Novartis Access буюу Новартис эмийн хүртээмжийг сайжруулах хөтөлбөр нь халдварт бус өвчлөлийг бага болон дундаас доош орлоготой орнуудад бууруулах зорилготой дэлхийн хэмжээний хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөр нь дэлхийн 12 улсад хэрэгжиж байгаагийн нэг нь Монгол улс юм.
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар өнгөрсөн оноос Швейцарын Холбооны Улсын “Новартис Глобал” эрүүл мэндийн байгууллагатай хамтран хүн амын дунд зонхилон тохиолддог, нас баралтын 75-аас дээш хувийг эзэлж буй зүрх судас, чихрийн шижин, уушгины эмгэг болон хавдрын үеийн эм зүйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор “Новартис эмийн хүртээмжийг сайжруулах” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн.
Уг хөтөлбөрийн хүрээнд халдварт бус өвчнөөр өвчилсөн иргэдийн эмчилгээнд хэрэглэх 15 ерөнхий нэршлийн 24 тун, хэмжээ бүхий эмийг үйлдвэрээс гарах зардал болох 1$-ийн үнээр Новартис компаниас худалдан авч, иргэдэд ЭМД-аас 100% хөнгөлөн үнэгүй олгож байна. ,
Эдгээр эмийг Европын Холбооны эмийн өндөр зохицуулалттай орнуудад үйлдвэрлэж, нийлүүлэгдэх бөгөөд 2019 оноос хойш ЭМД-аа тасралтгүй төлсөн иргэн бүр эмчийн заалтаар үнэ төлбөргүй авах боломжтой.
Эмийг эрүүл мэндийн даатгалын сангаас хэрхэн 100% хөнгөлүүлэн авах вэ?
- Та бүх шатлалын эмнэлэгт, үүнд өрх, сум, дүүргийн болон гуравдагч шатлалын эмнэлгүүдэд очиж, хурууны хээгээ уншуулан эмийн жор бичүүлэн, мөн уг эмийн зургаан оронтой кодыг бичүүлж авна. Уг кодоор та жор бичүүлсэн эмийнхээ нэг сарын хэрэглээг авах боломжтой. Эм тус бүрд тусад нь код авна гэдгийг бүү мартаарай.
- Та эмийн жор болон зургаан оронтой кодыг хөтөлбөрт уг хамрагдсан эмийн санд авчирч эмээ эрүүл мэндийн даатгалын сангаас 100% хөнгөлүүлэн, ямар нэгэн нэмэлт төлбөр төлөлгүйгээр авах боломжтой.
Өнөөдрийн байдлаар "Новартис" компанийн албан ёсны 3 дистрибьютерийн 191 салбар болон эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор ЭМДЕГ-тай гэрээтэй бусад эмийн сангуудтай гэрээ байгуулсан хот, хөдөөгийн нийт 1226 эмийн сангаар эдгээр эмийг олгож байна.