Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Феликс Гленктэй уулзлаа Б.Ганболд Америк тивийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан Төрийн албан хаагчийн ёс зүйн сургалтад 300 албан хаагч оролцож байна Газрын тосны хайгуулын Хэрлэнтохой XXVIII талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулав “ГЭР БҮЛ - СОЁЛЫН АНХДАГЧ ОРЧИН” СОЁЛЫН БОЛОВСРОЛ ОЛГОХ ХӨТӨЛБӨРИЙН ХААЛТЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО Үндсэн хуулийн ойн хүрээнд зохион байгуулдаг Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн болно Тусгай хэрэгцээт хүүхдийн 200 ортой цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо Монголд дундаж өрх 8 жил мөнгөө хуримтлуулж байж орон сууцтай болохоор байна
"Бусдын одыг дүрэлзүүлэхээр мөрөөдлөөсөө оч тасалж өгдөг яг гал шиг..."

Япон их сонин орон. Толь шиг. Нүүр тулсан хүнд мөн дүрийг нь чимээгүй харуулдаг. Тэр эелдэг инээмсэглэлээр угтаж, хичээл зүтгэлээр чинь хэмжээлж, харихад чинь тэвэр дүүрэн тэвчээр бэлэглэнэ. Тэнэг хүнд ч ойлгомжтой эмх цэгц, тэгсэн хэрнээ тайлагдашгүй оньсого. Хүсэл татна. Зүрх бадраана. Тэрсэлбэл гэмтээнэ. Хэлэх үггүй алмайруулж, гуниг баярыг зэрэг мэдрүүлнэ. Залуу нас, аз одыг чинь ёроолгүй гүн рүүгээ залгилж чадна. Хэн болохоо анзаарах завгүй мөрөөдөж, зориглон тэмүүлж буй чамайг амжилтын далайд ч гаргана. Залуурчин нь, завь нь япон байх албагүй. Япон ийм газар. 

Энэ газраас олж ирсэн мөрөөдлөөрөө бусдыг асааж яваа монгол хүний тухай ярьж өгье. Монголчууд “Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Жанчивын Галбадрахыг сайн мэднэ. Дахин танилцуулах хэрэг юун гэж үү? Магадгүй. Гэхдээ хүмүүс багшийг багш л гэж хардаг, тэгж боддог л доо... 

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч, “Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнгийн ерөнхийлөгч Ж.Галбадрахтай танилцсанаас хойших хоёр сарын хугацаанд тэр хоёр удаа Япон яваад ирлээ. Түүний ажил амьдрал яг л хоёр нутагтан шиг Монгол-Япон гэсэн маршруттай 28 жил өнгөрч байна. Галаа багш энэ он жилүүдэд Японы эгэл айлуудаас эхлээд Ерөнхий сайд Шинзо Абэгийн гэрт нөхдөө дагуулан зочноор уригдаж, эргээд олон япончууд гэрээр нь, сургуулиар нь айлчлаад морддог монгол гүүр болжээ. 

Ж.Галбадрахыг яг япон хүн шиг гэлцдэг. Үгүй юм билээ, тэр япон хүнээс ч илүү япон хүн шиг байж чадахад суралцсан юм шиг санагдсан. Харин ч Монголын уудамд өсөж яваа хөвгүүд, амьдралд нэгэнтээ учирч нөхөрлөн үлддэг найз шиг, бидний эцгүүд шиг л жинхэнэ монгол эр. Тийм учраас л япончуудын анхааралд өөрөө ч мэдэлгүй өртсөн байх. Дэг жаяг гээчийг өөрийг нь бүтээсэн ард түмний дунд тэр том мөрөөдөл, зориг хоёроороо л ороод явчихсан хэрэг. Дэг жаяг, тогтсон хэв маяг, цаг бүртээ үүнээс илүү шинэ байхгүй мэтээр чанд боловсруулсан орчин цаг ч гэлээ дүр эсгээгүй, хуулбарлах гэж оролдоогүй этгээд хачин түүний, Монгол-Япон гүүрийг өөрийнхөөрөө өрсөн хүний түүх оршвой. Тэр мөн багш. Монголын дунд сургуулиудаас төрсөн ховорхон оддын нэг. Тэр бусдын одыг дүрэлзүүлэхээр мөрөөдлөөсөө оч тасалж өгдөг яг гал шиг хүн. 

***

“Галаа бид хоёр 50 гаруй жил нөхөрлөж явна. Шатар тоглоод хожигдчихоороо муухай шартай, маргааш нь хар үүрээр даагаа нэхнэ. Бид 10.000 төгрөгөөр "үздэг" байхгүй юү. Галаа аймаар булхайцна, буцаж нүүнэ. Намайг л үгээр идэхдээ чадамгай, надад тийм зан огт байдаггүй. Улаанхуарангийн шороон дээр өссөн, сургуульд нэг ангид орсон хоёр. Одоо болтол зам салсангүй. Заримдаа ч залхмаар нөхөр шүү дээ. Галаа жил болгон “Шинэ Монгол”-ын төгсөгчдөө эргэж Япон явдаг юм. Хэдэн жилийн өмнө намайг аваад Японд сайхан амруулахаар явлаа. Нээрэн л Галаатай Япон явах гоё байж таарна гэж бодоод догдолсон амьтан гэрээсээ гарсан, онгоцны буудал дээр надад гурван том чемодан өглөө. Дотор нь дүүрэн мах, борц, ааруул, чихэр. За буугаад надтай нэг ч үг сольсонгүй, утсаар оюутнуудтайгаа яриад л, долоохон хоногт хэчнээн хот дамжив, мах, чихрээ тараагаад л яваад байлаа. “Манай нэг хүүхэд надад захиа бичсэн байна, унш” гээд өгч байна. Уйдсан би метронд тэр урт захиаг нь уншаад хамар шархирч яваа юм аа, бас. Галаа шөнө буудалд ороод ч унтахгүй, сургуулийн дотуур байр, кофе шоп, хоолны газар гээд хаана л бол хаана хүүхдүүдтэйгээ уулзаад л явах юм. Надад болохоор цонхоор энийг хар, тэрийг хар гэж хэлчхээд утсаараа л яриад явна. Оюутнуудын сургалтын төлбөрийг даадаг ивээн тэтгэгчдэд нь өөрөө очиж талархал илэрхийлэлгүй горьгүй гээд бас ямар ч олон байгууллагаар ордог юм. Би дагаад л яваад байгаа шүү дээ. Юун нөгөө гоё амрах зугаалах, сүүлдээ ч бушуухан харимаар болсон. Тэгж байтал нэг хүлээн авалтад очих боллоо. Сүрлэг танхимд ороод явчихлаа шүү. Нэлээд том арга хэмжээ гэдэг нь илт. Галаа үг хэллээ. Тэр танхим дүүрэн япон хүн миний найзын ярихыг сонсох гэж олон хот суурингаас зорьж иржээ. Юу ч ярьсан юм, би ямар японоор ойлгох биш, гэхдээ л тэнд байсан хүмүүс бүгд босож зогсоод алга ташсан. Хүндэтгэсэн, хайрласан царай, зарим нь бүр нулимс мэлтэгнүүлчихсэн. Би Галаагаа сайн хүн, мундаг захирал гэж мэдэх ч гэлээ тэгэхэд л би муу найзаа нэг их биширсэн” хэмээн Ж.Галбадрахын анд найз, “Шинэ сонголт” их дэлгүүрийг үүсгэн байгуулагч Ч.Мөнхбат хэллээ. 

“Галаа байдаг л нэг хүү байсан. Ерөөсөө энэний хөдөлгөөний эвсэл, хурд, хүч нь л сүрхий хүн болоход нь тун чухал нөлөөлсөн гэж би бодоод байдаг юм. Аль сайн физикч амжилтгүй явахыг тэр гэх вэ дээ. Одоо ч сагс, воллейболоосоо холдоогүй, ахмадын багтайгаа үзээд л яваа. Манай Галаа өөр авьяасгүй хүн шүү дээ. Дуунд нэг их дуртай ч аюултай солгой болохоороо худлаа амаа хөдөлгөчихнө өө. Миний Галааг ганц дийлдэг юм дуу, бүжиг л юм даа. Математик, физикт бол ярих юм байхгүй онцгой хүүхэд байсан л даа. Хичээлээ тараад бөмбөг тоглохгүй харих гэж бараг байхгүй. Сагс, гар бөмбөг, хөлбөмбөгөөр сургуулийн шигшээгийн тамирчин болтлоо, шатар даамаар дүүргээс хотын аварга болтлоо нүдэлцсэн хүүхэд. Тэвэг ямар гоё өшиглөдөг гээч, зүгээр л мастер байсан. Галаа шиг ар, өврөөрөө тасралтгүй 25 угсардаг, 35 шат хийдэг, унагадаг хүүхэд манай Улаанхуаранд цөөхөн байв”. 

