Бидний дотны анд нөхөр, хамтран зүтгэгч Зээрд овгийн Гомбосүрэнгийн Ганхуяг нь 2023 оны наймдугаар сарын 17-ны өдөр зуурдаар таалал төгсөж гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд, хамт олон, банк санхүүгийн салбарт нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Г.Ганхуяг нь 1962 онд төрсөн, Нийслэлийн хоёрдугаар дунд сургууль, Москва хотын Олон Улсын Харилцааны Дээд сургуулийг Олон улсын эдийн засагч мэргэжлээр төгсөж, ажлын гараагаа 1986-1988 онд Гадаад явдлын яамны Олон улсын байгууллагын хэлтэст ажилтнаар, 1988-1989 онд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрт захиргааны туслахаар, 1989-1995 онд НҮБ-ын хөгжлийн байгууллагуудын төслийн удирдагч, 1995 онд Голомт банкны Эдийн засагч, Гадаад харилцааны газрын захирал, Нөөцийн газрын захирал, Голомт банкны Дэд захирал, Хөрөнгийн удирдлагын газрын захирал, 2012 онд Бодь Интернэшнл ХХК-ийн Дэд ерөнхийлөгч, Бизнес хөгжлийн газрын захирал, Гүйцэтгэх захирлын зөвлөх, 2022 оны наймдугаар сараас Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин Сайдын Яаманд Зөвлөхийн албан тушаалд тус тус ажиллаж байв.
Голомт банкийг үүсгэн байгуулсан анхдагчдын нэг, үе үеийн Бодь, Голомтчуудын хүндлэл талархлыг хүлээсэн эрхэм хүн болох Г.Ганхуяг нь Монгол Улсын банкны салбарын гадаад харилцааг шинэ түвшинд гаргаж, олон улсын төлбөр тооцооны хэрэгсэл Western Union, Мастер, Виза картын үйлчилгээ, төлбөр тооцооны SWIFT сүлжээг нэвтрүүлсэн билээ.
Мөн Монголбанк дахь төгрөг, валютын харилцах дансны нөөцийг тогтоосон хэмжээнд байлгах, сул чөлөөтэй эх үүсвэрийн орлогыг нэмэгдүүлэх, хөрөнгийн эх үүсвэрийг зохистой зарцуулахын тулд илүүдэл нөөцийг үнэт цаас, Репо үнэт цаас, банк хоорондын зээл, арилжааны эх үүсвэр, банк хоорондын хадгаламж хэлбэрээр байршуулах зэрэг ажлуудыг удирдан зохион байгуулж банкны ашигт ажиллагааг нэмэгдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан юм.
Тэрээр “Бодь интернэшнл” ХХК-д ажиллаж байх хугацаандаа Монгол Улсын эдийн засагт өндөр ач холбогдол бүхий Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төслийн бүтээн байгуулалтын ажлыг удирдан, өөрийн эрдэм мэдлэг, ур чадвар, туршлагыг залуу хойч үедээ өвлүүлэн идэвхи санаачлагатай ажиллаж байлаа.
Монгол Улсын төр засаг, банк санхүүгийн салбараас түүний хөдөлмөрийг өндрөөр үнэлж 2004 онд Санхүү, банкны тэргүүний ажилтан цол тэмдэг, 2010 онд “Хөдөлмөрийн хүндэт” медаль, 2015 онд Голомт банкны “Алтан багана” шагнал, 2015 онд Төрийн дээд шагнал “Алтан гадас” одон, 2021 онд “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор тус тус шагнасан.
Г.Ганхуяг нь Монгол Улсын гадаад харилцаа, банк санхүүгийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан нэрт зүтгэлтэн байсан төдийгүй өөрийн үйл хэргээрээ дамжуулан эх орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, нийгэм, эдийн засгийн таатай орчин бүрдүүлэхийн төлөө хөдөлмөр зүтгэл, авъяас билгээ зориулсан нэгэн байсан.
Таны шулуун шударга, ажилч хичээнгүй, хүнлэг, нөхөрсөг, нийтэч, гэгээн зан чанар тань бид бүхний сэтгэл зүрхэнд үүрд мөнхөд дурсагдах болно.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд, анд найзууд, хамтран зүтгэгчдэд гүн эмгэнэл илэрхийлье!
Голомт банк
Бодь групп