Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Ренчинсэнгээ: Га-гаас 1.5 центнер үлүү ургац авч байна

Тариаланчид цаг агаар хүйтрэхтэй уралдан тариан талбайдаа борви бохисхийлгүй ажиллан ургацаа хурааж байна. Тэгвэл одоогоор улсын хэмжээнд  ургац хураах ажил ямар байгаа талаар ҮХААЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Ренчинсэнгээтэй ярилцлаа.


-Ургац хураах ажил хэр явж  байна вэ. Өнөөдрийн байдлаар  энэ жил хураах нийт ургацынхаа хэдэн хувийг аваад байна вэ?

-Ургац хураах ажлыг сүүлийн өдрүүдэд эрчимжүүлсэн. Төмс, хүнсний ногооны хувьд 80 гаруй хувьтай явж байна. Аравдугаар сарын эхний долоо хоногт төмс, хүнсний ногоогоо хурааж дуусгахаар төлөвлөсөн. Харин буудайн хувьд нийт хураан авах ургацынхаа 30 гаруй хувийг хураасан. Тэжээлийн ургамлын 50 гаруй хувь, тосны ургамлын 18 хувийг нь хурааж аваад байна. Энэ жил манай улс 400  мянгаас доошгүй тонн үр тариа, 200 мянган тонн төмс, 110 мянган тонн хүнсний ногоо хураан авах тооцоо гаргасан байгаа.

-Ойрын өдрүүдэд тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрлээ. Энэ нь ургац хураахад хэр нөлөөлсөн бэ?

-Уулархаг нутгаараа нойтон цас унасан нь ургац хураахад нөлөөлсөн. Гэсэн ч өчигдрөөс цаг агаар тогтуун сайхан болж байна. Иймд  ургац хураах ажлаа эрчимжүүлнэ. Цаг агаар тогтуун сайхан байвал ирэх сарын 15 гэхэд ургац хураах ажил дуусна. Гэхдээ аравдугаар сарын цаг агаарын прогноз одоохондоо гараагүй.

-Энэ жилийн хувьд га-гаас хэдэн центнер ургац авч байна вэ. Өнгөрсөн жилтэй харьцуулахад  нэмэгдсэн үү?

-Одоо улсын дундаж 15.3 центнер байна. Харин өнгөрсөн жил 13.7 центнер байсан гээд бодохоор энэ оны хувьд 1.5 центнер илүү ургац авах нь. Харин төмсний хувьд өнгөрсөн жилээс 20 гаруй хувиар илүү.  Га-гаас 127 центнер орчим хурааж байсан бол одоо 150 гаруй  центнер төмс хурааж байна. Харин хүнсний ногооны ургац өмнөх жилийнхээ хэмжээнд байгаа. 117 центер ургац авч байсан. Цаашдаа хүнсний ногооны ургац энэ жилийнхээс төдийлэн нэмэгдэхгүй байх.

-Манай улс дотоодынхоо хэрэгцээний төмсийг бүрэн хангана гэж байгаа. Одоо ямар сортынхыг тарьж байна вэ. Шинэ сортуудыг туршиж тарьж үзлээ гэсэн яриа сонсогдохгүй л юм?

-Бид нутагшсан, ирээдүйтэй сортуудаа тариалахыг илүүд үзэж байгаа. Түүнээс биш огт мэдэхгүй сорт тариалахгүй. Таримал ургамал  их онцлогтой. Тариаланч бүр үр сортыг өөр, өөрөөр тариад ургуулаад байж болохгүй. Тиймээс яам болон МХЕГ, аймаг орон нутгаас үрийн болон сортын төмсөнд хяналт тавьж ажилладаг. 

-Үрээ хэрхэн нөөцөлж байгаа вэ. Өнгөрсөн жилүүдийн тухайд муу үр нөөцөлснөөс ургац арвин авсангүй гэсэн яриа гарч байсан санагдана?

-Чанартай үр ургац арвин авахын үндэс. Хүнсний ногооны нэг, хоёр жил хадгалсан үр соёолох шинж чанар нь арилж ургац алдахад хүргэдэг учраас яамнаас их анхаардаг. Иймд  шалгаж тэнцсэн үрээ л хадгалдаг. Түүнээс биш үлдсэн буудайгаа  хадгалдаггүй. Төмс, хүнсний ногоо ч мөн адил. Бид сүүлийн жилүүдэд Герман, Голландаас үүсэлтэй элит үрүүдийг “Төмс” хөтөлбөрийн хүрээнд Монголдоо үржүүлээд төмс тариалдаг иргэн, аж ахуйн нэгжүүдэд шат дараатайгаар үрийн хангамж сайжруулахаар өгч байна. Хүнсний ногооны хувьд ч мөн адил дээрхтэй ижил төсөл хэрэгжүүлсэн. Үүнээс гадна Монгол оронд үржүүлж байгаа үр үржүүлэгчдээрээ дамжуулан лууван, манжингийн үр үржүүлж, түүнийгээ эргүүлэн ногоочдоо  өгөх маягаар явдаг.

