Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Л.Оюун-Эрдэнэ: Баялгийн тэгш хуваарилалтад анхаарч реформыг эрчимжүүлнэ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн өдрүүдэд Дархан, Сэлэнгэ аймагт ажиллаж,   “Шинэ сэргэлтийн реформ” илтгэлээ танилцуулан иргэдийн санал хүсэлтийг нь сонслоо.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дархан-Уул аймагт ажиллах үеэрээ Засгийн газар улс орны хөгжлийг хязгаарлаж буй хүчин зүйлийг шийдвэрлэх зорилтыг “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан. “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг Улсын Их Хурлаар баталж, хэрэгжүүлж эхэлснээс хойш үр дүн гарч байна. ДНБ, нүүрсний болон бусад экспортын хэмжээ өсөж, төсвийн орлого нэмэгдлээ. 2020 онд -4.6 хувь байсан эдийн засгийн өсөлт 2023 оны хоёрдугаар улиралд 6.4 хувьд хүрлээ. Нэг хүнд ногдох ДНБ 2000 онд 485 ам.доллар байсан бол 2022 онд анх удаа 5000 ам.доллар боллоо. Энэ жил улсын хэмжээнд нэгжийн ургац сүүлийн 10 жилд хамгийн өндөр хэмжээнд хүрч, урьдчилсан балансаар 480 мянган тонн улаан буудай хураан авч, өмнөх оноос 20 орчим хувь өсөхөөр байна. Хүнсний ногооны үйлдвэрлэл ч 165.8 мянган тонн буюу 18.3 хувь нэмэгдэх төлөвтэй байна. Засгийн газар баялгийн тэгш хуваарилалтад анхаарч, баялгийн реформыг хэрэгжүүлж байна гэдгийг онцолжээ.  Мөн тэрбээр Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хууль зөрчин хувьд авсан нь тогтоогдсон тул 2017 онд төр 100 хувь мэдэлдээ авсан. Хувьд байх үед буюу 2016 онд тус үйлдвэр улсын төсөвт 184 тэрбум төгрөг татварт хураалгадаг байсан бол 2019 онд 962 тэрбум, 2022 онд 1.8 их наяд төгрөг төвлөрүүлээд байна. Дарханы төмөрлөгийн үйлдвэр дээр “Кью Эс Си” ХХК концессын гэрээ 2014 онд байгуулсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй. Засгийн газар гэрээг цуцлах үед 9.6 тэрбум төгрөгийн алдагдалтай байсан үйлдвэр энэ оны наймдугаар сард 173 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаад байна гэжээ.

Энэ үеэр Дархан-Уул аймгийн иргэд арьс ширнээс эхлээд уул уурхайн боловсруулах үйлдвэр байгуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах, орон сууцанд хамрагдахад дэмжлэг үзүүлэх, засаг захиргааны удирдлагад төлөөлөл оруулах, сургууль, цэцэрлэгүүдэд их засвар хийх, иргэдэд газар өмчилж авах боломж олгох, төрийн дунд, доод шатны ажилтан албан хаагчдын чадавхыг сайжруулах, татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг бууруулах, банкны зээлийн хүүг бууруулах, хариуцлагын тогтолцоог сайжруулах, шүүхийн шинэчлэл хийх зэрэг асуудлыг хөндөн ярилаа.

Засгийн газар боловсруулах үйлдвэрийг дэмжинэ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг парламентад оруулах санаачилгыг МАН гаргаж жагсаалтын эхний тавд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг багтаахаа зарлаж бусад улс төрийн намуудад уриалсан, боловсрол, эрүүл мэндийн салбарт онцгой анхаарч тухайлбал, багш мэргэжлээр суралцах оюутнуудын сургалтын төлбөрийг тодорхой журмын дагуу төр даах шийдвэр гаргасан, орон нутагт шилжин суурьших, ажиллах иргэдийг бүх талаар дэмжих талаар Ерөнхий сайд хэлжээ.  Мөн Засгийн газар шинэ төслөөс илүү өмнө эхлүүлсэн төслүүдийг бүрэн дуусгах зарчим барьж ажиллаж байгаа. Гэхдээ шаардлагатай шинэ төслүүдийг санхүүжүүлнэ. Дархан-Уул аймгийн “Залуус” хорооллын шинэ сургууль, цэцэрлэг, аймгийн хэмжээнд байгаа их засвар шаардлагатай цэцэрлэгүүдийн засварын санхүүжилтийг үе шаттай шийдвэрлэнэ. Мөн тус аймгийн төвийн нийтийн тээвэрт 20 шинэ автобус өгөхөөр боллоо.  Дархан-Уул аймгийн иргэд 2024 оны улсын төсөвт дараах төслүүдийг тусгуулахаар эрэмбэлжээ.  Эдгээрээс хамгийн олон санал авсан төслүүдийг улсын төсвөөс санхүүжүүлнэ гэдгээ Ерөнхий сайд онцолжээ.

Үргэлжлүүлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон нутаг дахь томилолт Сэлэнгэ аймагт үргэлжиллээ.   Сэлэнгэ аймаг улсын төсөвт орлого төвлөрүүлдэг найман аймгийн нэг. 2022 онд улсын төсөвт 3.1 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Газар тариалангийн салбарт улсын хэрэгцээт үр тарианы 43.1, төмс, хүнсний ногооны 13-39, байгалийн хадлангийн 20 хувийг Сэлэнгэ аймаг үйлдвэрлэж, үр тариа, хадлангаар улсдаа тэргүүлж байна. Энэ жилийн хувьд Монгол Улс түүхэндээ хамгийн их ургац авах боломж бүрдэж, нэгжийн ургац сүүлийн 10 жилд хамгийн өндөр хэмжээнд хүрээд байна. Хүнсний ногооны үйлдвэрлэл ч өнгөрсөн оноос нэмэгдэж, Монгол Улс улаанбуудай, төмсний хэрэгцээгээ 100 хувь, хүнсний ногооны 81 хувийг дотоодоос хангах боломжтой болсныг Ерөнхий сайд онцлоод манлайлан ажилласан сэлэнгэчүүдэд талархал илэрхийллээ. Энэ мэтээр эдийн засгийн хараат бус байдлыг бий болгох “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг Засгийн газар хэрэгжүүлж байна. Одоогоор ДНБ, экспорт, төсвийн орлого нэмэгдсэн бодит үр дүн гараад байна. Цаашид аж үйлдвэрийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх, эрчим хүчний нэмэлт эх үүсвэрүүдийг бий болгох, экспортын шинэ гарцууд, боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, 21 аймгийг хооронд нь хатуу хучилттай авто замаар холбох зэрэг бодлогыг Засгийн газар дэвшүүлэн ажиллаж буйг Ерөнхий сайд иргэдэд танилцууллаа.

Сэлэнгэ аймгийн иргэд уулзалтын үеэр тариалангийн талбайд мал ордог асуудлаас үүдсэн малчин тариаланчдын хоорондын маргааныг зохицуулах, шийдэл гаргах, уул уурхайн мөрөөр эвдэгдсэн газруудад нөхөн сэргээлт хийх, ХААИС-ийн салбар сургуулийг нээх, хүнсний ногоо боловсруулах үйлдвэр байгуулах, боловсролын чанарыг сайжруулах, бэлчээрийн даац хэтэрсэнтэй холбоотойгоор Сэлэнгэ аймгийг отрын бүс нутгаас чөлөөлөх, дулаан хангамжийг сайжруулах, Алтанбулагийн чөлөөт бүсийг нээх, “Шүгэл”, “Шүүр” ажиллагааг орон нутагт буруу зорилгоор ашиглаж буйд хяналт тавих, Сэлэнгэ аймагт авлига газар авсан, төрийн албан хаагчдыг шахаж хавчдаг байдал түгээмэл байгаа зэрэгт анхаарахыг хүслээ.

 Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод баригдах 50МВт чадалтай дулааны цахилгаан станц, Сүхбаатар, Мандал, Баянгол, Шаамар сумдын зоорины санхүүжилтийг ирэх оны улсын төсөвт суулгах, ХААИС-ийн салбар сургууль байгуулах асуудлыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулж хэлэлцүүлэх, Ерөө сумын төвөөс Бугант чиглэлийн 27.8 км авто замын санхүүжилтийг улсын төсөвт тусгахаа илэрхийллээ. Мөн иргэдээс гаргасан санал, хүсэлт, ялангуяа хууль бус томилгоо, Хөтөлийн Цемент шохой ТӨХК-ийн удирдлагатай холбоотой асуудлыг шалгаж нягтлан, үндэслэлтэй бол шуурхай арга хэмжээ авахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Т.САЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2 Сэтгэгдэл
Норвегийн жишгээр л явчих
Тавантолгой, эрдэнэт,оюутолгойн хувьцааг ард түмэнд өг
Хамгийн их уншсан