Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Л.Оюун-Эрдэнэ: Хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө дэвшилтэт технологи нэвтрүүлсэн хамт олонд баяр хүргэе


Л.Оюун-Эрдэнэ: Хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө дэвшилтэт технологи нэвтрүүлсэн хамт олонд баяр хүргэе

Монгол Улсын эрүүл мэндийн салбарт хувьсгал хийсэн нэгэн шинэ үйлчилгээ нэвтэрлээ. Эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Фүжифилм корпорацын хамгийн орчин үеийн тоног төхөөрөмжөөр эрүүл мэндийн 32 төрлийн үзүүлэлтийг хиймэл оюун ухааны тусламжтайгаар 120-хон минутад багтаан 99.7 хувийн өндөр магадлалтайгаар үнэн зөв оношлох хүчин чадал бүхий “NURA” эрт илрүүлэг оношилгооны төвийг/ нээв.   

Таван Богд групп 28 жилийн өмнө Японы алдарт Фүжифилм корпорацын фото зураг, дижитал тоног төхөөрөмжийг Монголд нэвтрүүлж байсан бол өдгөө эрүүл мэндийн салбарт хамтын ажиллагаагаа амжилттай эхлүүллээ.  

Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки, Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх, Монгол Улсын Эрүүл мэндийн сайд С.Чинзориг,  Фүжифилм Холдингс-ын Ерөнхийлөгч Гото Тэйчи тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо.


“Таван Богд групп”-ийн Ерөнхийлөгч Ц.Баатарсайхан, Урьдчилан сэргийлэх энэхүү шинжилгээгээр амьдралын хэв маягаас шалтгаалах өвчлөлийн хүндрэлийг эрт илрүүлснээр эмчилгээг цаг алдалгүй хийлгэж, бүрэн эмчлэгдэнэ. Ингэснээр монгол хүн бүр эрүүл, өрх бүр элэг бүтэн амьдрах боломж бүрдэнэ.  Эрэлт хэрэгцээ байвал бид дараа дараагийн үйлчилгээг нээх боломжтой хэмээн нээлтийн үгэндээ онцлов.        
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газраас цар тахлын дараа эрүүл мэндийн эрт илрүүлгийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Төрөөс эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмжийг үе шаттайгаар шинэчлэн сайжруулж байгаа ч бүхнийг төр дангаараа шийдэх чухал биш. 2024 оны санхүүгийн жилд төр, хувийн хэвшлийнхэндээ захиалга өгнө. Жишээлбэл, Эмнэлэг байгуулах гэж байгаа хувийн хэвшлийг дэмжих замаар хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ. Бүх зүйлийг төр хийдэг сэтгэл зүйгээсээ салах ёстой. Төр зөвхөн бодлогын зохицуулалтыг хийнэ. Эрх зүйн таатай орчин бүрдүүлнэ хэмээгээд нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө дэвшилтэт технологи нэвтрүүлсэн энэ хамт олонд баяр хүргэж, талархал илэрхийлэв.
Фүжифилм Холдинг Корпорацийн Ерөнхийлөгч Гото Тэйичи, Урьдчилан сэргийлэх үзлэгийг дэлхий даяар түгээхэд хувь нэмрээ оруулахыг хүсэж байсан учраас 2021 онд Энэтхэгт “NURA”урьдчилан сэргийлэх багц шинжилгээний төвийг үүсгэн  байгуулсан бол энэ удаад Монгол Улсад байгууллаа. Бид 2030 он хүртэл NURA эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх 100 төвийг байгуулах зорилт тавин ажиллаж байна. Бид “Таван Богд Групп”-тэй олон жилийн өмнөөс хамтран ажиллаж, Монголд гэрэл зураг боловсруулах лабораторийг   нээж байсан бол энэ удаад Монголын ард түмэнд урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн үзлэгийг хүргэх гэсэн Баатарсайхан захирлын чин хүсэл нь гүн сэтгэгдэл төрүүлсэн болохоор NURA урьдчилан сэргийлэх багц шинжилгээний төвийг байгуулахаар шийдсэн юм. Яагаад Энэтхэгийн дараа Монгол вэ? гэвэл, бид Ойрх Дорнод, Зүүн өмнөд Азийн орнуудад тус компанийг байгуулах бэлтгэл ажил хийгдэж байгаа ч гэсэн Баатарсайхан захирлын хурд нь илт давуу байсан болохоор өнөөдөр ийнхүү нээлтээ хийж байна.

Япон улс эрт илрүүлэх тогтолцоог амжилттай нэвтрүүлсэн дэлхийн жишиг улсуудын нэг юм. Жил бүр эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамрагддаг хэвшлийнхээ ачаар тус улсын иргэд урт насалж, дундаж наслалтаараа дэлхийд тэргүүлж байна. 

Монголд хорт хавдрын шалтгаант нас баралтыг бууруулах, иргэдийг эрүүл мэнддээ анхаарал тавих, урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоог тогтмол хийлгэж, эрүүл амьдралын хэв маягт суралцахад дэмжлэг үзүүлэх зорилгоор манайд нээсэн нь энэ ажээ. 

NURA төвийн гол онцлог нь Фүжифилм-ийн хамгийн орчин үеийн өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжүүд. Эдгээр тоног төхөөрөмжүүдийн хиймэл оюун ухаанд тулгуурласан дүгнэлтийг давхар тухайн нарийн мэргэжлийн эмч давхар шалгадаг учир алдаа гаргах магадлалыг бүрэн арилгаж байгаа юм.

“Гэрлүг виста” хотхоны үйлчилгээний төвийн хоёрдугаар давхарт байрлах NURA төвд оношилгоо  хийлгэх бол nura.mnцахим хаягаар хандан хувийн мэдээллээ бөглөснөөр өөрийн боломжит цагийг захиалж, төлбөрөө төлснөөр цаг баталгаажна. 32 төрлийн багц оношилгоо, шинжилгээний төлбөр 980 мянган төгрөг бөгөөд шинжилгээ өгөх, шинжилгээний хариуг дижитал хэлбэрээр болон ном хэлбэрээр хэвлүүлэн авахад 120 минут зарцуулна.   

Тус төв нь эрэгтэй, эмэгтэйчүүдэд зориулсан оношилгооны хоёр багц үйлчилгээг санал болгох бөгөөд биеийн жингийн индексийг шалгах, цусны дэлгэрэнгүй шинжилгээ, ясны сийрэгжилтийг оношлох, эмэгтэйчүүдэд түгээмэл тохиолддог хөхний хавдраас сэргийлэх зорилгоор хөхний рентген оношилгоо, умайн хүзүүний дурангийн оношилгоог хийх юм. Эцэст нь хиймэл оюун ухаанд суурилсан компьютер томографийн оношилгоогоор элэгний хорт хавдар, хатуурал, нойр булчирхай, цөсний өвчин, бүдүүн шулуун гэдэс болон уушгины хорт хавдар зэрэг өвчний оношилгоог хийх бөгөөд эдгээр оношилгоо тус бүрд хэдэн минут зарцуулах талаар танилцуулга мэдээлэл өгч, мөн хөтөч чиглүүлэгч ажиллах тул бүх зүйл энгийн ойлгомжтойн дээр нэг хоёрхон цагт багтаан нарийн мэргэжлийн иж бүрэн оношилгоо хийлгэснээр цаг завыг хэмнэх давуу талтай юм.

Тухайлбал, нүдний нарийн мэргэжлийн эмч нүдний уг дурандаж, хараа шалгана. Хүний эрүүл мэндийн байдлаас шалтгаалан нүдэнд өөрчлөлт ордог. Судас гэмтээдэг бүх өвчний өөрчлөлт нүдэн дээр гарч болдог. Нүдэнд хүний биеийн хамгийн захын нарийн судаснууд байдаг учир чихрийн шижингийн эрт үед нүдэнд хамгийн түрүүнд илэрдэг. Чихрийн шижингээр шинжилгээгээр өвчилснөө мэдээгүй явсан тохиолдолд нүдний уг дурандах үед шинж тэмдэг мэдэгдэж болно. Ийм үед эмч цусан дахь сахарын хэмжээг шалгуулахыг зөвлөх жишээтэй. Өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжөөр оношилж, дүгнэлт зөвлөгөөг нарийн мэргэжлийн эмч нар нь өгдгөөрөө NURA Mонгол төв Япон, Энэтхэг улс дахь төвүүдээсээ давуу талтай гэж нүдний эмч Б.Мөнхшүр, Ж.Энх-Ундрал нар тайлбарлав.

Хөхний эмгэг болон хавдрыг илрүүлэх маммографийн аппарат нь оношилгооны үед хөхөнд даралт өгөх ч өвдөлт мэдрүүлэхгүй. Том, жижиг хөхний хэмжээг аппарат өөрөө мэдэрч, рентген туяаны тунг автоматаар тохируулдаг. Аппарат тооцоолох чадвартай учир жижиг хөхтэй хүнд өндөр тунтай туяагаар шарахгүй гэсэн үг. Хамгийн бага хэмжээтэй хавдрын урьтал үе шатыг ч өнгөөр ялган илрүүлэх чадвартай,  45, 90 градусын хоёр зүсэлтээр оношилгоо хийдэг Фүжифилм-ийн 2022 оны шинэ аппарат. Энэ аппарат одоогоор Монголд ганцхан байна гэж дүрс оношилгооны эмч Ч.Мөнхцэцэг тайлбарлав.

NURA  төвийн ерөнхий менежер Б.Бат-Эрдэнэ, Манай төвийн хамгийн чухал зүйл нь тоног төхөөрөмж. Хүчин чадлаараа дэлхийд тэргүүлэх Фүжифилм-ийн оношилгооны төхөөрөмж ашиглан оношлохоос гадна давхар хиймэл оюун ухаанаар хянана. Фүжифилм корпорац  зураг боловсруулах мэдээллийн санг ашиглан хэвийн бус өөрчлөлтийг илрүүлэх “ReiLi” хиймэл оюун ухааны алгоритмыг хөгжүүлж байна. ReiLi-гийн хөгжүүлэлтийг Осакагийн их сургуулийн эмнэлэгт хийдэг. Зөвхөн компьютер томографийн аппарат нь 400 сая зураг бүхий өгөгдлийн сантай. Тэгэхээр үйлчлүүлэгчийн дүрс  оношилгооны хариуг 400 сая зурагтай жишиж тухайн хүнд тохирсон дүгнэлт гаргадаг. Орчин үеийн тоног төхөөрөмж, хиймэл оюун ухаанд тулгуурласан энэхүү оношилгоог давхар нарийн мэргэжлийн эмч нар үзэж дүгнэлт гаргаж, хамгийн үнэн зөв оношилгооны үр дүнг үйлчлүүлэгчдэд өгдгөөрөө давуу талтай. Үүгээрээ эрт илрүүлгийн тусламж үзүүлдэг дэлхийн жишгийг Монголд анх удаа нэвтрүүлж байна хэмээн онцлов.   

-NURA  төвд ажиллах эмч боловсон хүчнийг хэрхэн бэлдсэн бэ?
-Манай төв 70 гаруй ажилтантай, үүний 85-90 хувь нь эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд. Эмч, мэргэжилтнүүдээ АНЭУ-ын Дубай хот болон Энэтхэгт сургасан. Бүх эмч, мэргэжилтнүүдээ гурав, зургаан сар болон жил тутамд системтэйгээр гадаадад сургаж, мэргэжил дээшлүүлнэ. Одоогоор Японоос мэргэжилтнүүд ирж манай ажилтнуудад сургалт явуулж байна. Бид Монголынхоо эрүүл мэндийн салбарт Япон стандарт шаардлагыг хангасан тусламж үйлчилгээг нэвтрүүлж буй юм гэлээ.            
NURA  төв 32 үзүүлэлт багтсан багц шинжилгээг үйлчлүүлэгчдэд санал болгох бөгөөд эндээс зөвхөн компьютер томографын оношилгоо хийлгэе, эсвэл зөвхөн ясны сийрэгжилтээ шалгуулъя гэх мэтээр салган оношлуулах боломжгүй. Багц цогц оношилгоо хийдэг нь Япон, Энэтхэг, Монгол Улс дахь NURA эрт илрүүлгийн төвийн нэгдсэн стандарт, тусламж үйлчилгээний онцлог ажээ.           

Вэбсайт: www.nura.mn

Лавлах утас: 7588-7588

Байршил: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 18-р хороо, Гэрлүг Виста хотхоны үйлчилгээний төвийн 2 давхарт, NURA төв

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан