Баянгол дүүрэг, ХБНГУ-ын Бранденбург мужийн Даме-Шпреевалд хотын Шойнефелд дүүргийн хамтын ажиллагааны хүрээнд тус дүүргийн дэмжлэгээр Улсын гуравдугаар төв эмнэлэгт оношилгоо, эмчилгээний дөрвөн төрлийн тоног төхөөрөмжийг өглөө.
Тодруулбал, УГТЭ-ийн Сэргээн засах эмчилгээний төв болон Эрчимт эмчилгээний нэгдсэн тасаг 12 суваг бүхий зүрхний бичлэгийн аппарат, сэргээн засах эмчилгээний поток, УВЧ, ультразвук зэрэг дөрвөн төрлийн 5 ширхэг оношилгоо, эмчилгээний нэн шаардлагатай тоног төхөөрөмжтэй боллоо.
Улсын гуравдугаар төв эмнэлэгт жилд дунджаар 313 мянган хүн үйлчлүүлдэг. Үүнээс 192.500 гаруй нь хэвтэн эмчлүүлдэг бөгөөд 74 хувь нь Улаанбаатар хотынх, тэр дундаа 35 хувь нь Баянгол дүүргийн иргэд байдаг аж.
Тус эмнэлгийн Сэргээн засах эмчилгээний төвд өдөрт цахилгаан эмчилгээгээр 200 гаруй хүн үйлчлүүлдэг байна. Оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмжтэй болсноор энэ ачаалал буурах юм.