***

Галаа багш анх 32 настайдаа 1995 оны аравдугаар сарын 2-нд мэргэжил дээшлүүлэхээр Японд хөл тавив. Бүтэн жилээр орхиж явах эхнэр, дөрвөн охиноо санаа зовохооргүй хуримтлалтай үлдээх санаатай Бээжин орж таван машин тэвш дүүрэн алим тээвэрлэн ирснээ борлуулж дуусгах гэсээр нисэх товтой өглөө нүүр гараа ч олигтой угаалгүй шахам онгоцонд амжиж суужээ. Суудал зэрэгцсэн зорчигчоос анхны япон үг сурсан нь “Конничива”. 

“Хичээл эхлэхээс долоо хоногийн өмнө Сэндай хотод очсоных, газрын зургаас харахад холгүй санагдах Номхон далайг үзэхээр нэг л өглөө дугуйгаар жийчхэв. Баримжаагаар 5-6 км-т далай байх тул замдаа “Далай хаана байна” гэж хүмүүсээс англиар асуух энэ гадаад эрийг япончууд баахан гайхаж, дэмий л зүүн тийш хуруугаараа заагаад үлдэнэ. “Монголд ирсэн гадаад хүн ганцаараа урд зүг рүү давхих зуураа “Говь одоо яг хаанав” гэж асуугаад л явахтай адил юм. Явсаар далайн эрэгт хүрэхэд 20 гаруй км жийсэн байлаа. Японд анх удаа очоод ердөө тав хоносон, хэл ч, газар ч мэдэхгүй, тэгээд дугуйгаар далайд хүрнэ гэж санадаг зориг зүрхтэй ч байж дээ. Аавынхаа өгсөн архины сэржмийг далайн хаанд сүсэглэн өргөлөө. Далайн их усыг ширтэн эрэг дээр нь цаг орчим ганцаар суулаа. Гэр бүлээрээ ингээд байж байхыг төсөөлөхөд нээрэн мэт хөөр баяр төрөөд л. Маш олон зүйлийг бодож, том ч зорилтууд өөртөө тавьж, далайтай хуваалцан ярьж байсансан”. 

***

Өглөө 05.00-д сэрүүлэг дуугарч сонин тараах ажилд гарсаар яг нэг жил есөн сар өнгөрчээ. 9-17 цагт магистрын хичээлтэй. Тэндээсээ ачаа тээш ачдаг ажилдаа шууд очоод, дараа нь бааранд зөөгчөөр ажиллана. Уушийн газрын сүүлчийн зочныг шөнө дунд хүндэтгэлтэй гэгч мэхийн үдээд эргэхэд түүний нүд анилдаж эхэлдэг ч одоо цэвэрлэгээ хийх ёстой. 

Ард үлдсэн гэр бүлээ гоё төсөөлөл, гоё мөрөөдлөөр зориг мэдэн ихээ хол аваад ирсэн, гэр бүлийн хоёр хоёул хамжин дөрвөн хүүхэдтэйгээ хоосон хонохгүй ч халуун ам бүлээрээ байгаадаа урамтай л явдагсан. 4-5 цагийн нойртой л жийгээд байдаг, жирийлгээд байдаг. Гэсэн ч нэгээс нөгөө рүү гүйж, завсар чөлөөгүй цагийн ажлуудын хөлс, дээр нь цэвэрлэгээний компанид ажилд орсон эхнэрийн цалин нэмэгдээд ч зургаан ам бүл шүү дээ. Дэлхийн хамгийн үнэтэй оронд аав нь магистрт төлбөртэй сурдаг оюутан байх, дөрвөн хүүхэд нь бага, дунд сургуульд суралцахад хүрэлцэхтэй үгүйтэй, том жижиггүй туйлдах аж. Маргааш энэ бүхэн дахиад л эхлэх тухай бодоход тэнхэл нь хүрэлцэхгүй үе түүнд иржээ. 

“Хань нь алзахгүй ээ, аав нь чадна шд гэж яаж би төсөөлж чадав аа. Мөрөөрөө өөрөө л зүтгэхгүй юунд энэ хэдийгээ авчрав” гэж бодоход хар аяндаа л нулимс нь урсана. “Яах гэж..?” Галаа энэ хүртэл хэзээ ч ядарч, унаж үзээгүй. Монголд багшилж байхдаа сургуулийн зуны амралт бүрээр гурван сар галт тэргээр гэр хийн ганзагын наймаанд явахдаа ч түүртээгүй. Новосибирск орчимд галт тэрэгний буудал дээр Тюмений гэмт этгээдүүдэд дээрэмдүүлэхгүй гэхдээ улаан гараар үзэлцэн хутгалуулах шахаж, вагон доогуур амь тэмцэн шургаж, хөдөлсөн галт тэрэгний араас арай гэж зүүгдэн амь аврагдахдаа “Би амьд байна” гэж өөрийн мэдэлгүй хашгирч явснаас биш одоо ингээд довжоон дээрээ лагхийсэн шиг сөхрөөгүйсэн”. 

Шөнийн 00.00 цаг өнгөрсөн, дөрвөн хүүхэд нь аль хэдийн унтсан хойно дэрэн дээр толгой тавихын түүс яаран ирдэг ч энэ удаа дотогш оролгүй довжоон дээрээ лагхийн суув. Энэ долоо хоногийн турш халаасандаа ердөө 100 иентэй хүн яваад л байгаа. “Ингэж байж биегүй болов доо” гэж түүнийг сайн мэдэх япончууд халаглана. Тэр дотроо үнэхээр цурхирч байлаа. Ямагатагийн арванхоёрдугаар сарын чийгтэй агаар жиндүүхэн. Яах гэж гэр бүлээ авчрав гэх бодол нь яах гэж ирлээ, юу хүслээ, тэгээд яасан гэж, юу болчхоод байгаа юм, ядраа л биз, ямар өвдөө юү, хохироо юу, залуу байна, мөрөөдөл байна, энэ тэгээд тэмцэл биш юм уу гэх асуултаар сэлбэгдэж, энэ улсад анх ирсэн, гайхаж бахадсан, гэрийнхэндээ үзүүлэхийг мөрөөдөж асан эхний цэгтээ эргэн очно. Хөнжил дүүрэн амгалан нойрсох хүүхдүүдээ харахад сая бодсон “Яах гэж...” хулжив. Энэ шөнө нойр ч мөн хулжив. 

“Гурван цагийн дараа дуугарах сэрүүлгээр гарч сониноо тараана. Энэ бол урамшуулалтай өглөөний гүйлтийн дасгал. Орой 5-д ачаа ачихад булчин шөрмөс чангараад биед ч хэрэгтэй, тэр бол цалинтай фитнес. Баарны зөөгч муугүй л ажил шүү дээ, хөгжим дуу чагнангаа япончуудтай ярилцана, хэлээ ч сайжруулаад авна”. Гэж сэтгэн завгүй амьдралынхаа нэгэн шөнийг сэрвэлзэн өнгөрүүлж, удаах олон олон өдрүүдийг өмнөх шигээ угтахын тулд сэтгэлээ бөххөн бэхлэв.

“Бид аавынхаа араас Японд очмогцоо бага, дунд сургуулиудад орсон юм. Аав, ээж хоёр маань маш завгүй учраас дунд сургуулийн хоёр том охиныхоо хичээл сурлагад анхаарч туслах ганц цагийг л гаргаж амжина. Аав өглөө сонин тараах ажлаа тараад гэртээ өглөө 07,00 цагт ирж, 09,00-д өөрийнхөө хичээлд явах хүртлээ бидэнд япон хэл, ханз заана. Биднийг сайн сурвал дүү нартаа үлгэрлэнэ гэж бодсоных биз. Гэтэл надад бага дүү нараа анзаарах сөгөө байгаагүй. Бага охин дүү Содгэрэл өөрөө өөрийгөө өсгөсөн гэхэд хилсдэхгүй дээ, бага сургуулийн 2-р ангийн сурагч тэр маань хичээлдээ хов хоосон цүнхтэй оччихсон, багш нь сандрахдаа дэвтэр харандаа цуглуулж өгсөн зэрэг паян тасрахгүй. Нэг удаа дүү маань сургуулиасаа цоо шинэ ягаан дугуйтай ирдэг юм. “Манай гудамжны үсчний газрын өвөө надад авч өглөө шүү дээ” гээд бүр гайхуулж байна. Содко үсчин өвөөд аавыг мөнгөгүй гээд л хамаг амьдралаа өнгөтөөр ярьсан байгаа юм” хэмээн Ж.Галбадрахын том охин, “Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнгийн захирал Г.Тогос дурслаа. 

