Эмэгтэй гэрэл зурагчдын "Бүсгүй мэлмий" нэгдлээс зохион байгуулж буй энэхүү үзэсгэлэн "Амьдрал" хэмээх нэгэн сэдвээр дагнасан бөгөөд эргэх дөрвөн улирал, сар, жилүүдийн туршид сонгосон дүрээсээ дурангаа үл салган, амьдралынх нь хэмнэл, замналын дүрст түүхийг бичсэн нь зөвхөн түүний амьдралын төдийгүй гэрэл зургийн түүх, сан хөмрөгийг баяжуулж байгаад үнэ цэн нь оршино.
Гэрэл зурагчид нэг жилийн өмнөөс нэг нэг эмэгтэйн дүр сонгон тэдний амьдралыг гэрэл зурагтаа буулгаснаар ийнхүү бүтээлүүдээ олонд дэлгэж байна.
Японы гэрэл зурагчин Мацумато Ёшико Монголд гэрэл зургийн зургаа дахь үзэсгэлэнгээ гаргаж буй аж. Хамгийн анх Монголын нэг гэр бүлийн амьдралыг 20 жилийн турш гэрэл зурагтаа буулгасан тэрбээр дөрвөн гэрэл зурагчинтай ярилцан энэхүү үзэсгэлэнг гаргахаар болжээ.
Мацумато Ёшико, “Би монгол эмэгтэйчүүдийн их мундаг хүчирхэг юм гэдгийг бахдан “Монголын эмэгтэйчүүд” гэрэл зургийн номоо гаргасан. Монгол эмэгтэйчүүдийн зургийг авч байхдаа Японд ийм хүчирхэг мундаг хүн байдаг болов уу гэж боддог байлаа. Тэгж яваад Мива Санжо гэх 100 настай эмэгтэйг олж харсан. Энэ хүний амьдралын ид үе яг дарангуйллын цаг хугацаанд өнгөрч байсан. Тийм хэцүү үед ганцаараа хичээж эмчийн мэргэжлийг эзэмшин, жүжигчний мэргэжлийг давхар хийж байгаад нь бахархаад энэ хүнийг сонгосон. Хүн нас нэмээд хөгширдөггүй. Нас нь арьсны үрчлээг л нэмдэг. Хүсэл тэмүүллээ алдсан цагт л хүн жинхэнэ хөгширдөг гэдгийг 100 настай эмэгтэйн энэхүү зургуудаас харж болно” гэлээ.
“Өгсүүр зам” үзэсгэлэнгийн гол дүрийн эмэгтэй Я.Ариунтөгс, “Монголын цөөхөн, чадварлаг гэрэл зурагчдын нэг Ш.Отгонжаргал бид хоёр 30 жил найзалж байна. Хүний амьдралын нэг жилийн түүх гэдэг богинохон юм шиг боловч маш урт. Энэ хугацаанд олон зүйл тохиолдсон. Миний амьдралын уналт, босолт, үхэл хагацал, баяр баясгалан бүгдийг эдгээр зурагт мөнхөлж үлдээлээ. Жилийн хугацаанд олон ажил сольж, хүүхдээ хараад гэртээ суусан. Нартад надад заяасан ганц сайхан дүүгээ тэнгэрийн оронд үдлээ. Энэ бүгдийг бид мартчихдаг шүү дээ. Гэтэл надад насан туршдаа мөнхөлж өгсөн азтай завшаан тохиосонд баяртай байна” гэлээ.
Эмэгтэйн түүх-Улстөрч үзэсгэлэнгийн гол дүр УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, “Олон улс төрч эмэгтэйчүүдээс намайг онцолсонд баяртай байна. Жилийн хугацаанд миний олон зургийг авсан. УИХ-ын чуулган, ажлын байр, хөдөө, гэртээ гээд олон газраар явсан зургийг багтаасан маш том үлдэцтэй бүтээл боллоо. Зөвхөн миний зургууд байгаа боловч цаана нь Монголын нэгэн үеийн эмэгтэйчүүдийн амьдралыг харуулж байна. Эмэгтэйчүүд ажил, амьдрал, гэр орон гээд бүгдийг нь амжуулдаг. Эдгээр таван эмэгтэй нийгмийн ямар үед амьдарч, ажил амьдралаа хэрхэн залгуулдаг байсан, тухайн үед миний амьдралд юу тохиолдож байсныг дараа нь энэхүү зургуудаас мэдэх боломжийг олгож байгаа нь үнэхээр гайхалтай юм” гэв.
“Улс төрч эмэгтэйн нэг жилийн амьдралыг, ээж хүн гэдэг талаас нь харуулахыг зорьсон. Зургуудаа үзээд энэ хүнийг би илэрхийлж чаджээ гэж өөртөө урамшиж байна” хэмээн гэрэл зурагчин Г.Эрдэнэтуяа тодотгов.
Баримтат гэрэл зураг нь түүхийг маш сайн үлдээж чаддаг жанр төрөл юм. Өнгөц харвал таван эмэгтэйн нэг жилийн турших амьдрал мэт харагдавч цаанаа эдгээр бүсгүйчүүдийн амьдралаар энэ цаг үеийн нийгмийн онцлог, ажлын байрны төрөл зүйл, гоо сайхан гэх мэт олон зүйлийг түүх болгон үлдээж буйгаараа онцлогтой.
Эл үзэсгэлэн энэ сарын 23-ныг хүртэл олны хүртээл болно.