АН-ын Үндэсний бодлогын хороо өнөөдөр /2023.08.28/ хуралдана. ҮБХ-ны хурлаар тус хорооны гишүүдийг шинээр сонгон батламжлах, Дээд шүүхэд бүртгэгдсэн дүрмийнхээ хүрээнд намын дотоод бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх, ҮБХ-ны шинэ бүтцийг танилцуулах зэрэг асуудлыг хэлэлцээр урьдчилан төлөвлөж байгаа гэнэ.
Өнгөрөгч Баасан гаригт АН-ын гишүүд мэдээлэл хийхдээ уг хурлыг төрийн ордонд хийх талаар мэдээлж байсан ч төрийн ордон засвартай байгаа тул Корпрейт конвэйншн центрт хуралдахаар болжээ.
Хурлын талаар АН-ын ҮБХ-ны дарга Ж.Батсуурь “АН-ын ҮБХ бол хамгийн том байгууллага. ҮБХ-ны хурлаар шийдэж болох бүх асуудлыг бид хөндөнө, ярина. Намын дарга өнгөрсөн зургаан сарын хугацаанд орон нутгаар явж, бүсийн зөвлөгөөн хийх, АН-д үүсээд байсан фракц бүлэг клубуудтэй уулзах, намын дэргэдэх олон нийтийн байгууллага, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо, ахмадын холбоо гэдэг бүх байгууллагатай уулзсан. ҮБХ-ны хурлаар асуудлаа оруулж, бүгдээрээ ярилцаад шийдвэрээ гаргана. Ямар нэгэн маргаан үүнд байхгүй” гэх мэдээллийг бидэнд өгсөн юм.