Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ДЭМБ: Омикроны шинэ хувилбар вакцинаар үүсгэгдсэн дархлаанд нөлөөлөхгүй

Улирал солигдох үеэр хүний дархлаа суларч, халдварт өвчин дэгддэг. Энэ жилийн тухайд салхин цэцэг, гар хөл амны өвчин, улаанбурхан, томуугийн дэгдэлттэй зэрэгцэн ковидын Омикрон хувилбарын тархалт эрчимтэй явагдаж байна.

Тухайлбал, ХӨСҮТ-ээс өнгөрсөн долоо хоногт Монгол Улсад Омикроны дэд хувилбар болох "XBB 1.5" хувилбарын 205 шинэ тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээлсэн. Тиймээс олон нийтийн газраар аль болох зорчихгүй байх, амны хаалтаа зүүж, гараа тогтмол угаахыг зөвлөсөн.

Монгол Улсын иргэд ихээр зорчдог Өмнөд Солонгос, АНУ тэргүүтэй орнуудад өнөөдрийн байдлаар ковидын халдвар дахин эрчимтэй тархаж, нас баралтууд бүртгэгдээд байна. ДЭМБ-ын мэдээлснээр дэлхийн хэмжээнд сүүлийн 28 хоногийн хугацаанд ковидын халдвар авсан 2.7 сая тохиолдол шинээр бүртгэгдэж, 17 мянга хүн нас баржээ.

ДЭМБ-ын ахлах тархвар судлаач Мария Ван Керховегийн мэдээлснээр Омикрон дэд хувилбар "XBB 1.5" нь одоогоор илэрсэн хамгийн хурдан тархдаг ковидын хувилбар аж. Гэхдээ мэргэжилтнүүд хүн амын дунд вакцинжуулалтын хувь өндөр байгаа тул уг хувилбар нь дахин дэлхийг хамарсан цар тахал үүсгэх хэмжээний хөнөөл учруулахгүй гэж үзэж байгаа юм. Мөн "XBB 1.5" хувилбар бусад тархсан хувилбаруудтай харьцуулахад илүү хүнд өвчлөл үүсгэхгүй гэх судалгааг хийсэн байна.

Гэхдээ АНУ-ын Небраскагийн Анагаах ухааны их Сургуулийн Халдварт өвчний тэнхимийн эрхлэгч, профессор Марк Руппын мэдээлснээр Омикрон анхны хувилбар үгүй болсон ч илүү халдварлуулах чадвар өндөртэй мутацид орсон хувилбаруудын тархалт явагдаж байгааг анхааруулжээ. Тус улсад хийсэн судалгаагаар шинээр илэрч байгаа нийт халдварын 89 хувийг "XBB 1.5" буюу "кракен" хувилбар эзэлж байгаа бол 5 хувийг "XBB", 4 хувийг "BA 2.75" хувилбар эзэлж байна.

Мөн АНУ-д өдөрт зөвхөн эмнэлэгт авч байгаа нийт шинжилгээний 5.1 хувьд "XBB 1.5" буюу кракен хувилбар илэрч байгаа юм. Мэргэжилтнүүдийн үздэгээр нийт авсан шинжилгээний 5 хувиас дээш тохиолдолд халдвар илэрвэл тухайн халдварын тархалт хяналтаас гарсан гэж үздэг. Өөрөөр хэлбэл, Омикроны шинэ кракен хувилбарын тархалт хяналтаас гараад байгаа аж.

Харин Английн Оксфордын их сургуулийн тахал өвчний судалгааны хүрээлэнгийн ажилтан доктор Эндрю Поллардын хувьд ковидын шинэ хувилбар гарч ирэх болгонд дахин цар тахал үүсгэж болзошгүй гэх айдас бий болгохгүй байхын тулд хянуур хандахыг мэргэжилтнүүдэд уриалсан юм.

Тэгвэл Кракен хувилбар нь шинж тэмдгийн хувьд хамар битүүрэх, ядрах, хоолой өвдөж хуурай ханиах, толгой өвдөх, нус гоожих, халуурч үе мөч өвдөх зэрэг ердийн ханиадтай ижил шинж тэмдэг илэрдэг. Одоогоор кракен хувилбар вакцинаар үүсгэгдсэн дархлааг үр дүнгүй болгодог гэх нотолгоо байхгүй байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан