1990 оноос хойш барилгын салбар хэсэгтээ уналтад орж одоо эргэн сэргэж байна. Гэхдээ ямар ч бодлого төлөвлөлтгүй, хувийн хэвшлийн хэдэн компани л энэ салбарыг нуруундаа үүрч, энгэртээ дүүрч яваа гэхэд хилсдэхгүй. Нэг үгээр хэлэхэд, барилгын салбар эзэнгүйджээ. Яг одоогийн байдлаар барилга барих тусгай зөвшөөрөлтэй 1500 гаруй компани бий. Гэхдээ бүгд барилга барих чадвартай биш. Өөрөөр хэлбэл, ажилчингүй, техник хэрэгсэлгүй, нэг ч боловсон хүчингүй атлаа олон давхар барилга барих зөвшөөрөлтэй компани байна гэнэ. Энэ чинь барилга барих гэдэг мөнгөтэй хүмүүсийн бизнес болж хувирсан болохыг бэлхнээ харуулж байгаа бус уу... Хорин жил чиг баримжаагүй, жолоогүй хөгжсөний хор, хохирлыг өнөөдөр бид амсч байна уу даа. Манай барилгын салбарт гарч буй үйлдвэрлэлийн осол дэлхийн дунджаас хамаагүй их байна гэнэ. Гэтэл бас Монголын статистик тоонд итгээд хэрэггүй юм байна. Учир нь, барилгын компаниуд дунд “гарсан ослын талаар МХЕГ-т мэдээлдэг үү?” гэсэн судалгаа явуулахад ердөө 20 хувь нь л тийм гэж хариулжээ. Тэгэхээр бидэнд мэдэгдэж байгаагаас тав дахин их тоо гарах магадлалтай гэсэн үг. Яагаад ингэж их осол гарч байна вэ гэвэл менежмент буруугаас гэж барилгачид дүгнэлээ. Монголын компаниуд аюулгүй ажиллагаандаа нийт зардлынхаа нэг хувийг зарцуулдаг бол барууны оронд 20 хувийг зарцуулдаг гэнэ. Нэг удаа осолдоход түүнээс илүү хохирол учирдаг болохоор аюулгүй байдалдаа тэгж анхаардаг аж. Бас, хариуцлага тооцоход төрийн “хатуу гар” дутагдаж байна гэж тэд ярьж байна. Барилгын компаниудад аттестатчилал явуулж, чадваргүйгийнх нь эрхийг хасах юм уу, уг компани хэр чадвартай, техник төхөөрөмжтэй вэ гэдгийг нь харгалзан тендер өгдөг байя гэсэн уриалга гаргаж байна.
Салбараараа нэр хүнд нь шалдаа буусан барилгынхан уулзаж, үүсээд байгаа нөхцөл байдлыг авч хэлэлцлээ. МҮХАҮТ-ын дэргэдэх Барилга, Дэд бүтцийн зөвлөлөөс санаачлан “Барилга - Аюулгүй ажиллагаа” сэдэвт зөвлөлгөөнийг аравдугаар сарын 28-нд МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн их танхимд зохион байгуулсан юм. Хэдийгээр хамтран зохион байгуулагчдын жагсаалтад БХБЯ, МХЕГ, ОБЕГ гэж бичигдсэн байсан ч зөвлөлгөөнд оролцсонгүй. Тэднийг ирж компаниудтай, уулзаж ярилцан санал бодлыг нь сонсоно гэж найдан өдрийнхөө ажлыг хойшлуулан байж ирсэн компанийн удирдлагууд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байв. Ингээд салбарынхан өөрсдөө алдаа, дутагдлаа илрүүлж, гарах арга замыг нь хайж олохыг хичээсэн юм. Тэдний хэлэлцэж буй сэдэв нь “Нэр хүндээ яаж өсгөх вэ” гэдэг биш, хөдөлмөрийн аюулгүй байдлыг яаж хангах вэ гэдэгт тулгуурлав. Зөвлөлгөөний үеэр тавигдсан илтгэлүүдэд Монголд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад “маш муу” гэж хэлж болохоор ажилладаг гэв. Компаниудын гаргадаг хамгийн том алдаа нь ажилчдадаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг хэрхэн сахих заавар зөвлөгөө өгдөггүй явдал. Тэгээд дээр нь үндсэн ажилчин гэж байдаггүй. Зөвхөн ажил эхлэхийн өмнө хувь хүмүүс, бригадтай гэрээ хийж ажилд авдаг. Гэрээндээ хөдөлмөрийн аюулгүй байдлаа өөрсдөө хариуцаж ажиллахыг тусгадаг. Эсвэл анх ажил эхлэхэд нь аюулгүй ажиллагааны дүрэмтэй танилцсан гэсэн гарын үсэг зуруулж маск, бээлий тарааж өгөх төдийхнөөр аргалдаг. Барилгын талбай нь эмх замбараагүй, болзошгүй аюулаас анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ байдаггүй гээд нийтлэг алдаа байгаад шүүмжлэлтэй хандаж байсан юм.
Тиймээс энэ байдлыг арилгахын тулд компаниудад хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах заавар зөвлөгөөг ажилчиддаа байнга сануулж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сургалтад хамруулдаг байх. Мэргэжлийн ажилчны орон тоо бий болгох. Барилгын талбай дээр болзошгүй осол гэмтлээс сэргийлэх, осол гарахад бие, эрүүл мэндээ хамгаалах зааварчилгаа бүхий тэмдэглэгээг байршуулж ажилладаг байх зөвлөгөөг өгсөн юм. Хөдөлмөр аюулгүй ажиллагааны сургалтыг албан ёсны болгох тухай санал ч энэ үеэр гарч байлаа. Мөн ажилчид осол гарсан үед анхны тусламж үзүүлэх мэдлэггүй байдаг тул ийм төрлийн сургалтад хамруулах шаардлагатай. Эцсийн эцэст, энэ бүгд нь барилгын салбарын менежмент буруугаас үүдэж гарч байгаа юм гэсэн дүгнэлтэд хүргэж байлаа. Барилгынхнаас дутахааргүй эрсдэлтэй, хүнд нөхцөлд ажилладаг уул уурхайн салбарт яагаад осол аваар бага гардаг гэж бодож байна. Энэ бол менежмент зөв байгаагийн илрэл гээд шууд хэлчихэж болно. Уул уурхайнхнаас хөгжлөөрөө хол хаягдсан тэд өнөөгийн энэ байдлаа дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрсөн юм.
Харин хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад тулгардаг бэрхшээлийн тухайд тэд ийнхүү ярьж байна. Нэгдүгээрт, хувцас хэрэглэл нь хэтэрхий үнэтэй. Дээр нь нарийн тогтоосон стандарт гэж үгүй. Хэдийгээр Монголд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах талаар 500 гаруй стандарт, зөвлөмж бий ч өнөөгийн нөхцөлд тохирохгүй, хоцрогдсон. Бас хэн ч ойлгохооргүй бичсэн байдаг гэнэ. Иймээс стандартыг нь шинэчилж тогтоох хэрэгтэй гэцгээж байсан. Барилгачдын хувьд нэгэн нааштай мэдээ сонсогдсон нь ирэх арваннэгдүгээр сараас OHSAS олон улсын стандартыг мөрдөхөөр болсон гэнэ.