Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны өнөөдрийн (2023.05.03) хуралдаан 10 цаг 45 минутад 60.0 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэн, шийдвэрлэлээ.
Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Б.Баттөмөр хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы тавдугаар сард Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжлээ.
Байнгын хорооны дарга Б.Баттөмөр, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Б.Баярсайхан нарын гишүүдээс өргөн мэдүүлсэн Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороонд шилжүүлсэн талаар танилцуулга хийж, Байнгын хорооноос байгуулсан Ажлын хэсэг нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан нийт 25 зарчмын зөрүүтэй саналыг төсөлд нэг бүрчлэн нэмж тусган, төслийн эцсийн хувилбарыг бэлтгэсэн талаар танилцууллаа.
Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгт бэлдсэн талаарх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар, Х.Баделхан нар асуулт асууж, хариулт авав.
Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, анх 2018 онд Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын тухай нэртэйгээр хуулийн төслийг эрдэмтэн судлаачидтай хамтран боловсруулж улмаар Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр болон гишүүд манлайлан ажиллаж, өнөөдөр хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж буйг онцлон Байнгын хорооны дарга, гишүүд, ажлын хэсгийн гишүүдэд талархал илэрхийллээ. Тэрбээр,1990 оноос хойш төр, нийгэм, иргэд хоорондын харилцаанд хэм хэмжээ алдагдсан, иймд нийгмээ манлайлах үүрэгтэй төрийн албанаас эхэлж нийгэмд ёс зүйн хэм хэмжээг тогтоох зайлшгүй шаардлага үүссэн гээд ёс зүйн хэм хэмжээ алдагдсан учраас бүх шатанд хулгай луйвар, гэмт хэрэг, зөрчил даамжирч байгаагийн нэг шалтгаан болж буйг дурдав. Иймд ёс зүйн хэм хэмжээг сахиж мөрдүүлснээрээ авлига, хээл хахууль, хүнд суртал, чирэгдэл арилахад дэвшил гарна гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Энэхүү хуулийн дагуу Ёс зүйн зөвлөл байгуулагдах бөгөөд Ёс зүйн зөвлөлийг хараат бусаар ажиллах тухайд дагаж мөрдөх журмын тухай хууль батлах шаардлагатай юу, мөн төрийн өмчит компаниудад энэ хууль хэрхэн хамаарах вэ, Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, хуулийн төсөлд Засгийн газрын дэргэдэх Ёс зүйн хороо гэж тусгагдсөн бөгөөд энэ нь ямар бүтэц, бүрэлдэхүүнтэй байх вэ, орон тооных байх уу, харьяалал нь Ерөнхий сайд эсхүл Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэд байх уу, Төрийн албаны зөвлөлтэй хэрхэн уялдаж ажиллах талаар асуулт асууж, хариулт авав.
Асуултад ажлын хэсгийн гишүүн, Удирдлагын академийн Эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор А.Алтанзул хариулахдаа, Засгийн газрын дэргэдэх Ёс зүйн дэд хороог Засгийн газарт өөрт нь эрх олгохоор хуулийн төсөлд тусгасан. Засгийн газар журам боловсруулж, Ёс зүйн дэд хороог Ерөнхий сайдын дэргэд эсхүл Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэд байх уу гэдгийг өөрийн эрхлэх асуудлын хүрээнд шийдэхээр нээлттэй зохицуулалт хийж өгсөн. Төрийн албаны зөвлөлийн дэргэд Ёс зүйн дэд хороо ажиллаж байгаа. Учир нь Төрийн албаны зөвлөл нь Улсын Их Хурлаас байгуулагддаг, хараат бус байгууллага. Эрх мэдэл хуваарилах, тэнцвэртэй, хяналттай байх үүднээс Ёс зүйн хороог Төрийн албаны зөвлөлийн дэргэд байгуулсан. Энэхүү Ёс зүйн хороо нь Төрийн албаны зөвлөлөөс 5 гишүүн, орон тооны бус 4 гишүүн, нийт 9 гишүүнтэй байгаа нь оролцоог хангасан бөгөөд үүнийг мөн тусгайлан журмаар зохицуулахаар тусгагдсан. Төрийн өмчит хуулийн этгээдүүдийн хувьд хуулийн төслийн 4 дүгээр зүйлд тодорхой зааж өгсөн хэмээн хариулав.
Мөн ажлын хэсгийн гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хүний нөөцийн удирдлагын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Сувдмаа, 2022 оны эцсийн дүн мэдээгээр 225000 орчим төрийн албан хаагч байна. Үүнээс 219 мянга нь Засгийн газрын харьяа байгууллагуудад ажилладаг төрийн албан хаагчид байна. Мөн төрийн өмчит компанид ажиллаж буй 75500 ажилтнуудаас гүйцэтгэх удирдлагын багт хамаарах хүмүүс Засгийн газрын дэргэд байгуулагдах Ёс зүйн хороонд үйл ажиллагаа нь харьяалагдана гэлээ.
Байнгын хорооны дарга Б.Баттөмөр, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгээр санал хурааж дэмжигдсэн төслийн 9 дүгээр зүйлд “Улсын Их Хурал төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийг баталж, мөрдүүлнэ” гэсэн хэсэг нэмэх, төслийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсгийн “Засгийн газар нь” гэснийг “Засгийн газрын дэргэдэх Ёс зүйн дэд хороо нь” гэж, “Ёс зүйн дэд хорооны” гэснийг “энэ хуулийн 13.3-т заасан” гэж өөрчлөх, төслийн 16 дугаар зүйлийн 16.1.4 дэх заалтын “төрийн албанаас” гэсний өмнө “Төрийн албаны тухай хуульд заасны дагуу” гэж нэмэх, төслийн 20 дугаар зүйлийг хасах тухай зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.