Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХУРД НЭХЭГДСЭН ДААТГАЛЫН КОМПАНИУД

Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалаа хийлгээгүй жолооч нарыг аравдугаар сарын 1-нээс эхлэн замын хөдөлгөөнд оролцуулахгүй хэмээж байгаа. Иймээс даатгалын компаниуд хэр ачаалалтай буйг сурвалжлахаар Циркийг зорьсон юм.  Жолооч нарт чирэгдэл болохгүйн үүднээс даатгалын нэг цэгийн үйлчилгээг  Циркийн зүүн талд үзүүлдэг болжээ. Баасан гарагийн өдрийн дөрвөн  цагийн үед  даатгалын нэг цэгийн үйлчилгээ үзүүлж буй газраар оров.  Энд Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамрагдсан 15 компани  үйлчилгээ үзүүлж байлаа. Компанийн харилцагч бүр дээр дөрвөөс таван  жолооч дугаарлан зогсоно. Нэг жолооч даатгалаа хийлгэхэд дунджаар арван минут орчим болдог гэдгийг  “Тэнгэр”  даатгалын компанийн ажилтан хэлж байсан юм. Мөн тэрээр “Монголчууд аливаа юмыг тулгаж байж хийдэг. Урьд нь бид өдөржингөө л хүнгүй шахам байдаг байсан. Гэтэл өнөөдөр ачаалал эрс  нэмэгдлээ. Арга ч үгүй биз дээ. Өнөөдөр сүүлийн өдөр юм чинь. Бид аль болох  л шуурхай үйлчлэхийг хичээж байна”  хэмээн ярьсан юм.  Харин өөрийгөө Л.Дорж хэмээн танилцуулсан нэгэн жолооч “Би даатгалын компаниудаас нэг  зүйл л хүсч байна. Осол гараад замын хөдөлгөөнд саад болоод зогсох хэчнээн хэцүү гэж бодно. Даатгалын шуурхай алба руу утасдахаар одоохон гээд алга болчихдог. Шуурхай албаа л хурдан ажиллуулдаг болгоосой гэдгийг хэлмээр байна” гэсэн юм. Энэ үеэр нэгэн жолооч нэлээд бухимдалтай орж ирэв. Тэрээр  “Би жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын үр шимийг одоо хүртэл мэдэрсэнгүй. Найман сарын өмнө даатгал хийлгэсэн. Гэтэл өнөөдөр осол гаргаад  даатгалын компани руугаа утасдсан чинь удахгүй очно гээд 40 минут болов. Замын хөдөлгөөн  ачаалалтай үед 30 минут гэдэг асар их хугацаа. Энэ хооронд эргэн тойрны жолооч нар бухимдаж, зам чөлөөл гэж загналаа. Ингээд 40 минут хүлээсний эцэст даатгалын компанийг хүлээлгүй өөрөө 300 мянган төгрөгөө өгөөд явсан. Даатгалын компаниуд шуурхай албатай л гэдэг. Үнэндээ шуурхай алба гэсэн нэр зүүснээс биш тэр бүр очоод байдаггүй юм байна. Арга буюу өөрийн биеэр ирж нөхөн төлбөрөө авахаар ирлээ“ хэмээн  даатгалын компанийн ажилтан руу зандарч байлаа.
Ер нь, Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалыг энэ оны нэгдүгээр сараас хэрэгжүүлж буй. Одоогоор 250 мянга гаруй тээврийн хэрэгсэл хамрагдаад байгаа аж. Албан журмаар хамруулж байгаа болохоор жолооч нар даатгалд хамрагдалт сайн байна хэмээн Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээлсэн. Харин жолооч нарын тухайд даатгалын компаниудын нөхөн төлбөр олголт муу, үүнийгээ өгөх гэж бөөн чирэгдэл болдог, шуурхай алба нь мөд ирдэггүй гэх гомдлууд хөвөрсөөр байна. Нэгэнт л албан журмаар даатгаж байгаа хойно даатгалын компаниудынхаа чадварыг сайжруулмаар байна. Мөнгийг нь авахдаа бөхийж, харин нөхөн төлбөрийг нь өгөхдөө гэдийдэг даатгалын компаниудын хариуцлагыг сайжруулъя.
Үүнээс харахад Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд ойлгогдохгүй, эргэлзээтэй асуудал их байна. Иймээс Санхүүгийн зохицуулах хорооны Албан журмын болон амьдралын даатгалын хэлтсийн дарга П.Ууганбаяраас зарим зүйлийг  тодрууллаа.

-Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд жолооч бүрийг заавал хамруулж байгаа. Харин нөхөн төлбөр муу олгогдоод байх шиг.  Өнөөдрийн байдлаар хэчнээн  жолоочид нөхөн олговор олгоод байна вэ?
-Одоогоор 11.8 тэрбум төгрөгийн орлого төвлөрөөд байна. Үүнээс 1.6 тэрбумыг нь  3500 гаруй жолоочийн нөхөн төлбөрт оруулсан. Одоо  нөхөн төлбөр арай бага байдаг. Харин арваннэгдүгээр сар гараад хальтиргаа гулгаа ихсээд ирэхээр нөхөн төлбөр эрс нэмэгддэг. Тиймээс сангийн мөнгийг төвлөрүүлж байгаа. Түүнээс биш сангийн мөнгийг хэн дуртай нь аваад зарцуулдаг биш гэдгийг ойлгох хэрэгтэй.
-Даатгалын мөнгө өөр гараад байгаа нь юутай холбоотой юм бэ. Тухайлбал, “B” ангилалын тээврийн хэрэгслийг 33 мянган төгрөгөөр даатгадаг. Гэтэл  зарим даатгалын компани 25 мянган төгрөгөөр даатгаж байх юм?
-Юуны өмнө, аравдугаар сарын 1-нээс даатгалаа хийлгээгүй жолооч нарын тээврийн хэрэгслийг журмын хашаанд хийх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр торгох хүртэл арга хэмжээ авч эхэлнэ гэдгийг сануулмаар байна.  Хуульд есөн итгэлцүүр зааж өгсөн. Үүгээр суурь хураамжийг газар нутгийн байршлаас хамаарч нэмэгдүүлж, багасгаж болно. Мөн жолоочийн туршлагаас хамаардаг. Энэ бүхнээс 33 мянган төгрөгийн суурь хураамж тэр итгэлцүүрээрээр тооцоод буурах, нэмэгдэх ч бий. Үүнээс шалтгаалан даатгуулагч бүр дээр даатгалын хураамж өөр өөрөөр тооцогддог.
-2012 гэсэн наалтыг зарим даатгалын компани өгөхгүй байсан. Тухайн үед даатгуулаад наалтаа аваагүй бол яах вэ. Наалтгүй бол даатгал нь хүчингүй гэсэн үг үү?
-Наалт  тухайн үед тендер оройтсноос даатгалтай зэрэгцэж яваагүй. Уг нь, хуулиараа жолооч даатгал хийлгэх үед нь өгөх ёстой. Гэхдээ одоо нөхөж олгож байгаа. Наалтаа аваагүй жолооч нар даатгалын газартаа очоод авч болно. Тээврийн хэрэгслийн урд цонхны баруун дээд буланд наах ёстой. Наалт даатгалын гэрээ хоёулаа хамт байж хүчинтэй.
-Машинаа зарсан тохиолдолд жолоочийн хариуцлагын даатгал нь хүчинтэй юу. Аль эсвэл дахин шинээр даатгал хийлгэх ёстой юм уу?
-Тээврийн хэрэгслээ зарж буй тохиолдолд гэрээгээ цуцлаад тухайн автомашиныг авсан жолооч өөр дээрээ дахиж даатгал хийлгэх ёстой. Учир нь, тэр хүний даатгалын болон өөрийн  тань тооцоолол өөрөөр хийгдсэн. Энэ нь нэг ёсондоо өөрийн чинь эрсдэлээр өөр хүнийг даатгаж болохгүй гэсэн үг.
-Даатгалын компаниудыг хэрхэн шалгаруулж авсан бэ. Орж ирж байгаа мөнгийг яг нөхөн олговорт өгсөн эсэхийг хэрхэн хянадаг вэ. Мөн шуурхай албыг?
-Жолоочийн даатгалын хуулиар 15 компанид зөвшөөрөл олгосон. Санхүүгийн зохицуулах хорооноос даатгалын компаниудад хэд хэдэн шалгуур тавьдаг. Үүнд, төлбөрийн чадвар, нөөцийн сан, мэргэжлийн боловсон хүчинтэй. Мөн шуурхай албатай байх гэсэн шаардлагыг хангасан компаниудыг сонгосон.  Даатгалын хураамжийн үйл ажиллагааг хуулийн дагуу авч , нөхөн төлбөрийг цаг тухайд нь өгч байна уу гэдгийг манайх хянаж байгаа. Хэрэв даатгалын компанийн талаар гомдолтой байвал манайд өргөдлөө өгөөд хянуулж болно.

Б.Мягмаржав

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан