Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн хүрээнд дулаан болон усан хангамжийн үйл ажиллагаа эрхэлж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйлчилгээг сайжруулах, тулгамдаж буй асуудлыг нь цогцоор шийдвэрлэх уулзалт/2023.08.30/ болж өнгөрлөө. Энэхүү уулзалтад Усны зохицуулах хороо, нийслэлийн Захирагчийн ажлын алба, Шударга өрсөлдөө хэрэглэгчийн төлөө газар, “Улаанбаатар дулаан сүлжээ” компани, Ус суваг ашиглалтын газар, Орон сууц нийтийн аж ахуй удирдах газрын төлөөллүүд ирж оролцов. Уулзалтын үеэр Эрчим хүчний зохицуулах хороо, Усны зохицуулах хороо, хэрэглэгчийн өргөдөл гомдлыг төрийн байгууллагуудын зүгээс хэрхэн түргэн шуурхай шийдэх вэ, хэрэглэгчдийн ая тухтай дулаан хангамжаар үйлчилгээ үзүүлэх вэ гэсэн асуултад тэдний байр суурийг сонирхлоо.
УС ХАНГАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ НЭГДСЭН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ХҮРГЭХ ХЭРЭГТЭЙ
Хот суурин ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээ зохицуулах хорооны тусгай зөвшөөрөл хэрэглэгчийн газрын дарга Г.Нарантуяа:
-Манай байгууллагын хувьд орон сууцны конторуудад цэвэр бохир үйлчилгээг эрхлэх тусгай зөвшөөрөл олгодог, үнэ тарифыг тогтоох, хэрэглэлтэнд нь хяналт тавьж ажилладаг байгууллага юм. Улаанбаатар хотод нийтийн зориулалттай орон сууцны барилга байгууламж, оршин суугчид, гэр хорооллын иргэдэд ус түгээх, усаар үйлчлүүлж байгаа нийт хэрэглэгчдэд манай байгууллага үйлчилгээ зохицуулалт хийж ажилладаг. Нэн тулгамдаж байгаа асуудал бол орон сууцны оршин суугчдад ус хангамжийн үйлчилгээг нэгдсэн зохион байгуулалттай хүргэх юм. Энэ асуудлын хүрээнд бид эрчим хүчний зохицуулах хороотой хамтарсан ажил хэргийн уулзалт зохион байгууллаа. Энэ уулзалтаар бид Улаанбаатар хотын хэмжээнд цэвэр, бохир болон дулаан хангамж зэрэг хэрэглээний халуун усны хангамжийн үйлчилгээг шийдэхэд хэрхэн хамтарч ажиллах, цаашдаа өөр хоорондоо хэрхэн уялдаатай холбоотой ажиллах юм бэ гэдгийг хэлэлцэх юм. Шинээр баригдаж байгаа орон сууцны хувьд үйлчилгээ, байнгын ашиглалтад шилжихдээ заавал орон сууцны контор юм уу, тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагаар үйлчилгээ авах ёстой байдаг. Дулаан хангамж, хэрэглээний халуун ус талаас нь Эрчим хүчний зохицуулах хороо, цэвэр бохир усны ашиглалттай холбоотой зохицуулалтыг Усны үйлчилгээ зохицуулах хороо тус тус хууль эрхзүйн талаас нь зохицуулалт хийх юм. Хоёр хорооны хувьд орон сууцны оршин суугчдад ус хангамжийн үйлчилгээнд хамрагдаж байгаа хэрэглэгчдэд нэг зохицуулалтаар, хэрэглэгчдийг тасралтгүй үйлчилгээгээр хангах асуудал дээр уялдаатай ажиллах ажиллах тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй байна.
АЖЛЫН МЕХАНИЗМ, ДЭД БҮТЦИЙГ НЬ ЗӨВ БҮРДҮҮЛЖ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ
Улаанбаатар хотын захирагчийн албаны хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж:
-Бид нарт тулгамдаж буй асуудал бол байгууллага хоорондын уялдаа холбоо, мөн үндсэн салбарын дэд бүтэц, механизм нь өөрөө алдагдчихсан байгаатай холбоотой. Нийслэлд өдөр болгон иргэдээс өөрт тулгамдаж байгаа асуудлууд нийслэл дээр ирдэг. Үүнд эрхзүйн хүрээнд шийдвэрлэх боломжгүй асуудлууд бас байна. Тухайлбал, СӨХ-ын болон конторын үйл ажиллагааны талаар нийслэлийн Засаг даргаас ямар нэгэн шийдвэр гаргах боломжгүй байдаг. Яагаад гэвэл хууль эрхзүйн зохицуулалт нь өөрөө ийм байдаг. 2021онд нийслэлийн эрхзүйн байдлын тухай хууль гарсан. Одоо СӨХ-ын үйл ажиллагааг нийслэлд чиг үүргийг тодорхой тусгасан хүрээнд СӨХ-ын тухай хуулийг нийслэлээс ажлын хэсэг гаргачихсан боловсруулаад явж байна.
Оршин суугчид СӨХ-ын хуралд цаг зав гаргадаггүй хэр нь асуудал гарахаар иргэд өөрсдөө бухимдаад СӨХ-өө татан буулгачихаа гэдэг. Гэтэл тэрийг нь шийдчихээр газар байдаггүй. Бид нарын хувьд зохицуулалт хийнэ гэхээр зөрчил гаргаж байгаа газрыг тодорхой хэмжээнд хүчингүй болгодог. Контор бас яг адилхан. Жишээ нь, халуун усгүй байна гэхэд 60, 70 гаруй конторуудын үйл ажиллагаа явуулж байгаагаас тусгай зөвшөөрлүүд нь бүгд өөр өөр. Зэрэгцээ байрнууд мөртлөө өөр өөр ашиглагчтай. Ингээд дундын шугаман дээр маргаан үүсдэг. Буцаад иргэд ус суваг янзлахгүй байна гэдэг буруу ойлголт авдаг. Санхүүжилтийг хэн авч байна, конторууд авч байна. Өөрөөр хэлбэл, үйл ажиллагааг нь хэн хийх ёстой вэ гэхээр контор болон тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагууд хийх ёстой. Сая үер ус болоход насос бариад подвалын ус соруулахаар ороход ямар ч бэлтгэлгүй байх жишээтэй. Удирдлагууд нь байдаггүй. Ийм нөхцөлүүд зөндөө таарч байна.
Тэгэхээр энэхүү уулзалтын зорилго нь салбарын уялдааг тодорхой болгох, механизмаа зөв болгоход оршиж байна. Цаашдаа энэ асуудлыг орон нутаг нь ямар нэгэн байдлаар шийдвэрлэх зохицуулалттай болгох хэрэгтэй. Дээр нь ус суваг, дулаантай холбоотой ажлыг контороор нь хийлгүүлж, бидний хийх ёстой ажлыг хийлгэх хэрэгтэй.. Ялангуяа дундын өмчлөлийн асуудал гэдэг бол эзэн биегүй болчихсон хэр нь маш олон хэрэглэгчтэй. Иргэд бухимдаад ирэхээр тэр хариуцлагыг төр хүлээж таардаг гэх мэт асуудлуудыг зөв тогтолцоонд нь оруулах хэрэгтэй байх.
ДУЛААНЫ ҮНЭ, ТАРИФЫГ НЭМЭХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ
Эрчим хүчний зохицуулах хорооны Зохицуулагч Э.Түвшинчулуун:
-Улаанбаатар хотод барилгажилт маш хурдацтай байна. Гол магистраль шугамнаас салаалсан шугамыг хэд хэдэн орон сууцны байрууд авдаг. Энэ дунд нийтийн эзэмшил гэсэн нэр томьёо гарч ирдэг. Тэр салаа шугамууд нь бас хариуцах эзэнгүй болоод байна. Үүнийг эрчим хүчний хуультай уялдуулах юм. Салаа шугамыг эзэнтэй болгохгүй бол доголдол гараад байна. Айл өрхийн цахилгаан дулааны үнийг нэмэх асуудлыг судалгаа хийгээд дуусах шатандаа орсон. Ер нь бол нэмэх зайлшгүй шаардлагатай. Дулаан хангамжийн үйлчилгээ үзүүлдэг тусгай зөвшөөрлийг эрчим хүчний зохицуулах хороо олгодог. Одоогийн байдлаар зарим хэрэглэгчдэдээ үйлчилгээгээ хангалтгүй үзүүлсэн 6 компани тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон. Зохицуулах хороо дулаан хангамжийнхаа тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож байхад усны зохицуулах хороо нь дээр тусгай зөвшөөрөл нь үлдчихдэг асуудал гарч байна. Үүнийг л хэрхэн шийдэх вэ гэдэг талаас нь төрийн байгууллагууд хоорондоо ярилцаж байна.
ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН САНГ БИЙ БОЛГОНО
Орон сууц нийтийн аж ахуй удирдах газрын ерөнхий инженер Ж.Пүрэвжамц:
-Төрөөс үнэ тарифыг барьдаг учраас үнэ нэмж болдоггүй. Гэтэл нэг ширхэг янжуураас 100л ус хямдхан байна. Тариф бага, дээр нь зарим оршин суугчид мөнгөө төлөхгүй. Орлого багатай сарууд бас бий. Ялангуяа зуны гурван сар. Ихэнх айлууд зуслан руугаа гараад явчихдаг. Тоолуурын заалтаа өгнө, өгөхгүй гэсэн цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалсан асуудлууд бас их гардаг. Иргэд маань нийтийн зориулалттай орон сууцны байранд амьдарч байна гэдгээ ухамсарладаггүй. Цахилгааныхаа мөнгөө төлөхгүй бол тог тасалчихдаг учраас төлөх хэрэгтэй гэж боддог. Харин ус, дулаанаа төлөхгүй байна.Усыг хаана гэхгүй учраас иргэд төлөхгүй сунжирч, өр авлага үүсдэг. Иймээс иргэдэд хөшүүрэг болох үүднээс зээлийн мэдээллийн санг бий болгож байгаа юм.