Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОДОО ХИЙХГҮЙ БОЛ ХЭЗЭЭ ХИЙХ ВЭ

Монгол Улсын эдийн засагт орж буй орлогын дийлэнхи хувийг ашигт малтмалын экспорт эзэлдэг. Нэгэн үе хүдэр хэлбэрээр нь ачаад явуулчихдаг байснаа бодоход өнөөдөр баяжуулан гаргадаг болж. Үүний үр дүнд дэлхийд байгаагүй эдийн засгийн өсөлт гарч байсан цаг саяхан. Гэхдээ яаж ч болдоггүй сул талыг нь бид одоо үзэж, мэдэрч байна. Тухайн малтмалын өөрийнх нь үнэ унахад л улс хямарч байна. Харин ийм нөхцөл байдлаас гарах арга зам хүнд үйлдвэрлэл хөгжүүлж, ухаж гаргасан малтмалаа эцсийн бүтээгдэхүүн болгон дэлхийн зах зээлд нийлүүлэх гэж ярьсаар хэдэн жил өнгөрлөө. Тэгвэл энэ яриагаа бодитой ажил хэрэг болгохоор “Төслийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломжууд” сэдэвт олон улсын хөрөнгө оруулагчдын хурлыг зохион байгуулж байна.
Хурлын гол зорилго нь Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор болон дэлхийн зах зээлд нэвтрэх гарц болсон төмөр зам барих төсөлд хөрөнгө оруулагчдыг татах юм. Үүнээс гадна эдгээр төслийг хэрэгжүүлэхэд юуг анхаарах вэ гэдэг талаар санал солилцох зорилготой аж.
Уг хурал дээр Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга “Өнөөдөр бидний гол зорилт том бөгөөд хүнд үйлдвэрийг жинхэнэ утгаар нь хөгжүүлэхэд оршиж байгаа юм” хэмээсэн юм. Тэрээр эхний ээлжинд кокс, цемент болон зэс, төмөр, цайр зэрэг өнгөт болон хар төмөрлөгийн хүдрийг олборлон анхан, дунд, гүн боловсруулалт хийх зориулалттай, дараагийн удаад нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадалтай үйлдвэрүүд барьж байгуулахыг зорьж байгаа тухайгаа хөрөнгө оруулагчдад учирлав. Үүний тулд өндөр технологи нэвтрүүлэх шаардлагатай гэдгийг онцолж  байсан юм.
Энэ яриа үндсэндээ тэр чигээрээ “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолборын тухай өгүүлж байгааг та анзаарсан байлгүй. Угаас Х.Баттулга сайд ярианыхаа эхэнд “Энэ өдрийн хурлаар бид та бүхэнтэй Монгол Улсын хүнд аж үйлдвэрийн салбарын хөгжлийн асуудлаар мөн түүнчлэн “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолборын талаар хэлэлцэж байгаа нь цаг үеэ олсон, хамтран ажиллах боломж бүрдүүлсэн, бидний ажилд дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой юм” хэмээн тодорхой дурдсан. Түүний хэлж буй нь үнэн. Магадгүй, оройтсон ч байж болох юм. Учир нь, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор барихад зориулж Хөгжлийн банкинд хадгалагдаж буй хэдэн тэрбум төгрөг хүүндээ идэгдсээр уг бүтээн байгуулалт баригдаж үр өгөөжөө хайрлахаас өмнө төлж баршгүй их өр болох гээд байна шүү дээ.
Үүнээс гадна боловс­руулсан ч, үгүй ч бай экспортын бүтээгдэхүүнээ Хятадаас цааш Солонгос, Японд, Европ руу гаргахад тээврийн асуудал “шүдний өвчин” болоод байгаа. Төмөр замаар зөөх нь хамгийн өртөг багатай ч одоогийн манай зам тэр ачааллыг дийлэхгүй гэнэ. Тиймээс даац сайтай төмөр зам барих тухай бас л олон жил ярьж байна. Одоо л энэ боломжийг ашиглаад ажил болгох хэрэгтэй. Одоо хийхгүй бол хэзээ хийх юм бэ.

АЯАЗ ШАЙХ: АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК БАРЬСНААР БАЯЛАГ ҮЙЛДВЭРЛЭХ БОЛОМЖТОЙ


Хурлыг ивээн тэтгэж оролцож байгаа “Sidley” хуулийн пүүсийн түншлэгч Аяаз Шайхаас дараахь мэдээллийг авсан юм.
 
-Та бүхний ярьсан сэдэв их сонирхолтой байж, оролцогчдоос олон зүйл асууж байна. Юуны тухай ярилцсан юм бэ?

-Монгол эрдэс баялгийн нөөц арвинтай улс. Одоогоор тулгамдсан гол асуудал нь томоохон бүтээн байгуулалтын төслүүдийн хөрөнгө оруулалт, санхүүжилт байна. Дэд бүтэц, санхүүжилт хоёрыг яаж холбох вэ гэдэг асуудал энэ хурал дээр ярьсан хамгийн эхнийх байлаа. Төмөр замыг эрдэс баялгийн салбарт яаж ашиглах вэ гэдгийг түлхүү ярьсан. Яагаад гэвэл, төмөр зам нь уул уурхайн төслүүдийг хэрэгжүүлэхэд хамгийн гол суваг нь болж өгдөг. Энэ төслийг хэрэгжүүлснээр Монгол Улсад ямар үр өгөөжтэй вэ гэдгийг хэлэлцлээ. Үр дүнтэй, сонирхолтой ярилцлага боллоо гэж бодож байна. Хамгийн гол үр дүн нь хүмүүст зөв ойлголт өгөх юм.
-Ер нь, Монгол Улсад аж үйлдвэрийн парк байгуулах хэр боломжтой гэж та харж байна вэ?
-Би үүнийг зүгээр л нэг тёором гэж бодохгүй байна. Бүрэн боломжтой зүйл.
-Аж үйлдвэрийн парктай болох нь ямар ач холбогдолтой юм бэ?
-Аж үйлдвэрийн парк байгуулах хэдэн үндэслэл байна. Нэгдэх үндэслэл нь Монгол хэрвээ зөвхөн ухаж гаргаад экспортлоод байх юм бол эцэстээ нэг л өдөр дуусна. Аж үйлдвэржүүлж, улсаа хөгжүүлэх боломжоо алдаж байна гэсэн үг. Харин аж үйлдвэрийн парк барьснаар эд баялгийг өөрсдөө үйлдвэрлэх боломжтой болно. Бас нэг үндэслэл нь нийлүүлэлтийн суваг гэж зүйл. Нэгдүгээр шатанд үндсэн материал, хоёрдугаар шатанд боловсруулсан материал гэх мэт. Үндсэн материалаасаа хоёр дахь шатандаа шилжиж чадах юм бол танай улсын үнэ цэнэ өөрөө өсөх болно. Мэдээж хэрэг, боловсруулсан бүтээгдэхүүн нь гадаад зах зээлийг хөгжүүлдэг. Үүгээрээ дотооддоо ажлын байр бий болгодог давуу талтай. Энэ бол зөвхөн уул уурхайг хөгжүүлэх бус, мэдлэгтэй боловсон хүчин бэлтгэхэд маш их үр нөлөөтэй. Бүхэлдээ эдийн засгийг бэхжүүлэх, үнэ цэнийг өсгөх ач холбогдолтой.

Ц.Элбэг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан