/2023.08.14/: Хүүхдийг Ивээх Сан “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох" төслийг 2020 оноос Ховд, Завхан, Өвөрхангай, Говьсүмбэр, Сүхбаатар аймгийн 25 сумын ерөнхий боловсролын 33 сургууль болон Насан туршийн боловсролын төвүүдэд хэрэгжүүлж байсан бол хүрээгээ тэлж, өнгөрсөн 2022 оны намраас төслийн 5 аймгийн 6 Политехник коллеж, МБС-ийг нэмэлтээр хамруулж эхэлсэн юм.
Ийнхүү БШУЯ-ны санаачилгаар 6 Политехник коллеж, МБС-д нэг жилийн хугацаанд туршин хэрэгжүүлсэн ESEL хөтөлбөрт нийт 424 суралцагч хамрагдсан бөгөөд энэхүү суралцагчдад гарсан эерэг өөрчлөлт, хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнд үндэслэн, тус хөтөлбөрийг 2023-2024 оны хичээлийн жилээс эхлэн мэргэжлийн боловсролын байгууллагад хэрэгжүүлж эхлэх шийдвэр гарлаа.
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны “Сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх тухай” А/278 дугаар тушаал батлагдаж, дараах асуудлыг тусгалаа.
Үүнд:
-
Мэргэжлийн боловсролын 2,5 жилийн сургалтын хугацааг 3 жил болгох
-
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын хөтөлбөр, арга зүй, үнэлгээг сайжруулах зорилгоор 5 Политехник коллежид олон улсын пийрсон (pearson) хөтөлбөрийг турших
-
Мэргэжлийн боловсролын 3 жилийн сургалтын төлөвлөгөөнд Хүүхдийг ивээх сангаас санаачлан хэрэгжүүлж байгаа “Энтрепренершип суурилсан хувь хүний ур чадварыг хөгжүүлэх” (ESEL) сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм.
Эх сурвалж: БЕГ