***

-1978 онд манайх Улаанхуарангаас нүүж, хотын төвийн орон сууцны айл болсон юм. Шинэ байрныхан намайг “шуудайтай хүүхэд” гээд нүдэлчихэж. Би үнэгэн харанхуйгаар гэрээсээ гарч Улаанхурангийн 53 дугаар сургуульдаа яваад, хичээл тарсны дараа найзуудтайгаа сагс, хөлбөмбөг тоглоно, модон хайрцагныхаа ч эрэлд гарна. Тийн харуй бүрийд шуудайтай мод үүрчихсэн гэрээдээ ирнэ. Тэгсэн мөнөөх шуудайтай нөхөр онц сурдаг, тэргүүний сурагч гэж радиод ярилцлага өгснийг дуулсан шинэхэн хөршүүд үнэмшиж ядсан байгаа юм. Мод олж ирэх бол миний л чадах чухал ажил. Модон хайрцаг хамгийн сайн түлээ болдог юм. Тэр нь Улаанхуарангийн орос дэлгүүрийн гадаа овоолгоотой доо. Харуул манаатай, зуудаг нохойтой дэлгүүрийн хашаанаас хоёр гартаа хайрцаг дүүрээд гарна гэдэг самбаа шаардсан ажил юм шүү. Мод олох гэсээр амьдрах ухаанаа олсон юм байна шүү дээ гэж би хожим ойлгосон. Би айлын том хүү, дээрээ хоёр эгчтэй, дороо тэрсхэн хоёр дүүтэй ч тэд минь охид учраас ус, түлээгээ хэнд ч ацаглалгүй яг л ганцаараа базаахаас аргагүй. Тийм болохоор мод хайж олох, зөөж авчрах аргад суралцах хэрэгтэй. Манайх орон сууцны айл болсон хойно ч хоёр эгч маань аав, ээж, зургаан дүү 11 ам бүлийнхээ хоол цайг томоо тогоонд хийдэг байсан юм. Тэр үеийн хотын төвийн байрнууд галын өрөөндөө пийшинтэй байлаа шүү дээ. 

Намайг шинэ байрны ойролцоох төвийн сургуульд шилжүүлэх гэхэд нь “Тэгээд эндээс чинь мод олдохгүй шүү дээ” гэж би хэзээний том хүн шиг цааргалаад хөдлөөгүй. 53 дугаар сургуулиасаа холдохгүй байх бүүр том, маш нууц шалтгаан над байсан. Тэр бол манай ангийн охин. Ахлах ангид ордог намар түүндээ захиа өгөхөөр зориглосон ч яг тулахаар л чадахгүй ээ. Би чинь уг нь нарийн гудамны хоёр үзүүрээс хүний өөрийн чулуу өөд өөдөөсөө исгэрч байхад галын шугам сэтэлдэг зоригтон нь юмсан. Захиагаа л атгуулах гэхээр чичирч салганаад би би биш болж орхино. Тэгж явсаар нэг их гоё бэхэн ягаан пальтоны нь халаасанд зурвасаа хийчихлээ. Тэр өдрөөс захианыхаа хариуг хэчнээн хүлээв, хариугүй. Модоо үүрч хэчнээн ч орой буцав, хэчнээн өглөө ангид орж ирэхийг нь амдан харц мөргөлдсөн ч Алтанцэцэг ер тоосон шинжгүй. Автобусаар хамт явдаг ангийн найз Энхболддоо ам нээлээ. Тэгсэн манай Энхболд захианы учрыг гаргаж өгөхөөр болов. Мань эр Алтаа бид хоёрыг дагуулаад парк руу явлаа. Хашаагаар нь оруутаа Энхболд бид хоёрыг үлдээгээд түрүүлээд алхав. 

-Алтаа, би чиний пальтоны халаасанд захиа үлдээсэн, чи уншсан уу?

-Үгүй, надад захиа ирээгүй. Юун захиа?

-(4+1)2=25 гээд...

-Аан, бодлого бичсэн цаас байсныг би хаячихсан шдэ.

-Тэр чинь миний захиа... л даа. 

-Тийм захиа байдаг юм уу?

-Захиа мөөн. Тэр 4 бол миний нэрийн эхний Г үсэг, цагаан толгойн дөрөв дэх үсэг. А бол чи, нэг дэх үсэг. Энэ хоёрыг нэмээд гарах 5 бол дурлалын Д, үүнийг квадрат зэрэгт үржүүлэхээр 25 гарч байгаа нь Х үсэг. Хайр гэж байгаа юм... 

Алтаа надтай үерхэхийг зөвшөөрсөн. Ингээд нэгдүгээр ангиасаа хойш нэг ангид сурсан хөөрхөн, авьяаслаг охинтой хайр дурлалаар холбогдож, сургуулиа төгссөнөөс нэг жилийн дараа 1982 онд бид анхны охиноо өлгийдсөн юм. Өөрсдөө хүүхдээрээ шахам 25-хантайдаа зулай зулайгаа гишгэж төрсөн дөрвөн охины эцэг эх болж, харин арай хожуухан 39 настайд буюу 2002 онд тав дахь хүүхэд хүү маань мэндэлсэн билээ. Би 1985 онд МУИС-ийн физикийн анги төгсөөд сургуульд багшилж, Алтаа минь анагаахын дунд сургууль төгсөж, шүдний эмнэлэгт ажилладаг болсон юм. Онц сураад анагаахын дээдэд орох төлөвлөгөөтэй байсан ч тэрсхэн нялхуудаа өсгөх, багшийн ажлыг минь арагш санаа чилээлгүй хийлгэх гэсээр тэр минь дээд мэргэжилтэй эмч болж амжаагүй ээ. 

Тэр нэг жил Монголоос дунд сургуулийн таван багшийг шалгаруулан Японы их сургуульд мэргэжил дээшлүүлэх сургалтад явуулах болсны нэг нь би юм. Тэгэхэд 32 настай, ёстой л цэл залуухан. Тохокүгийн их сургуульд зургаан сар хэлний бэлтгэл хийж, үргэлжлүүлээд Ямагатагийн их сургуулийн боловсролын сургуульд мэргэжил дээшлүүлэв. Би Японд очингуутаа хагас жилийн дараа эхнэр, дөрвөн охиноо татсан юм. Гэр бүлээрээ амьдрахын тулд байр сууц урт хугацаагаар түрээслэж, охидоо бага, дунд сургуульд оруулав. Нэлээд өндөр зардал гарган байж зургаан ам бүлээрээ цугласан хойно ганц жил болоод буцах нь үнэндээ хайран тул би магистрт элсэх, хувиараа зардлаа төлөөд ч хамаагүй Японд үргэлжлүүлэн суралцахаар шийдсэн. Миний япон хэлний түвшин япончуудтай өрсөлдөн магистрын шалгалтыг давах түвшинд хүрээгүй байсан ч би өөрийгөө ёстой л бурханы авралаар тэнцсэн гэж боддог юм.  

Алтаа минь Японд ч миний найдвартай ар тал болж, намайг магистрт суралцаж эхлэхэд гэр бүлээ тэжээх гол орлогыг олдог болов. Би хүнд ачаанаасаа эхнэртээ гамгүй үүрүүлж байгаадаа өөрийгөө буруутгах боловч тэр минь дэндүү ажилсаг нэгэн байлаа. Магистрын хоёрдугаар курстээ 1998 оны дөрөвдүгээр сараас би Японы Ротари клубын тэтгэлэгт оюутнаар шалгарч, сар бүр 150000 иен буюу 1500 ам.доллартай тэнцэх тэтгэлэг авч эхэлсэн нь манай гэр бүлийн хувьд санхүүгийн эргэлтийн цэг болсон. Тэтгэлгийн үнэ цэнийг ясандаа тултал мэдэрсэн надад энэ их тусыг нь бусдад тустайгаар хариулах хүсэл төрсөн юм. “Би Монголдоо сургууль байгуулж та бүхний ачийг хариулна аа” гээд л ротаричуудын өмнө амлаж орхисон. Энэ нь эхлээд ганцхан миний мөрөөдөл байснаа эцэстээ бидний гэр бүлийн мөрөөдөл болсон юм. Мөрөөдөл минь үйл хэрэг болох хүртэл хань минь үргэлж дэргэд бат зогсож, түшиж тулсан билээ. Хандивлагч япончууд манай сургууль дээр ирсэн нэгэн уулзалт дээр Алтаа арын албанд ажиллан, зочдод үйлчилж байгааг харсан япон нөхөр “Та энэ сургуулийг үүсгэн байгуулсан байтал эхнэр тань яагаад таны дэргэд суухгүй байгаа юм” гэж гэнэтхэн асуусан. Тэр явдлаас хойш сургуулийн бүхий л арга хэмжээнд бид зэрэгцэн суусан билээ. 

“Аавын сургууль байгуулах мөрөөдлийг сонссон япончуудын нүдэнд Галбадрах гэдэг залуу сайхан зүйл санаж сэдэж яваа зорилготой золбоотой хүн харагдсан нь мэдээж. Тэд үнэндээ аавд байдаг харизмд автчихдаг байсан. Харин дараа нь нягт нямбай, чин сэтгэлээсээ хүмүүстэй харьцдаг ээжтэй танилцаад нөхрийнх нь мөрөөдөл биелэх боломжтой юм байна, эдний гэр бүлийн мөрөөдөлд заавал гар бие оролцъё гэдэг хүслийг нь бодитойгоор төрүүлдэг байсан болов уу гэж би боддог юм. Бидний ээж хайр, итгэл түгээх увдистай, үг үйлдэл нь амьдрал шиг үнэн, тун няхуур эмэгтэй байлаа”. 

***

Японд очсоны хоёр жилийн дараа том охин Тогос 1998 онд дунд сургуулиа дүүргэж, ахлах сургуульд элсэх шалгалтад тэнцлээ. Ямагата аймгийнхаа хоёрдугаарт эрэмбэлэгддэг Ниши охидын ахлах сургуульд элсэн ороход нь гадаад сурагч Галбадрахын Тогос математик, англи хэлний хичээлээр өндөр оноо авсан тухай мэдээ сонинд гарч, охиныхоо амжилтыг даруухан тэмдэглэв. Хичээлийн шинэ жил эхэлснээс сар гаруйн дараа Тогос математикийн бодлогоо дийлэхгүй ааваасаа асуусан нь сонин бөгөөд цаашид эдний гэр бүлд өрнөх маш том үйл явдлыг эхлүүлэх тохиолдол болов. Монголд байхдаа нэгдүгээр сургуулийн тооны ангид сурч байсан, Японы дунд сургуульд ч байгалийн ухааны бүх хичээлдээ толгой цохьдог байсан, Ниши ахлах сургуульд орсныг нь сонинд мэдээлсэн тун сүрхий охин шүү дээ. Аав нь сурах бичгийг нь урдаа тавиад их л бардам суусан ч араас нь мөд боссонгүй. “Ямар сонин юм бэ?”. Лавшруулаад физик, химийн сурах бичгийг үзтэл түвшин нь өндөр, манайхаар бол олимпиадын нэлээд хүнд бодлогууд байлаа. Энэ өдрөөс Галаа Ниши ахлах сургуулиар “гүйдэлтэй” аав болов. Тэр ерөөс сониуч. Сонин санагдсан зүйлд яг л уудаг цаас шиг зантай. Японы ахлах сургууль гэж чухам ямар юм болох, юу заадаг гээд түүний сонирхлыг үнэхээр их татаж байлаа. Эхлээд охиныхоо багш нараас гар дээр нь байх илүү сурах бичгүүдийг авч, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөртэй ч танилцаад авлаа. Монголын ахлах ангийн хөтөлбөр, төлөвлөгөө, сурах бичгүүдтэй харьцуулан үзэв. “Японы хөгжлийн нэг нууц нь хүчирхэг ахлах сургуулиуддаа оршдог юм байна”. Японд сурагчдыг ахлах сургуульд орох үеэс буюу дунд сургууль төгсөхөд л ирээдүйд ажлын талбарт гарах уу, номын мөр хөөх үү гэдгийг нь шалгалтаар ялгадаг аж. Цаашид шилдэг их, дээд сургуульд орох хүсэлтэй сурагчид аймгийнхаа хамгийн өндөр эрэмбэтэй, төрийн өмчит, хүчирхэг сургалттай ахлах сургуулиудад шалгалт өгч тэнцэхийг зорьдог бол дүнгээрээ дунджаас доогуур сурагчид хувийн болон сулавтар ахлах сургуулиудад ордог аж. Сайн ахлах сургуульд орно гэдэг нь сурагч хичээсний үр дүн юм байна. 

Галаа энэ үеэс Монголдоо хариад яг энэ Ниши ахлах сургууль шиг бие даасан ахлах сургууль байгуулах талаар бодитоор мөрөөдөж эхэлжээ. Заримдаа бүр барим тавим зүүдлэнэ. Түүний мөрөөдөл хоёр жил гаруйн дараа буюу 2000 оны аравдугаар сарын 5-нд биелсэн. Энэ өдөр “Шинэ Монгол” ахлах сургуулийн 10-р ангийн 3 бүлэг, 105 сурагчтай хичээлийн шинэ жилийн нээлтээ хийсэн билээ. 

Сургууль байгуулах тухай мөрөөдөж эхлэх 1998 онд Галаа багш бага охин Содкогийнхоо япон хүнд эчнээ тодорхойлсончлон “мөнгөгүй аав” байсан шүү дээ. Сургууль барих, сургалт явуулах мөнгө хаанаас гараад ирэв? Галаад хэн итгэсэн, тусалсан, сургууль байгуулахад хамтарсан, хэнээс зээл авсан, төлсөн тухайгаа “Нар тэтгэсэн мөрөөдөл” хэмээх номдоо 200 гаруй нүүр дэлгэрэнгүй тэрлэжээ. Хоёр өөр орны хүмүүс учран танилцах, найзлах, найдах, итгэх, хамтрахын тухай гайхалтай, дахин давтагдана гэхэд боломжгүй мэт, сайхан ч гэсэн халирч халгам түүхүүд 300 орчим бодит хүмүүсийн нэр устайгаа энэ номонд буй. Өөрөө оюутан, тэгсэн мөртлөө эхнэр, дөрвөн хүүхэдтэй, өдөрт цагийн гурван ажил хийдэг “мөнгөгүй аав”, гэртээ хариад хүүхдүүдтэйгээ хамт идээрэй гэж өгсөн макдоналдсын талх, манайд ирээрэй гэсэн хүмүүсийн урилга, монгол сурагч, оюутнуудад гэж илүүчилсэн хичээлийн хэрэгсэл, сандал ширээ, их сургуульд сургаад өгье гэж жил бүр босгодог хөрөнгө мөнгө, итгэл сэтгэл, хариу талархлын тухай үнэнээ өгүүлсэн ном япон хэл дээр ч мөн хэвлэгдэж байжээ. 

“Би япон хүнийг шууд л мэдсэн, ойлгосон гэвэл худлаа. 2011 онд би залруулшгүй том алдаа хийсэн удаатай. Монголынхоо дотоодын их дээд сургуульд суралцаж буй оюутнуудад өдгөө жил бүр 1500 ам.долларын тэтгэлэг олгодог болсон Шинэ Монгол - Мабүчи тэтгэлгийн сангаа санаачлаад, ивээн тэтгэгчидтэй үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг хэлэлцэж байх үе л дээ. Нэг сая ам.долларын сан байгуулах саналаа тойроод ярилцаж байлаа. Миний толгойд энэ их хөрөнгийг алдах, үрэгдүүлэх эрсдэл гарч болзошгүй гэдэг айдас эргэлдээд байгаа юм. “Энэ нэг сая доллараа бүх талын хяналттайгаар банкинд хадгалуулаад хүүгээр нь тэтгэлгээ олгоё, эрсдэлээ хамгаалъя” гэж хэлээд орхитол тэд маш их уурлалаа. Миний юу яриад байгааг тэд ойлгосонгүй. Уур амьсгал санаандгүй маш хүйтэн болов. Гайхах, айх, ичих зэрэгцлээ. “Тэтгэлгийн сангийн мөнгийг яагаад банкинд хадгалуулах билээ” гээд л хэлэлцээгээ завсарлачихлаа. Энэ уулзалтын дараа би тэтгэлгийн талаарх ойлголтын зөрүү, өөрт төрсөн болгоомж, сангийн үйл ажиллагааг тууштай, олон оюутанд хүртээмжтэй, хойшид үр дүнтэй явуулах тухайд өөрийн байр сууриа олон дахин тайлбарлаж байж нэг юм учраа ололцож билээ”.  

***

-Би “Шинэ Монгол” сургуулийн 5-р үеийн төгсөгч, Б.Хос-Эрдэнэ. “Анд Глобал” компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. Галаа багш маань их өвөрмөц хүн. Болоогүй, хаа хол зүйлийн чухал сайхныг дэргэд юм шиг итгүүлэн сэнхрүүлнэ. Дэлгэрч амжаагүй цэцгийг дэлгэрнэ, дэлгэрсэн гэж ирээдүйг наашилтал итгүүлж чаддаг. Хүмүүсийг соронз шиг татдаг, бусдыг өөрийнхөөрөө хөдөлгөх, зоригжуулах чадвартай. Зориг зүрх, ов самбаа ихтэй. Үйл хэргийнхээ үр дүнгээс таашаал авч амьдардаг. Бизнест ийм лидерүүд бий л дээ. Гэхдээ Галаа багшийн зарчим, зорилго өөр. Юуны төлөө вэ? Монголын хүүхэд залуусын сайн боловсролын төлөө л шүү дээ. Багш биш банкир байсан бол хөрөнгө оруулагчдын дэмжлэгийг ядах юмгүй татаж дөнгөх хүн. Банкир Галаа нийгмийн тулгамдсан асуудалд санхүүжилт олгоод, амьдралын чанарыг өөрчлөх зарчимтай, мөнгөөр илэрхийлэх ашиггүй ч зардлаа дөнгөж нөхдөг банк байгуулах байсан гэхэд эргэлзэх зүйлгүй. Түүний хувь хүний чанарыг хэн ч, яагаад ч өөрчлөх, ятгах боломжгүй. Галаа багш том амласан бол тэр хөдлөх гэж байна, нэг юм хийж харуулах нь гэсэн үг. Галаа багш бас их зөрүүд хүн. Ажил төрлийнхөө сонинг хуваалцахад нь “Багш аа, Та сайн байна, болж байна шүү дээ” гэхээр “Өө, болоогүй, яагаа ч үгүй. Чи хараарай” гэдэг. Төгсөгчдөдөө өөрийнхөө юу сэдэж, юуг хийж чадаж байгаагаа бодитоор харуулдаг байлдаанч, тулаанч хүн. Багш маань сурагч, оюутнуудаасаа урам авдаг гэдэг ч миний хувьд багшид үзүүлж харуулах юмгүйгээсээ ичих мэдрэмж олонтаа төрсөн дөө. 

“Багшаас ичих мэдрэмж үнэхээр төрдөг” гэж Монгол Улсаас анх удаа Каннын олон улсын кино наадамд “Баавгай болохсон” уран сайхны киногоороо нэр дэвшсэн кино зохиолч, найруулагч П.Золжаргал ярьж байна. “Шинэ Монгол” бол 18-тай хүмүүс хүсэл мөрөөдлөө зоригтойгоор тунхагладаг амбийцтай газар. “Монголоос анхны “Оскар”-ын шагналд дэвших уран бүтээлч болно” гэж би Овирин их сургуульд элсэх захидалдаа тунхаглаж байлаа шүү дээ. Тэгээд 100 хувийн тэтгэлгээр Японд мэргэжил эзэмшлээ. Монголдоо ирээд эхнэр боллоо, ээж боллоо. Хэзээ нөгөө “Оскар”-аа авах юм бүү мэд. Галаа багштай нэг хотод амьдраад байгаа шүү дээ. Хямраад зугтмаар болдог байхгүй юү. Нэг өдөр яваад очлоо. 

-За, миний охин юу хийж байна?

-Юу ч хийгээгүй. 

-За, яах вэ дээ, багш нь ч бас 32-тойдоо мөрөөдлөөс цаашгүй, чулуу өшиглөсөн л хүн явсан.

-Ингэж байхаар гадаадад ажиллаж амьдардаг ч юм билүү гэж бодогдоод... Та ер нь “Шинэ Монгол”-ыг төгсөөд гадаадад ажиллаад эх орондоо ирэхгүй байгаа шавь нараа юу гэж боддог вэ?

-Өө, ирнэ, миний охин. 40 нас дөхөөд хүн хаачих вэ дээ. 

-Надад Европод ажиллах санал ирсэн. Би явчихвал яадаг бол?

-Аяга угаачихгүй шиг мэргэжлээрээ ажиллавал болж байна шдээ.

“Би ёстой нялга уйллаа. Галаа багш тэгэхэд намайг нэг их аргадсансан. 100 мянган ам.долларын тэтгэлгээр сурчхаад Монголоос явлаа гэж байхад яагаад урам нь хугардаггүй юм бол гэж гайхмаар. “Алив, охинтойгоо нэг тулгая байз” гээд пиво аваад өгч байгаа юм даа. Би зориг орчихсон, “Баавгай болохсон”-ыхоо зохиолоо ярьж гарсан. Галаа багш миний зохиолын анхны уншигчдын нэг. 2018 онд багш намайг мөрөөдлийнхөө төлөө яв гээд 30 сая төгрөг 3 жилийн хугацаатай хүүгүй зээллээ. “Чи нөгөө мөнгөө зарцуулж байна уу” гээд л байн байн асууна. Би яг үнэндээ дэмий үрэхээс айгаад банкинд хийзнэчхээд хэсэг явсан. Багш намайг “Ээ чи ямар япон биш юун хашир юм, монгол хүүхэд байна даа, зоригтой бай” гээд загнана. “Үгүй чи ядаж принтэр аваад наад зохиолоо олшруулж хүмүүст үзүүлж харуулаад уйгагүй яваач” гэнэ. Охин нь явсаан, Канн орсон. Энэ мөнгө 5 жилийн дараа Каннын фестиваль хүрэх замын анхны зардал болсон. Би одоо ч багшдаа мөнгийг нь эргүүлж өгч чадаагүй. Багш намайг санаа зовох зүйлгүй ажлаа л сайн хий гэдэг юм. Хүүхдүүдийн мөрөөдөл биелэхийг хүлээж л байдаг яасан ч дуусдаггүй итгэл юм. Аав хүн, тэр тусмаа багш хүнээс ийм уужим сэтгэл гардаг байх. Шавь нараас нь урлагийн хүн болсон нь бараг үгүй учраас миний юу хийж чадахыг сонирхоод, бас сориод байгаа хэрэг шүү дээ. “Баавгай болохсон” Каннд дэвшсэн мэдээ ирмэгц би дуулгахаар очдог юм. “Багш аа, юун “Оскар”, би ёстой жинхэнэ мэргэжлийнхний уралдаанд оччихлоо” гээд л. Тэгсэн багш гар утсандаа Каннын хуудсыг татаад авчихсан байж билээ”. 

“Би дэлхийд дуурсах монгол бизнесийг бүтээнэ”. Энэ бол Б.Хос-Эрдэнийн 2007 онд бичсэн эсээний хамгийн чухал өгүүлбэр байв. Японы санхүү хөрөнгө оруулалтын салбарт дажгүй алба хашдаг болсон түүнд Монголоос “Анд Глобал” компанид ажиллах санал ирсэн юм. “Би байсан, байгаагүй ямар ч ялгаагүй ч Японоос Монгол руу шилжих ганц шийдвэр гаргах гэж хагас жил бодож байгаа өөртөө сүүлдээ үнэхээр гутсан. За ёстой нөгөө япон гэдэг нь болж байгаа юм байна даа. Ингэж ч бүтэхгүй ээ, анх ямар хүсэл мөрөөдөлтэй хэн байснаараа л үлдэх минь гээд л гэнэт л Монголдоо хүрээд ирсэн”.