-“Намрын ногоон өдрүүд-2012” эхэллээ. Энэ жилийн хувьд ямар онцлогтой болж байгаа вэ?

-Нийслэлийн иргэд төмс, хүнсний ногоогоо ногоочдын гар дээрээс хямдхан үнээр  авч чаддаггүй гэж гомдоллодог.Тиймээс шинэ ургацын чанартай ногоог бөөний үнээр авах боломжийг эл өдөрлөг бүрдүүлэх зорилготой.  Энэ арга хэмжээнд 18 аймгаас 300 гаруй ногоочид мөн  нийслэлийн 10 дүүргийн ногоочид оролцож бүтээгдэхүүнээ борлуулж байна. Жилд дунджаар 900 гаруй тонн төмс,  хүнсний ногоо борлуулдаг. Энэ жилийн хувьд хамгийн багадаа 1000 тонн төмс, хүнсний ногоо борлуулахаар төлөвлөсөн. Өдөрлөг долоо хоногийн турш үргэлжилнэ.

-Улаан буудайд урамшуулал олгох маягаар дэмжиж,  дотоодынхоо хэрэгцээг 100 хувь хангадаг боллоо.  Харин төмс, хүнсний ногооны хувьд ийм урамшуулал олгох тухай ярьж байсан. Үүнийг хэрхэн шийдвэрлэж байна вэ?

-Яг албан ёсоор шийдээгүй. Яамнаас төмс, хүнсний ногооныхоо үйлдвэрлэлийг дэмжих, цаашдаа тогтвортой ургац авахад яалт ч үгүй урамшуулал хэрэгтэй гэж үздэг. Гэхдээ үүнийг тэр ногоочин сайн, тэр нь муу гэж алагчлахгүй Монгол орны хэмжээнд газар тариалан эрхэлж байгаа хүн бүрт хүртээе гэсэн бодол бий. Хүнсний аюулгүй байдлаа хангаж, иргэдээ дотоодынхоо ногоогоор хангана гэдэг хоёр том орны дунд орших манай улсын хувьд маш чухал. Ер нь, урамшууллыг гадаад зах зээлээс дотоодынхоо үйлдвэрлэлийг хамгаалахад өндөр ач холбогдолтой гэж үздэг. Мөн үүний цаана хөдөөд ажлын байр баталгаажиж байна  гэсэн үг.

-Газар тариалангийн салбарт ажиллах боловсон хүчин дутаад байна уу даа гэсэн бодол төрдөг. Залуу халаагаа хэр бэлтгэж байна вэ?

-Намрын ургац хураах ажилд оюутан, хугацаат цэргийн албан хаагчдыг хамруулахаар манай яам Батлан хамгаалах болон Боловсролын  яамтай хамтран гэрээ байгуулсан. Энэ нь, нэг талаасаа залуучуудад ургац хураах ажил ийм байдаг, ямар их хүч хөдөлмөр  шингэж, бидний идэж байгаа хоол хүнс болдгийг мэдрүүлэх  үүднээс энэ ажилд оролцуулах зорилготой. Энэ салбарт мэдээж  мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх нь чухал. Дээр үед Сангийн аж ахуй гэж байх үед техник мэргэжлийн сургуулиудаар трактор комбайнчдыг бэлтгэдэг байсан. Сүүлийн жилүүдэд энэ уламжлал тасарсан нь  салбарын алдаа. Харин техник технологи шинэчлэгдээд  өндөр бүтээмжтэй техникүүд ч газар тариалангийн салбарт нэвтэрч байна. Иймд эдгээрийг ажиллуулах боловсон хүчнийг мэргэшүүлэх  хэрэгтэй.  Цаашид богино хугацаанд боловсон хүчнээ сургахыг бодлогоор дэмжинэ. Мөн  тариа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн ажилтны мэдлэгийг дээшлүүлнэ. Газар тариалан эрхлэх нь  үр үйлдвэрлэлийн нэг хэсэг. Харин нөгөө нь техник технологи, ус,  үрийн чанар, удирдлагын менежмент, сайн чанарын хөрс нь ургац арвин авах суурь гэдгийг тариалан эрхлэх гэж байгаа хүмүүс сайн ойлгох хэрэгтэй.

Б.Мягмар

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан