Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

✍️МОНГОЛ УЛСАД АНХ УДАА БОЛОВСРОЛЫН БАГЦ ХУУЛИЙГ УЛСЫН ИХ ХУРАЛ ЦОГЦООР НЬ ШИНЭЧЛЭН БАТАЛЛАА

Монгол Улсад Боловсролын салбарын эрх зүйн орчинг сайжруулах багц хуулиуд батлагдлаа. Өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд зарим хуулийн төслүүдийг нэгтгэн хэлэлцэж, дөрвөн хуулийг шинэчлэн баталлаа. Үүнд:

• БОЛОВСРОЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ

• СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛЬ

• МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬ

• ДЭЭД БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛИУД БАГТАЖ БАЙНА.

✍️ Өнөөдрийн байдлаар Монгол Улс жилдээ 3.2 их наяд төгрөгийг боловсролын салбарт зарцуулж байна. Үүнээс 500-600 тэрбум нь шинээр баригдаж буй сургууль цэцэрлэгт, 2.3-2.4 их наяд нь цэвэр урсгал зардалд явчихдаг баримт бий.

✍️Тиймээс дэд бүтцийн хөрөнгө оруулалтаас гадна хөгжлийн хөрөнгө оруулалтыг хуулиар шинэчлэх алхам хийсэн нь, өнгөрсөн 21 жилийн хугацаанд боловсролын багц хуулийг хамтад нь шинэчилж, боловсролын салбарын реформ хийлээ.

✍️ Эрх тэгш суралцах, чанартай боловсрол эзэмших, үр дүнд суурилсан санхүүгийн тогтолцоотой багш, сурагчийг тасралтгүй хөгждөг боломжийг хуулиар нээж байна.

✍️Мөн танхим болон цахим сургалтыг хослуулна. Боловсролын багц хууль батлагдсаны дараа сургалтын хөтөлбөр шинэчлэгдэнэ.

✍️Хуулийн төслүүдийг хэлэлцэх явцад, багшийн хөгжлийг дэмжих, нийгмийн хамгааллыг нь баталгаажуулах, олон улсын жишгээр сургалтын хөтөлбөрийг магадлан итгэмжилдэг байх, боловсролын байгууллагыг ашгийн болон ашгийн бус хэлбэртэй байлгах, хэл соёл, боловсролын дархлаатай холбоотой олон зүйл заалт бүрийг хөндөн авч хэлэлцсэн.

✍️Үндсэндээ бид хэт академик сургалтаас илүү хүүхдүүдэд ур чадвар, чанартай мэдлэг олгох, хөгжүүлэх зохицуулалтыг багц хуулиар боловсролын бүх шатны байгууллагад нээж өгснөөрөө онцлог боллоо. Боловсролын багц хуульд орж байгаа зарим гол өөрчлөлтөөс мэдээлэл хүргэе.

🇲🇳1. БОЛОВСРОЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ

Шинэчилсэн хуулийн гол агуулга нь:

Нэг.Боловсролын тогтолцоог шинэчилж, боловсролыг заавал танхимд суун эзэмшдэгийг өөрчилж албан албан бус болон амьдралын орчинд суралцахуйн тогтолцоо байхаар тусгалаа. Ингэснээр насан туршийн боловсрол эзэмших боломж бүрдүүлсэн.

Хоёр. Багш бэлддэг, багшийг тасралтгүй хөгжүүлдэг тогтолцоог бий болгоно. Багшийн хөтөлбөрийг заавал магадлан итгэмжлэх зохицуулалтыг тусгасан.

Багшийн нийгмийн баталгааг сайжруулж сум, тосгон, багийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш ажилтанд 5 жил тутам 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг эхний 5 жил, дараагийн 3 жил тутам 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж олгохоор заасан.

Гурав.Чанар, гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоонд шилжиж, сургуулиа биш сурагчаа дагадаг хувьсах зардлын тогтолцоонд шилжинэ. Сайн багш өндөр цалин, гүйцэтгэлийн урамшуулал авдаг болно. Санхүүгийн эх үүсвэрийг тодорхой болгож сургалтын чанарыг сайжруулах, сургалтын орчныг сайжруулахад зарцуулах, зарцуулалтын хяналт тодорхой, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх нөхцөлийг бүрдүүлнэ.

Дөрөв. Боловсролын салбарыг улс төрөөс ангид, удирдлагын босоо тогтолцоонд шилжүүлнэ.

Тав.Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийг тогтвортой хэрэгжүүлэх, сургалтын хөтөлбөрт тусгах агуулгыг боловсролын багц хуулийн дагуу шинэчилнэ.

🇲🇳2. СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛЬ

Нэг. Ялгаатай хэрэгцээ бүхий суралцагчийн сурч боловсрох эрхийг тэгш хангах, хүүхэд хаана амьдарч байгаагаас үл хамаарч боловсролын үйлчилгээ авах адил, тэгш нөхцөл боломж бүрдүүлнэ.

Хоёр. Суралцагчийн боловсрол эзэмших арга хэлбэрт гарч буй өөрчлөлтийг хуулиар хүлээн зөвшөөрч танхимын, танхимын бус (зайн, цахим), эдгээрийн хосолсон хэлбэрээр суралцаж болохыг баталгаажууллаа.

Гурав. Хүүхдийн хөгжил, төлөвшлийг дэмжих, аюулгүй байдлыг хангах, хамгаалах хүрээнд 5 настай хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд заавал хамруулан сургуульд бэлтгэх, хүүхдийг 6 настайд нь сургуульд элсүүлэх зохицуулалтыг хэвээр хадгалж, бага боловсролыг гэрийн сургалтаар эзэмшиж болох зэрэг зохицуулалтыг тусгасан.

Дөрөв. Сургалтын байгууллагын сургалт, үйл ажиллагааны үндсэн баримт бичиг болох сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөтэй холбогдох зохицуулалтыг тодорхой болголоо. Ингэснээр сургалтын хөтөлбөрийг тогтвортой мөрдөх, хөтөлбөрийн хэрэгжилтийн судалгаанд суурилан түүнийг сайжруулах боломж бүрдэнэ.

Тав. Багшийн хөгжлийг дэмжинэ. Багшийн мэргэжлийн хөгжлийг дэмжих сургалт, үйл ажиллагааг зохион байгуулах нэгжтэй байхаар зохицуулсан.

Зургаа. Үүнээс гадна, суралцагчийн хөгжил, төлөвшлийг дэмжихэд сургуулийн удирдлага, багш, энэ хуульд заасан бусад бүх тал хамтран ажиллаж, үүрэг хариуцлага хүлээхийг хуульчилсан. Тухайлбал, орон нутгийн удирдлага нь сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын үйлчилгээг төлөөлөн хэрэгжүүлэхээр томилсон этгээдтэй байгуулах гэрээнд харьяалах нутаг дэвсгэрийн хүүхдийг цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд тэгш хамруулах, боловсролын чанарыг ахиулах талаар тусгасан.

🇲🇳3. ДЭЭД БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛЬ

Хуулиар дараах зохицуулалт орж байна.

Нэг. Дээд боловсролын тогтолцоо, дээд боловсролын сургалтын байгууллагын хэв шинж, бүтэц, удирдах зөвлөл, элсэлт, төгсөлт, эрдэм шинжилгээ, хөтөлбөрт тавигдах шаардлага, багш, оюутны эрх, үүрэг, нийгмийн баталгаа, чанарын баталгаажуулалт, санхүүжилтийн хэлбэрийг үр ашигтай, оновчтой болгох хүрээнд боловсруулагдаж батлагдлаа. Мөн их сургуулийг үйл ажиллагааны онцлогоос хамааран судалгааны, сургалтын, төрөлжсөн гэж ангилж, Консерватор болон технологийн коллежийн талаар тодорхой тусгаж өгсөн. Судалгааны их сургуулийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал хуулиар байгуулахаар тусгалаа.

Хоёр. Дээд боловсролын байгууллагын бүтэц, зохион байгуулалтын хувьд Эрдмийн зөвлөл, Хөтөлбөрийн хороотой байх тэдгээрийн бүрэлдэхүүн, чиг үүргийг тодорхой тусгаж өгсөн. Хөтөлбөрийн хороонд ажил олгогч, мэргэжлийн холбоод, олон нийтийн байгууллагын төлөөлөл, төгсөгчийн төлөөлөл орсноор сургалтын чанарт дэвшилт гарч, энэ салбар дахь төрийн бус байгууллага, ажил олгогчдын оролцоо сайжирч, дээд боловсролын сургалтын бодлого нь хөдөлмөрийн зах зээлийн хандлага, чиглэлтэй уялдсан байна.

Гурав. Боловсролын магадлан итгэмжлэх үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлж, төрөөс хараат бус, мэргэжлийн, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөхүйц болгож, бие даан шийдвэр гаргах, зохицуулалт оруулсан. Дээд боловсролын чанарын баталгаажуулалт нь дотоод чанарын баталгаажуулалт, хөндлөнгийн үнэлгээ, магадлан итгэмжлэл гэсэн хэлбэртэй байхаар тусгаж өгсөн. Мөн анагаах ухаан, багш мэргэжил олгох чиглэлийн хөтөлбөрийг заавал магадлан итгэмжлүүлэхээр тусгалаа.

Дөрөв. Дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлд ажил олгогч, мэргэжлийн холбоод, олон нийтийн байгууллагын төлөөлөл, бизнес хөрөнгө оруулагчдын төлөөллийн хувь хэмжээг тодорхой оруулснаар сургалт-судалгаа-үйлдвэрлэл, академик эрх чөлөө нэмэгдэнэ.

Тав. Их дээд сургуулийн багшийн нийгмийн баталгаатай холбоотой орон нутаг дахь төрийн өмчийн их, дээд сургуульд ажиллаж байгаа багш ажилтанд орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмжийг тухайн байгууллага олгохоор тусгасан.

Зургаа. Элсэлтийн шалгалтыг жилд хоёроос доошгүй удаа зохион байгуулах, ур чадварын нэмэлт шалгалтыг тооцох, техникийн боловсрол эзэмшсэн төгсөгчийг тухайн хөтөлбөрийн чиглэлээр бакалаврын хөтөлбөрт элсүүлэх зэрэг зохицуулалт туссан.

Долоо. Дээд боловсролын байгууллагын эрдэм шинжилгээний бүтээлийн болон оюуны өмчийн нэгдсэн мэдээллийн сан, судалгааны ёс зүйн зөвлөл бий болно.

Найм. Боловсролын байгууллагын санхүүжилтийн эх үүсвэрийг олон талт оновчтой, үр ашигтай болгох, улс орны тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд нөлөө үзүүлсэн судалгааны зардлыг төрөөс санхүүжүүлэх тогтолцоог бий болгоно.

🇲🇳4. МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬ

Монгол Улсын хэмжээнд 77 мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, политехник коллеж сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 48 буюу 62.3 хувь нь төрийн өмчийн, 29 буюу 37.7 хувь нь хувийн өмчийнх байна. Нийт сургалтын байгууллагын 40 нь орон нутагт, 37 нь нийслэлд үйл ажиллагаа явуулж байна. Хуулийн гол зохицуулалт нь , МСҮТ, ПТК-д суралцагчдын ур чадварыг нэмэгдүүлэхийн тулд, суралцах хугацаандаа үйлдвэрлэлийн дадлагаар хосмог сургалтад хамрагдах. ААН байгууллага болон мэргэжлийн холбоодын оролцоог дэмжих түншлэлийг сургалтын байгууллагатай холбож өгснөөр зах зээлд эрэлттэй мэргэжлээр ур чадвартай ажилтан бэлтгэх, мэргэшүүлэх боломж нэмэгдэх юм.

✍️ Мөн Мэргэжлийн болон техникийн сургалтын байгууллага нь нь харьяалалдаа чадамжийн төв, салбар дундын дадлагын бааз, гарааны компани, бизнес инкубатор төв, туслах аж ахуйтай байж болохоор тусч байгаа. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг 5 жил тутамд магадлан итгэмжилнэ.

✍️Боловсролын ерөнхий хууль болон дагалдах хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлснээс хойш олон нийт болон талуудад 42 удаа танхимаар болон онлайнаар хэлэлцэж, 1600 орчим санал зөвлөмжийг хүлээн авч, хуулийн төслүүдтэй 37174 иргэн танилцсан ба үүнээс Боловсролын ерөнхий хуулийн төслийг 28442 иргэн судлан үзэж, 1568 санал ирүүлснийг судлан шигтгэсэн байна.

✍️Ийнхүү 2 жил гаруйн хугацаанд Монгол Улсын Боловсролын салбарт чанар, үр дүнд суурилсан санхүүгийн механизм бүрдүүлж, улс төрөөс хараат бус байх босоо тогтолцоогоор тэгш хүртээмжтэй сургалтын шинэлэг сургалтын хөтөлбөр, арга хэлбэрт суурилах шинэчлэлийг эхлүүлэх эрх зүйн хөрс суурь бүрдлээ.

Ерөнхий хуулийн хэлэлцүүлгийн явцад, ЕБС-иудад анхдагч суралцах гадаад хэлийг бага ангиас нь заах асуудалд олон нийт хэт төвлөрсөн боловч, Монгол хүнийг хөгжүүлэх боловсролын цогц шинэчлэлтийн өөрчлөлтүүд илүү чухал байлаа🇲🇳

✍️Боловсролын салбарын шинэчлэлийг эхлүүлж, багц хуулийн төслийг хэлэлцэн батлахад, УИХ-ын БСШУСБХ-ны ажлын алба, хуулийн ажлын хэсгийнхний үүрэг оролцоо өндөр байлаа. Эрдэмтэн судлаачид,салбар салбарын төлөөлөлдөө маш их баярлалаа. 🙏💐

Боловсролын багц хууль батлагдсантай холбогдуулан салбарын сайдынхаа хамт хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.

1 Сэтгэгдэл
МСҮТ-ийг төгсөж байгаа хүүхдэд суралцах хугацаандаа хэрэглэх сар бүр олгох 200,000 төгрөгийг сар бүр олгохгүй төгсөхөд нь олгоно гэж байгаа, гэтэл сурлагын дүн харгалзаж өгнө өгөхгүй , бүр нэг хүүхдийн авбал зохих мөнгөнөөс 200-400,000 төгрөг хасч олгоно , НД төлдөггүй нь үнэн гэсэн тодорхойлолт авч ир гэх зэргийн яриа байна, уг нь сар сард нь өгч байвал унааны мөнгө дадлагх ажлын материал бас бус хувийн хэрэглээнд нь их нэмэр болдог байсан , одоо төгсөөд бөөнд нь авна гээд их зүйл төлөвлөж байгаа даа !!! асуулт : Тухайн хүүхдийн сурлагын дүнгээс хамаарч олгоно гэж байх уу ? Сурагч бүрийн авбал зохих мөнгөнөөс ямар тохиолдолд хасах хуультай юм бэ? миний хувьд сонсоогүй л юм яригдаад байна ?!
Хамгийн их уншсан