-Би бол Шинэ Монгол сургуулийн 2 дахь үеийн төгсөгч Б.Энхсайхан. “Таван Богд” ХХК-ийн дэд захирлаар ажилладаг. Хэрэв Галаа багш бизнесмэн байсан бол хөрөнгө оруулагчдын мөрөөдөл байхсан. Олон талтай, бүхнийг амжуулдаг жинхэнэ менежер. Зүгээр нэг сургуулийн сайн захирал, аль эсвэл сайн багш биш. Сургуулийнхаа байрыг барихаас эхлээд багш хамт олноо удирдах, сургалтын хөтөлбөр боловсруулж цоо шинээр нэвтрүүлэх, шавь нарынхаа мөрөөдлийг асаах, мөрөөдлийг нь биелүүлэх, хөрөнгө оруулагчдыг олж нэгтгэж чадлаа. Галаа багш сайн сургуулийн тухай цогц ойлголтыг бүхэл бүтэн улсын боловсролын тогтолцоонд бодит жишиг болгосон, нэг хүнд ахадсан ажил хийжээ гэдгийг би өөрөө бизнесийн салбарт 10 жил ажиллаад сая л ойлгож байна. Сурагч байхдаа би “Шинэ Монгол”-ын сагсны багийн ахлагч байлаа. Галаа багш сагс сайн тоглоно. Бид багш нарын багтай хааяа тоглоно. Галаа багш бууж өгөхийг хүсдэггүй, их махруу, шартай эр шүү дээ. Галаа багшийг багшаа л гэж бодож явснаас “Тэр ч бас хүн” гэж бодох ч завдалгүй явж. 2008 онд Японд оюутан байхад эргэж ирэхдээ намайг тэврээд уйлсансан. Багшийн уйлахыг тэгж л харсан. Тэгэхэд би тэнгэрт одсон ээжээ, багш минь ханиа алдсан сэтгэлээ хуваалцаж билээ.

-2008 оны нэгдүгээр сарын 3. Одоогоос 15 жилийн өмнөх энэ өдрийн орой бидний өнөр өтгөн гэр бүлийн нар үүрд жаргаж, хорвоо тэр чигтээ харанхуйлах уйт явдал тохиолдсон билээ... Миний эхнэр Алтанцэцэгийн амийг бусармаг этгээд хөнөөж, ул мөргүй арилсан. Цагдаагийнхан алуурчныг олж тогтоохоор ойр дотнын болон харилцсан, уулзсан гээд ерөөс сэжиглэж болох бүх хүнийг шалгасан ч эрэл нь мухардан, “шунахайн сэдэл” гэх сэжиг таамаг л үлдсэн. Муу юм хийсэн хүнд л муу юм тохиолддог биш үү. Би юуг буруу хийв гэж өөрийн үйлийг л дэмий нэгжин үлдлээ. Найман настайгаасаа хойш нэг ч холдож салаагүй, насаараа хамт байхаас өөр ямар ч төсөөлөлгүй амьдарсан хүн нь гэнэт эргэж ирэхгүйгээр алга болчихоор амиа хорлох санаа орж ирэх юм билээ. Гэтэл би таван хүүхэдтэй, бага маань дөнгөж таван настай. Сургууль олон сурагчтай болсон, хүүхэд бүрийн мөрөөдлийн ирээдүй яг л харагдах болсон үе. Надад итгээд зээл, хандив өгсөн япон хүмүүсийг яалтай... Түүний дараа Японд ажлаар явж байтал “Мабүчи Мотор” компанийн ерөнхийлөгч Мабүчи Такаичи сан надтай уулзахыг хүсэж байгаагаа дуулгалаа. Энэ хүний эхнэр, охин хоёр 2005 онд гэртээ бусдын гарт амь үрэгдсэн юм. Манай эхнэр ажлынхаа байранд тийм халдлагад өртсөнийг тэр дуулсан байлаа. Мабүчи сан надаас манай гэр бүлд тохиолдсон энэхүү хагацлыг “Зайлшгүй зүйл байв уу, санамсаргүй явдал болов уу” гэж асуулаа. “Яалаа гэж, санамсаргүй зүйл” гээд арай ядан дуугарсан санагдана. Гэтэл тэрээр “Үгүй ээ, заавал тохиолдох үйл явдал байсан” гэдэг юм...

“Ээжийг өнгөрсөн тэр өдрөөс хойш аав ээжийг хамгаалах ёстой байсан, хамгаалж чадаагүй гэж өөрийгөө буруутгадаг болчихсон юм болов уу. Шөнөдөө нэг, хоёр цаг дугхийсэн болоод л нойргүй 5 жил тойрсон юм шүү дээ. Бид аавынхаа сэтгэл санааг өргөх, нойрны асуудалгүй болгох гэж эмнэлэг домнологт зөндөө хандаж, сайн гэсэн бүрийг туршиж үзнэ. Найз нөхөд, ах дүүстэй нь уулзуулж, сэтгэл санааг нь уудлан онгойлгох гэнэ. Харин аав өөрөө Далай ламын номонд сууж, ээжийн араас буян үйлдэх зэргээр өөрийгөө нэлээд түвшитгэж байлаа. Японд очихдоо Мабүчи сантай уулзаад ирсэн тэр үеэс хойш аав арай дээр болох шиг санагдсан. Тэр хүн аавд “Санамсаргүй явдал биш, зайлшгүй зүйл гэж бод. Агууг бүтээх хүнд бурхан том сорил бэлддэг. Түүнийг даваад цаашид бусдын төлөө илүү ихийг хий гэсэн дохио, бодож санасан үйл хэргээ зоригтой хийх хэрэгтэй болж байна гэж ойлго” гэсэн юм билээ. Сэтгэлдээ яг адилхан хагацлын шархтай, хайртай хүмүүсээ алдсан эр хүний үг цаашид аавыг өдөр шөнөгүй ажиллаж, ээжтэй хамт мөрөөдөж, зорьж тэмүүлсэндээ хүрэхийн төлөө үнэнч зүтгэж, тууштай үлдэх хүч өгсөн байх аа”. 

Олон улсад үйл ажиллагаа явуулдаг Японы томоохон компани “Мабүчи Мотор”-ын Акуа нийгэмлэг (ТББ) Монгол Улсын “Шинэ Монгол” сургуулийн анхны гурван төгсөгчид Японы их, дээд сургуульд суралцах тэтгэлэг олгосноор тэтгэлгийн үйл ажиллагаагаа 2004 онд эхлүүлж байсан бол эдүгээ “New public leader” нэртэй олон улсын тэтгэлгийн сан болжээ. Энэ сангаас гадна Японы олон байгууллага, хувь хүмүүс Ж.Галбадрах захирлын үүсгэн байгуулсан “Шинэ Монгол” сургуультай хамтран ажиллаж, жил бүр олон арван төгсөгчийг ивээн тэтгэж, Монгол Улсын ирээдүйг бүтээлцэж буй. Галаа гэдэг ганцхан хүнд итгэж зөвхөн түүний гарын үсгээр “Шинэ Монгол”-ын төгсөгчдөд олгосон тэтгэлгийн хэмжээ 2022 оны байдлаар 12.4 сая долларт хүрч, нийт 292 төгсөгч хүртжээ. Тэтгэлэг гэдэг нь хүүхэд бүрт олгох дөрвөн жилийн бакалаврын сургалтын төлбөр, мөн энэ хугацааны амьжиргааны зардал бүгд багтсан санхүүг хэлдэг байна. 

***

“Ээжээсээ хойш бага хүү бид хоёр 10 жил дөрвөн эгчийнхээ анхаарал халамжинд дөрвөн ээжтэй, дөрвөн эхнэртэй юм шиг амьдарсан. Миний хүү тавтайдаа цээжин дээр гараа алдлан наалдаж хэвтээд “За би таныг цэнэглэе. Арав тоолоход та бүтэн цэнэглэгдэнэ шүү гээд л удаан тоолдог байж билээ. Хүүгээ хэдтэйд ч юм бэ дээ, лав 10 хүрсэн байхад юм болов уу, би “Аавд нь хоёр төлөвлөгөө байна. А-д нь хүүтэйгээ хоёул ингээд л амьдрах, Б-д нь хүүгээ ээжтэй болгох” гэж хэлээд буруудсан. Хүү минь уйлчихсан. Ээжтэй болгох гэдэг үг эмзэг туссан юм билээ. Тэгэхээр нь “Аав нь гэрлэхгүй ээ, хүүтэйгээ ингээд л амьдраад байя” гэж тайвшруулж байлаа. Гэтэл нэг хоёр жилийн дараагаас “Аав, та Б төлөвлөгөөгөө мартаагүй биз дээ” гэж надаас асуудаг болов”. 

Галбадрахынх гэдэг айл 10 жилийн дараа эзэгтэйтэй болжээ. “Даваажаргал бид хоёр спортын арга хэмжээн дээр анх танилцсан. Яг над шиг, нэг хүүтэйгээ амьдардаг бүсгүй байлаа. 2018 онд бид дөрөв нэгэн гэрт орсон доо. Дараа нь бид охинтой болсон”. 

“Аав маань сайн хүнтэй учирсан. Аав шиг хар үүрээр гараад шөнө хүртэл ажилладаг хүнийг эгч гэртээ хүлээн суугаа даа гэж сэтгэл жаахан өндөлздөг юм. Даваа эгч ширээ дүүрэн зоог бэлдчихээд л биднийг урина. Анхлан ерөөсөө л ийм хоол унд сайтай хүн юм бодсон чинь аавтай ханилахаасаа өмнө гал тогооны ажилд дөргүй байсан гэж эгч нар нь ярина лээ. Аавд минь сайхан хоол ундтай байх гэж, өнөр өтгөн шинэ гэр бүлээ дайлдаг ээж нь болох гэж ямар их хичээснийг нь хайрлаж хүндэлсэн. Ээжийг өнгөрсний дараа охид бид Цагаан сарын баярын бэлэг зэхдэг байлаа. Аав зочдодоо овор хэмжээ том бэлэг өгөх дуртай. Охид бид жижиг хэмжээтэй ч хамаагүй аль болох чамин, ганган бэлэг бэлдэж орхино оо. Тэгээд л яг зочин буцах үед нөгөө бэлгээ гар дээр нь тавих үест аав “Барьцтайхан том сайхан бэлэг байхгүй юм уу” гээд дэргэд нь шууд хэлээд хаядаг хүн дээ. Аавын энэ мэт дураараа зан эгчийг маань тэвдүүлж орхих вий гэж санаа тавих ч тэр хоёр маань одоо ханилж дасаад таван жил болжээ”. 

“Нэг хүнтэй танилцсан, хамт амьдрах санаатай байгаагаа анх дуулгахад нь би “За Галаа минь, таван хүүхдийнхээ сэтгэлд юм хийчхэв дээ” гэж их болчимгүй үг унагачхаж билээ. Сайхан найзаа сайн хүнтэй л нийлээсэй гэсэн сэтгэлээр гэх үү дээ. Би Галааг тэр болтол гон бие гозон толгойгоороо дуусах юм шиг төсөөлчихсөн байсан” хэмээн Мөнхбат дурслаа. 

***

Арванхоёрдугаар сарын сүүлчээр “Шинэ Монгол” сургуулийн гадаад харилцааны ажилтнууд 500 орчим ил захидал Япон руу илгээдэг. Хөрөнгө оруулагч, ивээн тэтгэгч, найз нөхөд бүртэйгээ шинэ оны өмнө мэндчилж, сайны ерөөл дэвшүүлдэг энэ уламжлалыг Галаа багш эхлүүлж байжээ. Анх 300-аад захидал гараар бичин шууданд хийдэг байхад Галаа багшид ахлах ангийн сурагчид, багш нар нь тусалдаг байсан бөгөөд тэд үүндээ хэдэн өдрийг зарцуулдаг байв. Хэнтэй ч мэнд устай явах, биендээ талархан сайныг хүсэх энэ нэгэн заншил “Шинэ Монгол”-д өсөж өндийсөн хүн бүрийн соёл болжээ. Тэтгэлэг авсан оюутан болгоноос ивээн тэтгэгчдэдээ хагас жилээр дүнгээ илгээхийг Галаа багш хүсдэг. Мөн өөрөө биеэр очиж оюутны өмнөөс баярласнаа илэрхийлнэ. Хэрэв Японоос “Шинэ Монгол” сургуулийг зорин зочин ирвэл Галаа багш өөрийнхөө тэргээр онгоцны буудалд тосож аваад зочид буудалд нь хүргэж өгдөг. Мөн өөрөө монгол зоог барьж, хөдөөгүүр дагуулж явна. 

“Аав 2017 онд эрдмийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирлаар намайг томилж, өөрийнхөө байгуулсан 8 боловсролын байгууллагыг нэгтгэн удирдах их үүрэг оноосон. Өмнө нь хуулийн чиглэлээр сургуулиас гадна ажиллаж байхад Галаа захирлын бий болгосон нэг соёлд сэтгэл дундуур байлаа. Ажил хариуцуулсан хүн захирлын өрөөнд орж ирээд асуудлаа ярьж ярьж нэг чихэр амандаа хийж аваад гарах юм. Гадны зочин ирэхэд өгөх бэлэг сонгоход хүртэл ааваас асууна. Галаа захирал огт түвэгшээхгүй, өдөржин л хүмүүстэй уулзаад бөөн эрч хүч, баяр хөөр ажиллах юм. Надад бол таалагдаагүй. Би хоёр жилийн өмнө ЕБС-ийн захирал болоод ажилтан бүрийн хийх ажлын хүрээ, эрх мэдлийг тодорхой болгож хоорондоо уялдаа холбоотой шуурхай ажиллах системийг бүтээхээр зорьж ажиллав. Гэтэл аав зад шүүмжиллээ. “Чи миний сургуулийг яаж орхив. Миний багш нар, ажилтнууд яагаад надтай уулзахаа болив” гэж байна. Сургуулийн 200 багш ажилтан бүгдээрээ Галаа захиралтай уулзах ёстой бололтой. “Байгууллага нэг хүний амыг харж ажиллахгүй ээ, цаашид бид өөр системтэй явна. Та үр дүнг нь хар, хүн бүр өмнөх ажилдаа урам зоригтой өөрөө сэдээд урамшаад явахад үр дүн гарна. Та өөрөө дуртай болохоороо бүх ажилдаа оролцсоор байвал өөрийгөө ч, сургуулиа ч хүндрүүлэх болно. Ажлаа мэддэг, чаддаг хүмүүс ийм удирдах аргад дургүй болсон цаг үе ирсэн” гээд хэлж орхилоо". 

Монгол аав, охин хоёрын зөрчлийг дэлхий дээр тэднээс хэдэн зууны өмнө байгуулагдсан бүх корпорац туулсан Founder's syndrome-ийн нэгэн төрөл бөгөөд үүсгэн байгуулагч нь анх мөрөөдөл байснаас эхлүүлсэн үйл хэргээ хүүхэд шиг бөөцийлөх гэдэг бол залгамжлагч нь цаг үеийн шинэ хэмнэлээр сэлбэн хөгжүүлэх гэж чармайхын дунд үүсдэг жам ёсны үзэгдэл юм. Эцэстээ аавын ч, охины ч хүсэл Шинэ Монгол”-оо сайн байлгах нэгэн зорилго. 

“Би 90-ээд оноос бизнес хийсэн туршлагатай, Галаатай нэг насаараа найзалж яваа, ах дүүгээс өөрцгүй болсон нөхрийн хувьд Галаад үргэлж хэлдэг зүйл бол үйл ажиллагаандаа санхүүгийн зөв бодлого нэвтрүүл ээ, сургалтын төлбөрөө нэмээд зээл авахаа боль оо гэж. “Шинэ Монгол” сургууль дэвжин дээшилж байгаа нь санхүү мөнгөний бэрхшээлийг бэрхшээлд огт тооцдоггүй, зөвхөн сургалтын чанар, хүүхдүүдийн амжилтаараа амьсгалдагтаа л байна гэж би дүгнэдэг. Галаагийн ажил бол бизнес биш, цэвэр буян. Уг нь хувийн сургууль шүү дээ. Зээл авахгүйгээр олсон ашгаараа урагшлах ёстой. Галаа зөрүүд хүн болохоор үг авалгүй өдий хүрсэн. Би ч залхаад энэ талаар үг цухуйлгахаа больсон. Харин би Галаагаас нэг сайн зүйлийг суралцсан нь юу вэ гэвэл нэг ажлыг тултал хийх. Надад тавилгаас гадна өөр салбаруудад бизнес хийх бодол байсан ч би жижигхэн дэлгүүрээ их дэлгүүр болтол хөгжүүлэхээр шийдсэн нь Галаагийн нөлөө л байлаа” гэж Ч.Мөнхбат захирал ярьж байна. 

-Би ч, миний хүүхдүүд ч “Шинэ Монгол” сургуулийнхаа төлбөрийг хэт өндөр тогтоохын эсрэг байдаг. Дундаж орлоготой эцэг эхийн хэн нэгнийх нь 3 сарын цалингийн нийлбэрээс дээш гарсан төлбөр тогтоохгүй гэж би өөртөө амалсан. Өөрийнхөө үед түүндээ бүрэн хүрсэн, шинэ удирдлага ч залгамжлаад явж байгаа. “Төлбөрийг чинь дийлэхгүй юм байна” гэж хэлээд манай сургуулийн хаалгыг хаахаас би бүр үхтлээ айдаг юм. Хүүхэд багш, анги, сургуульдаа ээнэгшин дасаад, сурлагын өндөр амжилт гаргаад юу юугүй их, дээд сургуульд элсэнэ гээд явж байтал эцэг эхийнх нь нэг өөд болчихвол, эсвэл ар гэрт нь хүндэтгэн үзэх зовлон гэнэт тулгараад төлбөрөө төлж чадахгүй болчихвол би лав “Аан за” гэж чадахгүй. Хэрвээ би “Мөнгө чинь хүрэхгүй бол баяртай” гэж чаддаг байсан бол манайх ийм олон шилдэг төгсөгчтэй байхгүй ч байж магад. Монголын өнөөгийн нийгмийн гэрэл гэгээ, мэргэжлийн салбарынхаа лидерүүд болсон олон хүүхэдтэйгээ би нүүр бардам уулзахгүй ч байж магад. Бидний дундаас дэлхийн шилдэг Харвардад пост доктор хамгаалаад, хүн төрөлхтөний ирээдүйн төлөө хүчээ сорьж, судалгаагаа хийх хүн гарахгүй л байсан болов уу? Сургууль гэдэг чинь бас чиг дан ганц ашгийн төлөө биш, арай өөр учиртай газар байх ёстой юм аа. Шинэ Монгол технологийн коллеж, технологийн дээд сургууль бол бас миний мөрөөдөл, Монгол Улсын ирээдүйд гарцаагүй өгөөжөө өгөх ч, одоо надаас маш өндөр зардал шаардаж, давж барагдуулахад нэлээд хүнд санхүүгийн асуудал үүсгэж байгаа ч үр дүн гарах л болно. 

“Би ийм л аавтай хүн. Чиний удирдаж байгаа компанийг үүсгэн байгуулагч хэрвээ асуудал шийддэг баатар төрлийн хүн байдаг бол чи адал явдлаар тасрахгүй. Зовлон тоочсон хүн бүрийн санхүүгийн асуудлыг шийдэж өгөх гээд л, өөрийнхөө үйл ажиллагааны санхүүгийн нөөцөө төлөвлөж, тооцохгүй зүтгээд л. Мөрөөдлөө ярьсан хүмүүсийг бол бүр ямар ч тооцоогүй шууд дэмжих шийд гаргачихна. “Санхүүгийн нөөцөө бодмоор байна” гэдэг үгийг аав сонсохыг ч хүсдэггүй. Гэхдээ “Шинэ Монгол” бол Галбадрах гэдэг хүний мөрөөдөл, хүүхдийн төлөө, улсын ирээдүйн төлөө үйл ажиллагаа явуулдаг учраас би өөрийнхөө үед энэ эрхэм зорилго, үзэл санааг нь бэхжүүлэн үргэлжлүүлэх, цаашид таслахгүй байхуйц бат суурьтай байгууллага болгохыг хичээдэг. Үүний тулд ул суурьтай судалгаа, тооцоо хийх, төлөвлөлтийг олон жилээр нарийн гаргаж ажиллахаас өөр замгүй. Бид аавыгаа бодвол илүү япон зан чанартай байж мэдэх юм. “Болох л байлгүй дээ, яаж ийгээд бүтэх байх” гэдэг аз туршсан аргаар олон хүний амьдралын өмнө хариуцлага хүлээж болохгүй гэж би хувьдаа боддог. Гэхдээ миний зөрүүд, аавын зөрүүд хоёр “нийлээд” байдаг шиг билээ". 

-Тогос оо, аавынхаа өмнөөс үг хэлэх нүгэл гэдэг юм билээ шүү, хүү минь.

- Би захирлын хувьд тантай ажил ярьж байна. Гол асуудлаа харъя, шийдлээ олъё. 

-Тэгвэл минийхээр бол, эсвэл боль.

-Тэгье тэгье, би больё. 

Шинэ, хуучин хоёр захирлын дунд ийм яриа болжээ. Аав нь хэд хоногийн дараа охин руугаа утсаар залгав. 

-Тогос захирал та ажлаа хийгээч. 

-Та намайг гар гэсэн шүү дээ. 

-Ажлаа хий, сайн хий. Аав нь тэтгэвэрт гарлаа.

***

Ерөнхий боловсролын “Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч, “Шинэ Монгол эрдмийн хүрээлэн”-гийн ерөнхийлөгч Ж.Галбадрах энэ жил 60 нас хүрч, тэтгэвэртээ гарч байна. “Тэтгэвэртээ гарлаа л гээд байгаа юм. Худлаа, аав тэтгэвэрт гарч чадахгүй хүн. Би итгэхгүй байгаа” хэмээн “Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнгийн захирал Г.Тогос инээмсэглэлээ. 

Галаа багш тэтгэвэрт гарахгүй нь үнэн. Түүнд хэрэгжүүлж эхлээд гурван жил болж буй шинэ төсөл бий бөгөөд үүндээ бэлтгэн 2019 оноос Нагоягийн их сургуульд доктор хамгаалахаар суралцаж эхэлжээ. Энэ нь түүний сургуулийн багш, захирлаар ажилласан 38 жилийн туршлагаа, “Шинэ Монгол” сургуульд туршсан 20 жилийн менежментийн нөү хаугаа төрийн өмчит ерөнхий боловсролын сургуулиудтай нээлттэй хуваалцах ажил юм. Найман сургуулиар эхэлсэн энэ төслөө тэрбээр өдгөө дахин шинэ 60 сургуульд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. “Би юу хүсээд байгаа юм гэвэл, 60 сургууль тус бүрд цөөхөн ч гэсэн хүмүүс бидэнд итгээд, ажлын арга барилаа сайжруулахаар хичээхэд л жижигхэн өөрчлөлтүүд гялалзаад эхлэнэ гэдгийг би бүр яг таг мэдэж байна. Эндээс боловсролын салбарын ирээдүйд чиглэсэн тодорхой, зөв ойлголт тавигдахад л болох нь тэр. Бид энэ төсөлдөө төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн жилийн ажлыг төлөвлөсөн. Есдүгээр сарын 1-ний нээлтийг хэрхэн хийх, захирлын мэндчилгээ ямар байх гэх мэт жижиг зүйлээс эхлээд хичээлийн жилийг бүтнээр нь харж, түүнд удирдлага, багш ажилтнуудын үүрэг оролцоо ямар байхыг детальчлан боловсруулсан. Одоо хамтдаа суралцана”.

Ж.Галбадрах захирал өөрийн үе тэнгийн хүмүүсийг хөгшрөх яагаа ч үгүй “ид насныхан” гэж үздэг. Ажлын туршлагатай, амьдралын ухаантай болсон нэгэн үе өөрсдийгөө тэтгэврийнхэн гэж нэрлээд ажил хөдөлмөрийн талбараас сайн дураараа холдохыг тэр зөвшөөрдөггүй. “Бид одоо ч эрч хүчтэй амьдарч, улс орныхоо хөгжилд мэдлэг, чадвараараа манлайлан оролцож, нийгмийн бүхий л шинэчлэлт, хөдөлгөөнд идэвхтэй зүтгэх ёстой. 60-тай, ид сэтгэн бодож, ажиллаж хөдөлмөрлөж байгаа япончуудаас үлгэрлэж байсан үе надад байдаг. Гэтэл одоо 70 гарсан тэд монгол хүн надаас хийж бүтээх урам аваад гялалзаж л явах юм байна шүү дээ. Надад саяхан Японы Ибараки аймгийн захирагч Оигава сан өөрийнхөө аймагт “Шинэ Монгол” сургууль шигээ сургууль байгуулах санал тавьсан. Үгүй яах вэ, япон сургуулиас мөрөөдлөө олж монгол сургууль байгуулсан багш хүний хувьд өөрийгөө шинээр сорьж үзэхэд давтагдашгүй сайхан санал. Тэр хүний хувьд их удаан бодож байж гаргасан нухацтай шийдвэр юм. Гэхдээ би татгалзсан. Одоо надад 60 насандаа эх орныхоо 60 сургуульд бүтээлчээр ажиллах хавь илүү сайхан төсөл байна шүү дээ”.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан