ҮХААЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Г.Наранчулуунаас хадлан тэжээлийн бэлтгэлийн талаар тодрууллаа.
-Хадлан тэжээл бэлтгэх ажил хэдэн хувьтай явж байна вэ. Гарц хэр байгаа бол?
-Мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэлийг хангах талаар Засгийн газрын 239 дүгээр тогтоол өнгөрсөн долдугаар сард гарсан. Үүний дагуу бүх аймаг орон нутагт үүрэг өгч ажиллаж байна. Энэ жилийн хувьд зуншлага нийт нутгийн 80 хувьд сайн, 20 хувьд гандуу байсан. Ерөнхийдөө хур бороо ихтэй байгаа учраас аймгууд нэлээд хадлан бэлтгэсэн. Одоогийн байдлаар бэлтгэх ёстой хадлангийн 50, тэжээлийн 20 хувийг бэлтгээд байна гэсэн мэдээ ирсэн байгаа. Гэхдээ орон нутгаас мэдээ бүрэн гүйцэд ирээгүй. Учир нь, багаас суманд, сумаас аймагт, аймгаас ҮХААЯ-д гээд олон дамжлага дамждаг болохоор хоцорч байгаа байх. Ер нь, барагцаагаар 60-70 хувийг бэлтгэсэн болов уу.
-Энэ жил хэчнээн мал өвөлжих вэ. Хэр хэмжээний хадлан бэлтгэхээр төлөвлөсөн бэ?
-43 сая мал өвөлжинө гэсэн тооцоо гарсан. Тиймээс 1,2 сая тонн хадлан, ногоон болон үйлдвэрийн, гар тэжээл нийлээд 60-70 мянган тонныг бэлтгэх шаардлагатай. Энэ жил хадлан сайн байгаа учраас зах зээлд нийлүүлэх өвс нийлээд 1,4 сая тонн хандлан бэлдчих болов уу гэж тооцож байна.
-Өвөл их хүйтэрнэ гэж ярьж байна. Болзошгүй зуд, турханд яаж бэлтгэж байгаа вэ?
-Засгийн газрын тогтоолоор “аймаг, сумын аюулгүйн нөөц”-ийг заавал бүрдүүлэх албан даалгавар өгсөн. Энэ нь, цаг хүндэрсэн үед аймаг, сумдын захиргаа улсын нөөц рүү хандахаасаа өмнө өөрсдийнхөө хүч бололцоогоор эхний ээлжинд арга хэмжээ авах зориулалттай. Энэ нөөцийг сүүлийн хоёр, гурван жилд бэлтгээд заншчихсан. Нэг аймагт малын тооноос хамаараад 300-1200 тонн өвс, 100-300 тонн тэжээл бэлтгэх даалгавар өгсөн. Энэ нөөц гайгүй бүрдчих болов уу. Хашир туршлагатай малчдын ярьж буйгаар усан луу жилд өвөл хүйтэн, хур тунадас их унаж магадгүй шинжтэй юм шиг байна. Тиймээс өвөлжилт хүндрэхгүй гэсэн баталгаа байхгүй. Урьдчилан сэргийлэх, болзошгүй хүндрэлийг даван туулах нөөц заавал бүрдүүлэх ёстой.
-Өвөлжилт хүндэрсэн үед малчдад хөнгөлөлттэй үнээр өвс, тэжээл олгодог. Үнэ ханшийг нь яаж тогтоодог юм бэ?
-Цаг хүндэрсэн үед аймгийн удирдлагууд хүсэлт гаргаж, улсын нөөцөд ханддаг. Улсын нөөц тухайн цаг үеийн байдлыг харгалзан үзээд хадлан, тэжээлээ бэлтгэсэн үнээр нь борлуулах уу эсвэл хөнгөлөх үү гэдэг шийдвэр гаргадаг юм. Урьдчилаад тэдэн төгрөгөөр зарна, тэгж хөнгөлнө гэж хэлэх боломжгүй.
Ц.Элбэгсайхан