Голомт банкнаас жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг өргөжүүлэхэд нь дэмжих зорилгоор хэрэгжүүлж буй “Менторшип-2023” хөтөлбөрт хамрагдах байгууллагууд амжилттай тодорлоо. Энэ жилийн хөтөлбөрт анкетаа ирүүлсэн нийт байгууллага дундаас “Чингүүнбат” ХХК, “Топ Степ” ХХК, “Соёмбот Оргил” ХХК, “Абигэйл” ХХК, “Ээлтэй Ертөнц” ТББ, “Эдем” ХХК нь бизнесийн алсын хараа, байгууллагын үйл ажиллагаа, удирдлагын арга барил зэргээрээ онцгойрон хөтөлбөрт хамрагдахаар сонгогдлоо.
Харин өнөөдөр ерөнхий зохион байгуулагч Голомт банк, хамтран зохион байгуулагч “Мотивейшн Хэлхээ” ХХК болон шалгарсан байгууллагын төлөөллүүд гурван талт гэрээг үзэглэснээр хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах үйл ажиллагаа ийнхүү албан ёсоор эхэлж байна. Хамтран ажиллах гэрээнд Голомт банкны Байгууллага хөгжлийн газрын захирал А.Ганчимэг, “Мотивейшн Хэлхээ” ХХК-ийн захирал Э.Болор-Эрдэнэ болон оролцогч байгууллагуудын удирдлагууд гарын үсэг зурж баталгаажууллаа.