Сонгинохайрхан дүүрэгт барилгын ажил нь гацаад буй хоёр сургуулийн өргөтгөл, хоёр сургуулийн барилга бий. Тус сургуулиудын барилгын талбай дээр өнөөдөр /2023.08.02/ Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, Э.Батшугар, П.Анужин болон холбогдох алба, хэлтсийн мэргэжилтнүүдийн хамт ажиллаж, цаашид хэвийн ажиллах боломжоор хурдан хугацаанд ашиглалтад оруулах чухал шийдвэрүүдийг гаргалаа.
Тухайлбал, дүүргийн 19 дүгээр хорооны 62 дугаар сургуулийн өргөтгөл, 18 дугаар хорооны 12 дугаар сургуулийн өргөтгөл, мөн дүүргийн 20 дугаар хороонд баригдаж буй 480 хүүхдийн сургууль, 32 дугаар хорооны 640 хүүхдийн сургуулийн барилгын ажил санхүүжилтгүйн улмаас зогсоод байсныг шийдвэрлэж, энэ он дуусахаас өмнө ашиглалтад оруулахаар боллоо.