Гэсэн ч хамгаалалтын бүсэд баригдсан нэг давхар барилга  өнөө болтол байсаар л байгаа юм. Газраа чөлөөлөхийг удаа дараа шаардсан ч сонсоогүй юм шиг царай гаргасаар тэднийг хаалганы цаанаас үддэг тухай музейн менежер Н.Ангирмаа бидэнд дуулгасан. Музейнхэн хамгаалалтын бүсийн татвар гэж жил бүр нэг сая 700 мянган төгрөг төлдөг гэнэ. Одоо ч энэхүү татвараа төлж гүйцэхгүй түрүү жилийн өртэйгөө суугаа аж. Бас Нийслэлийн Засаг дарга нэгэнтээ тус музейн ойролцоо хоёр давхраас илүү өндөртэй барилга барихыг хоригложээ. Гэсэн ч захирамж нь цаас төдий зүйл болсон нь хэний ч нүдэн дээр илт байгаа. Нарны гэрэл тусахаа больсон учраас зундаа чийгэнд автсан музейн барилга хатаж амжилгүй өвөлдөө хөлдчихдөг болохоор бидний нүдэн дээр устаж байна даа хэмээн музейн ажилчид сэтгэл түгшингүй өгүүлж байв.

Сайд авах арга хэмжээгээ аль хэдийнэ бодчихсон

Дүрслэх урлагийн музейн хувьд өргөтгөл барих санхүүгийн асуудлаа шийдчихвэл тулгамдсан асуудал ховор гэнэ. Тиймээс зураг төслийн дагуу эдийн засгийн тооцоог нь гаргах хэрэгтэйг сайд сануулсан юм. ССАЖ-ын сайд музейнүүдийн үйл ажиллагаатай танилцаж явахдаа музей хоорондын хамтын ажиллагаа дутмаг байгааг дурдсан. “Богд хааны ордон музей хамгаалалтын асуудлаа шийдчихсэн байхад Чойжин ламын сүм музей энэ талаар толгойгоо өвтгөн суугаа харагдлаа. Тиймээс хадгалалт хамгаалалт, газрын маргаантай асуудал дээрээ туршлага солилцож байх нь зүйтэй юм байна” гэв.
Мөн сайд музей бүрт сэргээн засварлагчийн орон тоог бий болгоно хэмээн амласан юм. Сэргээн засварлагч өөрийн музейн үзмэр, барилга байгууламжийг хянаж байх бөгөөд сэргээх шаардлага гарвал сэргээн засах багт мэдэгдэж байх юм.

Б.Цэдэвсүрэн

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан