Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Багш нар цалингаа 1000 доллар болгохыг шаардаж ажил хаяна

 

Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос ажил хаялт зарлах болсон талаараа мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Үйлдвэрчний эвлэлийн удирдлагаас гадна багш нарын төлөөлөл оролцов.

Аравдугаар сарын 5-нд  болох Дэлхийн багш нарын өдрөөр багшийн цалин 1000 ам.долларт хүргэе шаардлагын хүрээнд орон даяар ажил хаялт зарлахаар болжээ.

 

Монгол багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.Мөнхбаатар: Бид 2023 оны есдүгээр сард салбарын хэлэлцээрийг эхлүүлэх тухай мэдэгдэл хүргүүлсэн. Мэдэгдлийн хугацаа аравдугаар сарын 3-нд дуусна. Хэрвээ энэ хугацаанд хэлэлцээр эхлүүлэхгүй бол багш нар аравдугаар сарын 5-нд улсын хэмжээд ажил хаялт зарлана. Манай ажил хаялтад холбооны гишүүн 150 гаруй сургууль нэгдэхээ илэрхийлээд байгаа.

Хэлэлцээрт тавьж байгаа саналууд:

1. Багшийн цалинг ойрын гурван жил дотор 1000 ам.долларт хүргэх. Эхний жил буюу 2024 оны нэгдүгээр сарын 1-ээс 60 хувь нэмэгдүүлэх.

2. Боловсролын байгууллагын үйлчилгээний ажилтнуудын цалинг хоёр дахин нэмэгдүүлэх.

Боловсролын сайдын яриад байгаа 2.5 сая төгрөгийн цалинг олон жил багшилсан, олон нэмэгдлийг тултал авч байж л авна. Залуу багш нарын хувьд 1 сая 273 мянган төгрөгийн цалин  авч байгаа, ямар ч нэмэгдэлгүйгээр авч байна.

Анги удирдсаны нэмэгдэл гэж 120 мянга гаруй төгрөг авдаг.  Бид нар энийг хүүхдийн тоогоор уялдуулаад 1 хувиар олгодог байх шаардлага хүргүүлж байгаа. Өөрөөр хэлбэл, 20 хүүхэдтэй багш 20 хувийн нэмэгдэл, 60 хүүхэдтэй багш 60 хувийн нэмэгдэл авдаг болъё. Хөдөөгийн багш 20 хүүхэдтэй хэрнээ 10 хувийн нэмэгдэл авдаг, хотын багш 60 хүүхэдтэй хэрнээ 10 хувийн нэмэгдэл авдаг байж таарахгүй.

Д.Энхтуяа: Үндсэн цалингаа нэмүүлмээр байна

 

16 дугаар сургуулийн математикийн багш Д.Энхтуяа: Би боловсролын байгууллагад 36 дахь жилдээ ажиллаж байна. Энэ сард 1,273,000 төгрөгийн цалин авна гэж байна. Бүх нэмэгдлээ авсан ч хамгийн дээд тал нь 2.5 сая төгрөгийн цалин авдаггүй. Гүйцэтгэлийн үнэлгээ гэж багш нарыг хавар бүхэн шалгаж байгаа. Хүүхдийн тоо 40-өөс дээш давчихсан, хүүхдүүд хоцрогдолтой байгаа тохиолдолд ямар ч багш 95 хувийн үзүүлэлт үзүүлж чадахгүй. Гүйцэтгэлийн үнэлгээгээр 25 хувь байсныг 50 хувь болгосон гэж сайд хэлж байгаа. Гэтэл бодит байдал дээр үүнийг авах хүн байхгүй. Би 16 дугаар сургуульд математикийн багш хийж байгаа.

Багш нарыг гудамжинд гаргаад, ажил хаяулаад, хүний хүүхдийг хохироолгүйгээр үндсэн цалинг л нэмчих. Үндсэн цалингаа л нэмүүлмээр байна. Тэр нэмэгдлүүдийг бүх багш нар авахгүй. Багшийн цалин амиа зогоох хэмжээнд л байна.

 

Ц.Мөнхтуяа: Монголын багш нар дүрвээд дууслаа

Монгол багш нарын үйлдвэрчний эвлэлийн Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Мөнхтуяа: Инфляцтайгаа уялдуулаад багшийн цалин 1000 ам.долларт хүргэхгүй бол Монголын багш нар дүрвээд дууслаа. Багшгүй Монгол боллоо. Бид 30 жил загас шиг дуугүй суусан. Одоо больё. Төр засгийнхан өөрсдөө 44 их наядаар хулгай хийгээд сууж байхад багш нар угаадас шиг цалингаар яаж амьдрах юм бэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан