Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Торгуультай машиныг хөдөлгөөнд оролцохыг хориглож, түгжрэлтэй тэмцэнэ

Дугаарын хязгаарлалтаар замын хөдөлгөөнийг зохицуулж эхлээд 10 хонож буй. Энэ хугацаанд түгжрэл 30-38 хувиар буурсан болохыг албаныхан мэдээлсэн. Есдүгээр сарын 15-наас дугаарын тэгш, сондгой зохицуулалт дуусч хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ. Улмаар арваннэгдүгээр сард зөвхөн цахим гэрчилгээтэй буюу RFID технологийн системтэй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулах юм. Мөн цахим гэрчилгээгүй машинаас гадна торгуультай тээврийн хэрэгслүүдийг ирэх арваннэгдүгээр сараас хөдөлгөөнд оролцуулахгүй гэдгийг албаныхан мэдэгдсэн.

RFID систем нь төрийн байгууллага болон замын хөдөлгөөнд оролцогчдын мэдээлэл солилцоог сайжруулах, нэгдсэн мэдээллийн сан үүсгэх, замын хөдөлгөөнийг хянах, удирдах, дүн шинжилгээ хийх боломжийг бүрдүүлэх зорилготой. Өөрөөр хэлбэл, цахим гэрчилгээ буюу RFID технологийг суурилуулснаар авто зам ашигласны төлбөр хураамж, татвар, оношилгоо, даатгал зэрэг тээврийн хэрэгслийн нэгдсэн сан үүсч буй юм.

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзоригийн өнгөрсөн сард өгсөн мэдээллээр 2022 оны жилийн эцсийн байдлаар 103 тэрбум гаруй төгрөгийн торгуультай тээврийн хэрэгслүүд зорчиж байна гэх тоон мэдээлэл байгааг хэлсэн.

Тэгвэл уг системийг нэвтрүүлснээр торгуулиа тодорхой хугацаанд төлдөг, заасан хугацаанд төлөөгүй бол алданги тооцдог болохоос гадна татвараа төлөөгүй, даатгалд хамрагдаагүй зэрэг зөрчилтэй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох боломжгүй болно гэсэн үг. Мөн жолооч нар машинаа хэдийд оношлуулах, төлбөр тооцоогоо цахимаар төлөх, аль зам засвартай байгаа, түр хаасан зэрэг мэдээлэл авах боломжтой. Түгжрэлийг бууруулах оновчтой арга нь хариуцлагагүй жолоочдыг хөдөлгөөнд оролцуулахгүй байх.

Олон жил зөрчил гаргаж, санаатайгаар торгуулиа төлөхгүй хуримтлуулдаг жолооч нарын тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд хязгаарлах нь оновчтой зохицуулалт гэдгийг иргэд ч хэлж байгаа юм.

Өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар нийт 1,264,000 тээврийн хэрэгсэл бүртгэлийн санд бүртгэлтэй байсан. Үүнээс 162 мянган тээврийн хэрэгсэл нь татвар, даатгал төлдөггүй, техникийн хяналтын үзлэгт ороогүй тул улсын бүртгэлээс хасна гэсэн судалгаа гаргасан байдаг. Гэвч одоог хүртэл торгуулиа төлдөггүй тээврийн хэрэгсэлтэй жолооч нар замын хөдөлгөөнд саадгүй зорчдог. Ямартай ч ирэх арваннэгдүгээр сараас тухайн автомашинуудын зорчих хөдөлгөөнийг хязгаарлах нь. Нэг талаар түгжрэлд, нөгөө талаар нийслэлийнхэнд энэ нь хамгийн оновчтой арга зам.

Хууль зүйн сайдын тушаалаар батлагдсан "Бэлэн бус хэлбэрээр торгууль оногдуулах журам"-ын 4.2-д Торгуулийг тогтоосон хугацаанд төлөөгүй зөрчлийг холбогдох хуульд заасны дагуу тухайн тээврийн хэрэгслийг Цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн санд зарлан мэдээлж, тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгч буюу жолоочоос шүүхийн тогтоол гүйцэтгэлийн журмаар албадан гаргуулна гэж заасан байна. Гэвч энэ хэрэгжилт төдийлөн хэрэгжээд байдаггүй. Иргэд машинаа нэр шилжүүлэх, бусдад худалдах тохиолдолд л торгуулийг төлж, эсвэл хасч үнийн дүнг тооцдог. Түүнээс их хугацаанд хуримтлагдсан торгуулийг аль болох төлөхгүй байх хүсэлтэй гэхэд хилсдэхгүй. Тиймээс түгжрэлийг бууруулахын тулд улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнийг зохицуулах биш торгууль, төлбөрөө төлсөн эсэхээр хязгаарлалт тогтоох шаардлагатай байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан