Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжид өчигдөр бараалхлаа. Уулзалтын үеэр Ерөнхий сайд хоёр улсын хууль тогтоох дээд байгууллагуудын хамтын ажиллагаа нь Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бүх талаар хөгжүүлэх эрхзүйн орчныг бэхжүүлэх, улс төрийн итгэлцэл, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх гол суурь хэмээн онцоллоо. Мөн Монгол Улс авлигатай тэмцэх чиглэлээр БНХАУ-ын хууль хяналтын байгууллагуудтай хамтын ажиллагааны байнгын механизм байгуулах, туршлага судлах, мэдээлэл солилцох чиглэлд хамтран ажиллах сонирхолтой байгааг илэрхийлэв.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд “Чайна энержи" группийн ТУЗ-ийн дарга Лю Гүөюэ болон бусад удирдлагуудтай уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.
Уулзалтын эхэнд, Гашуунсухайт боомт болон БНХАУ-ын Ганцмод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг цаг алдалгүй эхлүүлэх талаар илэн далангүй ярилцлаа.
БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян-тай хийх албан ёсны хэлэлцээний өмнө “Чайна энержи" группийн удирдлагуудтай уулзалт хийж, олон жил яригдсан бүтээн байгуулалтын төслийн талаар санал солилцож, зарчмын тохиролцоонд хүрсэн байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 2022 оны хоёрдугаар сард БНХАУ-д хийсэн ажлын айлчлалын хүрээнд 10 гаруй жил гацаанд орсон Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын цэгийг харилцан тохиролцсон билээ. Өнөөдрийн уулзалтын үеэр Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын хоёр талын хариуцах бүтээн байгуулалтыг 2023 онд багтаан эхлүүлж, 2024 онд ашиглалтад оруулах зорилт дэвшүүлэхээр харилцан тохиролцлоо.
‘Чайна энержи’ группийн ТУЗ-ийн дарга Лю Гүөюэ онцлон тэмдэглэхдээ, тус групп цаашид Монгол Улстай тогтвортой бөгөөд урт хугацааны хамтын ажиллагаа хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа нотоллоо.
“Чайна энержи хөрөнгө оруулалтын групп” ХХК нь БНХАУ-ын нүүрс, эрчим хүч, тээвэр, химийн үйлдвэр зэрэг салбарын цогц үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит эрчим хүчний гол аж ахуйн нэгж юм. Хятадын 31 муж, өөртөө засах орон, хот болон дэлхийд АНУ, Канад зэрэг 10 гаруй улс, бүс нутагт үйл ажиллагаа эрхэлж, дэлхийн хамгийн том нүүрсний үйлдвэрлэгч бөгөөд дулааны, салхины эрчим хүч үйлдвэрлэгч, нүүрснээс нефть гарган авах нүүрс-химийн компани юм. “Чайна энержи" групп нь 2022 онд дэлхийн топ 500 аж ахуйн нэгжийн 85 дугаар байрт эрэмбэлэгджээ.