Арьсны өвчин судлалын үндэсний төвийн эмнэлзүй эрхэлсэн дэд захирал Б.Батцэцэгтэй ярилцлаа.
-Арьсны өвчлөл манай улсад хэр зэрэг түгээмэл байна вэ?
-Сүүлийн жилүүдэд статистик тоо мэдээллийг харахад арьсны өвчлөл нийт өвчлөл дотроо 5-7 дугаар байранд явж байна. Арьсны өвчлөлийг 10 жилийн өмнөхтэй харьцуулахад 2-2.5 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Арьс бол хүний биеийн хамгийн том эрхтэн. Хамгийн чухал үүрэг нь гадаад болон дотоод орчныг хамгаалах. Гадаад орчны нөлөө ямар байна арьсанд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Улирлын байдлын хувьд өвчин өвчнөөсөө хамаарна. Аль ч улиралд ачаалалтай л байдаг. Хавар, намрын хувьд ургамал тоосны харшил илүү тохиолддог. Мөн улирлын чанартай нарны өвчин зэрэг нэмэгддэг.
Арьсны өвчин дотроо маш олон төрөл. Дэлхий дээр 3000 гаруй арьсны өвчин байна гэсэн тоо баримт байдаг. Өвчний олон улсын ангилалд 1000 гаруй өвчин нэр устай кодтой байгаа. Зонхилон тохиолдох өвчнүүд нь хүн амын 80 орчим хувьд нь ижил тохиолддог бол үлдсэн 20 хувьд нь сая хүнд ганц тохиолддог гэж ярьдаг өвчлөлүүд байна. Арьсны өвчлөл нүдэнд ил харагдаж байгаа ч оношилгооны хувьд түвэгтэй. Эмчээс туршлага ур чадвар шаарддаг.
-Арьсны эмгэгийг оношлоход тоног төхөөрөмж чухал үүрэг гүйцэтгэдэг гэсэн үг үү?
-Өвөрмөц багажууд бий. Ходоодны дуран гэдэгтэй адил арьсны дуран гэж бий. Арьсыг хэт ягаан туяагаар мөн тодруулж хардаг аппарат байна. Харшлын сорилууд байна. Монгол Улсаас гадаадад эмчлүүлдэг өвчний жагсаалт гэж байдаг. Тэр дотор арьсны өвчлөл байхгүй. Тэгэхээр дотооддоо эмчилдэг гэсэн үг. Зарим эмчилгээ нь Монголд байхгүй тохиолдолд гадагшаа явдаг.
-Монголчуудын арьсны өвчлөл яг юунаас эхтэй байдаг вэ?
-Арьсны өвчлөлийн бүтцийг манай орны хувьд гурван хэсэгт хувааж үздэг. Арьсны идээт халдвар, харшилын шалтгаантай өвчлөл, бусад гэж ангилдаг.
-Арьсны халдварт өвчин ямар замаар халдварладаш вэ. Олон хүний сёанааг зовоодог батга юунаас болж үүсдэг юм бэ?
-Батга өсвөр насныханд илүү тохиолддог. Арьсан дээр хэвийн болон хэвийн бус нянгууд байж байдаг. Нүүр тослогтоно гэдэг арьс өөрийгөө хамгаалж байна гэсэн үг. Арьсны бохирдол, хөрсний бохирдол холбоотойгоор гадаад орчинд байгаа нянгийн тоо их болчихвол арьсан дээрх бохирдол их болно. Халдварыг амьсгалаар авах нь ч нэмэгдэнэ. Арьсны хувьд хүрэлцэх замаар халдаж байна. Халдварт өвчнийг үүсгэхгүй байх тал дээр дархлаатай байгаа эсэхээс мөн хамаарна.
Арьсны өвчин бол улс орны нийгэм эдийн засгийн үзүүлэлтийн толь ч гэж бичдэг. Ямар өвчин их байна гэдгээс шалтгаалаад энэ улс орны хөгжил ямар байна гэдгийг харуулж байдаг. Нянгийн халдвар их байна гэдэг төрөлжсөн усан хангамж хангалттай биш байгаагийн шинж.
Шарилж их ургаж байна гэдэг нь хөрсөө эдгээх гээд байгаа юм. Хөрсний бохирдол их байгаа учраас шарилж их ургаад байгаа юм. Харшлын сорил шинжилгээ өгсөн хүмүүсийн 70 хувь нь шарилжны харшилтай гэж гардаг. Монгол Улсад эмчлэх эрх ганц эмчид л байгаа. Арьс нүдэн дээр ил харагддаг гэдэг утгаараа хүмүүс яалтчгүй дур мэдэн эмчилгээ хийдэг. Янз бүрийн эмчилгээ дур мэдээд хийчихээр өвчин хэлбэр дүрсээ өөрчлөөд эхэлдэг. Хятадын харшлын цагаан тариа их сайн гэж хүмүүс ярьдаг. Гэтэл тэр нь маш хүчтэй даавар байдаг. Алсдаа гаж нөлөө ихтэй. Түнхний үе хайлах, үс унах зэрэг гаж нөлөө үүсдэг. Бүр цаашлаад үргүйдэлд ч хүргэх аюултай.
-Хөгшин хүн л халзан толгойтой болдог гэсэн ойлголттой байлаа. Гэвч сүүлийн үед залуучууд халзрах тохиолдол их боллоо. Үс унах нь ямар шалтгаантай байдаг юм бэ?
-Үс, хумс арьсны дайвар эрхтэн гэж явдаг. Арьсны эмчид хандах ёстой. Сүүлийн жилүүдэд үс унах өвчлөл нэмэгдэж байгаа. Хүүхдүүд элбэг тохиолдоод байна. Үс унах хамгийн том шалтгаан стресс, ачаалал байдаг.